Монголын
буудлага спортын холбоо (МБСХ)-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Кувейт улсад
болсон Азийн буудлага спортын холбоо (ASF)-ны Гүйцэтгэх хорооны хуралд
оролцов. Тэрбээр 2012 онд Гуанжоу хотноо хуралдсан ASF-ийн хурлаар
Тивийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм.
Азийн буудлага спортын холбооны Ерөнхийлөгч Шейх Салман Аль Сабах хурлыг удирдаж, өнгөрсөн жилийн тайлан, салбар комиссын ажлын илтгэл, “Лондон- 2012” олимпийн наадамд Азийн тамирчдын үзүүлсэн амжилт, Иран, Хятадад байгуулсан буудлагын академийн үйл ажиллагаа, холбооноос зохион байгуулсан сургалт, семинарууд, энэ жил зохиогдох наадам, бусад тэмцээн, цаашдын зорилт зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэв.
Ази тивийн мэргэн буучид “Афин-2004” олимпийн наадмаас 12, “Бээжин-2008”-аас 16 медаль хүртэж байсан бол “Лондон-2012” наадамд нийт 20 медалийн эзнээр тодорч, амжилт улам ахиж буйг сайшаан тэмдэглэв. Монголын буудлага спортын холбооны Ерөнхийлөгч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, тус холбооны ерөнхийлөгч, олон улсын буудлага спортын холбоо (ISSF)-ны дэд ерөнхийлөгч Шейх Салман Аль Сабахтай уулзаж, Кувейтийн Засгийн газрын тусламжаар Улаанбаатар хотоос 5 км зайтай Алдар толгойн орчимд баригдах Буудлага спортын төвийн зураг төслийг өргөн барьж, хоёр тал санхүүжилтийг зохицуулах асуудлаар санал солилцов. Шейх Салман нь саяхан Кувейтийн Мэдээлэл, спорт, залуучуудын сайдаар тохоон томилогдсон бөгөөд энэ хавар шав тавихаар төлөвлөж буй уг төвийг аль болохоор хурдан хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө өөрийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийнэ гэдгээ илэрхийллээ.
Одоогийн буудлага спортын төв нь хуучин Бүгд найрамдах Ардчилсан Герман Улсын буцалтгүй тусламжаар 50 гаруй жилийн өмнө баригдсан бөгөөд мэргэн буудагч Д.Мөнхбаяр “Барселона-1992”, О.Гүндэгмаа “Бээжин-2008” олимпийн гар бууны төрлөөр хүрэл, мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.
mmmmmmmmm