Э.ЛХАГВА-ОЧИР: БАРУУНЫ ЖИШИГТ ХҮРСЭН ТОГЛОЛТ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Уншсан 9674 vote 0 2013.01.30 14:48:16
-Саяхан аав болсонд чинь баяр хүргэе. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Оны өмнөхөн охинтой болсон. Охиноо төрөөд удалгүй Итали руу “Golden circus”-т оролцохоор явсан л явсан даа. Тоглолтын үеэр охиноо санаад хурдан л харимаар санагдсан. “Гарчгийг зөв тавивал зохиол сайхан үргэлжилдэг” гэдэг шиг амьдралынхаа эхлэлийг зөв тавих гэж хичээсэн. Одоо би эцэг хүн, хүний хань учраас аливаад нухацтай хандаж, хариуцлагатай байх хэрэгтэй.
-Монголын цирк дэлхийд чансаагаараа тавд жагсдаг. Сая О.Цэцэглэн, Г.Нямгэрэл, та гурав “Golden circus” наадмаас мөнгө, хүрэл медальтай ирлээ. Манай циркчид бусад орныхноос юугаараа илүүрхэж, тэмцээнд амжилттай оролцдог бол?
-Монголчууд маш хөдөлмөрч. Харин гадаадынхан “Би үүнийг амьдралдаа хэзээ ч хийж чадахгүй юм байна” гэж шантардаг. Манайхны бэлтгэл их хатуу. Дасгалжуулагч нар жүжигчинтэйгээ их ажилладаг. Жүжигчид өвдсөн ч шүдээ зуугаад бэлтгэлээ хийдэг. Мөн монгол уран нугаралтад ардын дуу хөгжим, бүжиг гээд язгуур урлаг маань шингэсэн байдаг болохоор бусдаас ялгарч чаддаг болов уу.
-Таныг Монголын дөрөв дэх эрэгтэй нугараач гэсэн. Монголд яагаад эрэгтэй нугараач ховор байдаг юм бэ?
- Миний багш ардын жүжигчин, төрийн шагналт Т.Цэнд-Аюуш гэж мундаг хүн байсан. Т.Цэнд-Аюуш багш Т.Буд, н.Одгэрэл гэж гарын шавьтай байсан. Би отгон шавь нь. 2004 оны “Монте Карло” наадамд багш намайг бэлтгээд, тэр жилдээ өөд болсон болохоор би багшийнхаа хамгийн сүүлийн “уран бүтээл”. Миний мэдэхээр Монголд зургаан эрэгтэй нугараач бий. Эмэгтэй хүний бие эрэгтэй хүнийхээс илүү уян налархай байдаг. Эрэгтэйчүүд булчинлаг учраас нугарахын тулд эмэгтэйчүүдээс гурав дахин их бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй болдог. Хэр баргийн хүн чаддаггүй, дундаас нь шантардаг.
-Багшийнхаа тухай гэгээн дурсамжаас хуваалцаач?
-Циркийн шинэ уран бүтээлийг манай багш хянаж, шалгаад өлгийддөг байлаа. Бусад багш шиг гар хүрдэггүй, шавь нараа сэтгэхүй, тархиар нь удирдана. Багшийн үг хэл, харцнаас хүмүүс эмээнэ. Намайг “Чи боль, боль. Чадахгүй юм байна. Дараагийн хүүхэд хийчихнэ” гэж шар малтаж, хурцлахад нь уйлаад л дасгалаа хийдэг байлаа. Нэг удаа дасгалын төмрөөс бариад гар дээрээ гурван минут зогсож байтал гар салгалаад хэцүүдсэн. Багш миний нэг гарыг толгой дээрээ тавьчихсан. Настай хүний тэргүүн дээр гараа тавьчихаад салгалаад байвал эвгүй учраас хөдөлгөхгүйг их хичээсэн. Тэгэхэд багш “Миний шавь сайн жүжигчин болно оо” гэж магтсан юм. Мундаг хүнээс урмын үг сонсоод баярласандаа гараа цуцаж байгааг ч мартаж билээ.
-Тэгвэл өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаасаа ярихгүй юу?
-14 настайдаа “Монте Карло” наадамд оролцохоор багштайгаа Франц руу онгоцоор нисэж байлаа. Намайг кофе уух гэхэд багш хориглодог юм. Багшийг зүүрмэглэж байх зуур кофе захиалаад ууж байтал багш сэрчихэв ээ. “Наад ууж байгаа чинь юу юм бэ?” гэхээр нь айсандаа цай гээд худлаа хэлчихсэн. Багш үнэртээд мэдэлгүй яах вэ. Суудлын хоорондох нарийхан зайд гар дээр зогсоож шийтгэсэн. Онгоц газардах үед тэнцвэрээ алдан пид хийтэл савж унахад, зорчигчид үзүүлбэр үзүүлж байна гэж бодоод алга ташиж билээ.
-Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг. Таны бодлоор хүн даруухан байх хэрэгтэй юү, эсвэл нээлттэй байж, өөрийгөө таниулж байх ёстой юм болов уу?
-Хэн нэгнийг дуурайлгүй, ганц олдох амьдралдаа өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Гэхдээ ярьж байгаагаа цэнэж, хүмүүстэй нээлттэй харьцах нь амар. Чи дэлхий дээр цорын ганц хувь. Чи л өөрийгөө тодотгохгүй бол өөр хэн ч чамайг тодотгохгүй.
-Циркийн урлагийг их эрсдэлтэй гэдэг. Бэртэж гэмтэж байсан уу?
-Бэртэх вий гэхээс айдаг. Биеийн хөдөлмөрөөр хоолоо олж иддэг бид нар шиг хүмүүс бэртвэл ажилгүй болно. Би бэлтгэлийн үеэр гараа хугалж, хөлний ясаа цуулж, нуруундаа юм оруулж байсан. Тоглолт дээр бага зэргийн алдаа гаргаж байсан ч бэртэж байгаагүй. Хэрвээ алдвал алдаагүй юм шиг л үргэлжлүүлэх хэрэгтэй. Нугараачийн чадвар иймэрхүү зүйлээс харагдана.
- Та “To be or not to be” шоунд оролцож байсан. Мөн “Тэнгэр” түүхэн кинонд тоглосон. Тайз, дэлгэцийн урлагт хүч үзэхээр шийдэв үү?
-Жүжигчин болохыг багаасаа мөрөөддөг байсан. Мөрөөдлөө биелүүлэхээр Сити дээд сургуулийн кино драмын гуравдугаар курсэд сурч байгаа. Анх удаа тоглосон киноныхоо зураг авалтын туршид бусад уран бүтээлчдээс суралцаж, кино гэдэг ийм аугаа урлаг юм байна, арын албаны ажил тийм хэцүү байдаг юм байна гэсэн анхны мэдэгдэхүүнтэй болсон.
-Нугарах залуу насны ажил гэдэг. Нугарахаа болих үедээ жүжигчний мэргэжлээр ажиллана гэж ойлгож болох уу?
-Би циркээр хүмүүжиж, түүгээр дамжин урлаг гэдэг их айлд хөл тавьсан. Тиймээс циркээ хэзээ ч орхихгүй. Тэтгэвэртээ гарах цагт багш, дасгалжуулагч болно. Харин сургуулиа төгссөний дараа өөрийн гэсэн бие даасан тоглолтоо найруулна гэж боддог. Өөрөөр хэлбэл, дуу, бүжиг, драм, уран нугаралт бүгдийг нь базаж, барууны жишигт хүрсэн шинэлэг тоглолт хийхийг зорьж байгаа.
-Гадаадын циркчид аливаа тоглолтод эмчтэйгээ явдаг юм билээ. Манайхны хангамж хэр сайн байдаг бол?
-Өөр орны циркчдийг эмч, сэтгэлзүйч, массажист, техникч, орчуулагч, менежер дагалдан явж, сайн үзүүлбэр үзүүлэхэд дэмжиж, аль болох тав тухыг нь хангадаг. Харин бид бор зүрхээрээ л болгодог доо. Тоглолтод оролцохын өмнө сандрах үед тайвшруулах хүн байхгүй, бие эвгүйтвэл тэвчээд л өнгөрүүлнэ. Монголд мундаг циркчин олон бий. Бүгд гадагшаа гараад дууслаа. Тэд амьдралаа бодоод гаднын иргэншилтэй болдог.
-Тэгвэл танд гадаадаас ажлын санал ирдэг үү? Хаана ажиллахыг илүүд үзэж байна?
-Монголдоо ч, гадаадад ч ажиллахыг бодож байна. Угаасаа циркчид чемоданаа үүрээд, аялан тоглож явдаг хүмүүс. Циркчдийн махаа идэн байж сурсан тэр их хөдөлмөрийг Монголд үнэлдэггүй. Цалин хөлс ч бага. Харин гадаадад ажиллавал хүмүүс ч их үздэг тул хөдөлмөрийн үр шимээ хүртэнэ. Мөн Монголынхоо нэрийг олон улсад сурталчлах давуу талтай.
-Манай циркчид гадаадад нэр хүндтэй байдаг ч Монголд үнэлэмж багатай санагддаг. Монголчууд яагаад цирк үзэх нь багассан юм бэ?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө ДБЭТ, ҮДБЭЧ тоглолт ч хийдэггүй, хүн ч үздэггүй уналтад ороод байсан. Ойрын жилүүдээс л эргэн сэргэж байгаа. Одоо циркийн ээлж ирсэн гэж бодож байна. Бид олуулаа байхдаа хүчтэй гэж ярьдаг шүү дээ. Циркийг хувьчилснаас хойш атгасан гар шиг нэгдмэл байхаа больж, олон тийш тарж, бутарлаа. Мөн шинэ боловсон хүчин дутагдаж байгаа.
-Тэгвэл циркийн урлагийг дахин сэргээхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Дээр үед чадвартай найруулагч, жүжигчдийг гадаадад сургуульд явуулж, тэд Монголдоо ирж сурсан мэдсэнээ заадаг байсан. Одоо гадаадад мэргэжилтнээ бэлтгэхгүй болохоор цирк хөгжихгүй байна. Циркийн хөгжил сургалтаас л эхэлнэ. Хүүхэд багачуудыг циркийн урлагт дурлуулах хэрэгтэй. Ингэхийн тулд циркийг сурталчилж, төр засгаас дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Хангамж муутай болохоор эцэг эхчүүд хүүхдүүдээ циркээр хичээллүүлэх дургүй болсон. Манай циркчид олон улсын том тэмцээнд амжилт үзүүлсэн ч спортынхон шиг тэтгэмж, урамшуулал авдаггүй. Циркийн урлаг ч бас спорт шиг хэцүү шүү дээ. Адилхан л булчин шөрмөс зангирдаг, хүнд дасгал сургуулилт хийж, шаргуу хөдөлмөрлөдөг. Мөн циркийнхний гадаадад хийх тоглолтын хөтөлбөрийг шалгаж, ямар түвшинд үзүүлбэрээ хийж байгааг шүүх хэрэгтэй. Яагаад гэвэл олон улсад тэр жүжигчдийн нэртэй хамт Монгол Улсын нэр дуудагдана.
mmmmmmmmmm
Global dentel clinic
2013.02.01 12:34:07
*.209.198.210
mmmmmmmm