Энэ жил олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа, ОУХМ Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд нарын шилдгүүд гэмтлийн улмаас оролцож чадаагүй. Гэхдээ дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, “Лондон-2012”-ын хүрэл медальт С.Ням-Очир нарын сайчууд зодоглон, үзэгч олноо баясгалаа. УАШТ-ий тоймыг жин бүрээр хүргэе. Өчигдөр багийн анхдугаар УАШТ болсон юм.
УАШТ-ий дүн
Эрэгтэй
60 кг (54 тамирчин): 1.Ч.Болдбаатар (Женко) 2.Д.Амартүвшин (Хилчин) 3.Г.Хэрлэн (Женко) 3.Г.Болдбаатар (Хангарьд)
Лондоны олимпийн эрхийн бүст багтсан ОУХМ Ч.Болдбаатар хоёр жил дараалан улсын аварга цол хүртлээ. Түүний амьдай, мөн л олимпийн эрхийн болзлоо биелүүлж байсан Г.Болдбаатар шөвгийн наймд Д.Амартүвшинд ялагдсан бөгөөд цааш явсаар хүрлийн болзол хангалаа. Оны өмнөхөн Чиндаогийн гранприд түрүүлсэн залуу тамирчин Г.Хэрлэн аварга болсон Ч.Болдбаатарт дунд шөвөгт ялагдаад дараагийн хоёр учраагаа буулгаж аван медалийн тавцанд зогсов. Энэ жинд хамгийн олон буюу 54 тамирчин зодогложээ.
66 кг (42): 1.Б.Хишигбаяр (Женко) 2.А.Батсуурь (Алдар) 3.Д.Төмөрхүлэг (Сүлд) 3.Д.Алтансүх (Хангарьд) Өнгөрсөн жил Хишигбаяр, Батсуурь нар финалдахад залуу тамирчин Батсуурь хожиж, анх удаа улсын аварга болсон. Энэ жил тэд дахин шигшээд үлдсэн ч Батсуурь хөлний гэмтлийн улмаас дэвжээнд гарсангүй. Харин олимпийн наадамд зодоглосон Д.Төмөрхүлэг хагас шигшээд Батсуурьт хожигдоод хүрлийн төлөө байлдааны самбын дэлхийн аварга Дамланпүрэвийг буулгаж авлаа.
73 кг (36): 1.Х.Цагаанбаатар (Сүлд) 2.Д.Дөлгөөн (Хангарьд) 3.С.Мияарагчаа (Хүч) 3.Ц.Нарантогтох (Женко) Энэ жилийн УАШТ-ий гол өрсөлдөөн энэ жинд өрнөсөн.
66 кг-д Монгол төдийгүй дэлхийд дээгүүр өрсөлддөгч Цагаанбаатар, С.Мияарагчаа нар жин өгссөн бол олимпийн наадмын хүрэл медальт С.Ням-Очир үндсэн жиндээ зодоглосноор тэдний хооронд ширүүхэн тэмцэл өрнөхөөр боллоо. Тэднээс гадна 2011 оны улсын аварга Г.Одбаяр, 2008 оны спартакиадад 19 настайдаа түрүүлж байсан Д.Дөлгөөн зэрэг шилдгүүд энэ жинд чихэлдэж байлаа. Сугалаа татахад Цагаанбаатар, С.Ням-Очир гэсэн олимпийн медальт хоёр шилдэг бөх хоёрын даваанд таарахаар болов. Тэд ч эхний учраагаа хялбархан давж, өөр хоорондоо үзэлцсэн. Хоорондын барилдаанд С.Ням-Очир бяраар илүүрхэж байв. Жингийнхэн дундаа тун бяртайд тооцогддог тэрбээр доод жингийнхээ бөхөд бяралхахаас аргагүй. Гэхдээ хоёр бөх үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ салгаж чадсангүй. Ням-Очирын нэг мэхэнд дэвжээний шүүгч вазари заасан ч ерөнхий шүүгч нягталж үзээд хэрэгсэхгүй болгосон юм.
Харин нэмэлт цагт Цагаанаа тохох мэхийг даацтай хийж, хүчтэй өрсөлдөгчөө цэвэр буулгалаа. Тэрбээр цааш явсаар
хагас шигшээд өөрийн мөнхийн өрсөлдөгч С.Мияарагчаатай таарсан. Энэ
удаад ч Цагаанаа нэмэлт цагт тохох мэхээр ялалтын оноо авсан юм. Улмаар
финалд Дөлгөөнийг даралтаар цэвэр ялж, УАШТ-д найм дахь удаагаа түрүүлж
байна. Тэрбээр 2003 онд анх 60 кг-д алтан медаль хүртэж байсан билээ.
Өнгөрсөн жил мөн 73 кг-д аваргалсан билээ. Сонирхуулахад нэг хүрэл
медалийг авсан Ц.Нарантогтох эмэгтэйчүүдийн 70 кг-ын босоо бөх
Ц.Наранжаргалын ихэр юм. Тэрбээр өнгөрсөн жил мөн хүрэл медаль авч
байлаа.
81 кг (25): 1.О.Ууганбаатар (Сүлд) 2.Г.Алтанбагана (Женко) 3.Г.Түвшинжаргал (Хилчин) 3.Н.Дагвасүрэн (Хүч)
УАШТ-ээс дөрвөн хүрэл медаль авсны эцэст өнгөрсөн жил спартакиадад анх удаа түрүүлсэн О.Ууганбаатар энэ удаа аваргаа хамгаалж чадлаа. Ноднин хүрлийн төлөө өрсөлдөөд бараагүй залуу тамирчин Г.Алтанбагана түүнтэй аваргын төлөө барилдсан юм. Харин энэ жингийн шилдгүүдийн нэг Г.Түвшинжаргал хагас шигшээд түүнд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаас аргагүй болсон юм. Тэмцээнийг зохион байгуулагчид О.Ууганбаатарыг шилдэг эрэгтэй тамирчнаар тодруулжээ.
90 кг (21): 1.Г.Дашдаваа (Хилчин) 2.Б.Жанчивдорж (Хүч) 3.Р.Анхбаатар (Сүлд) 3.Д.Бат-Эрдэнэ (Эрч)
Ахмад тамирчин Г.Дашдаваа дөрвөн өөр жинд улсын аварга цол хүртэж, нэгэн өвөрмөц амжилт тогтоолоо. Энэ нь түүний долоо дахь түрүү юм. Гэхдээ энэ алтан медаль амар хялбар ирээгүй. Шигшээд тэр өнгөрсөн жилийн аварга Б.Жанчивдоржид юүкогоор хожигдож яваад цаг дуусахаас арваадхан секундын өмнө шийдсэн мэхээр вазари авсан юм. Улмаар тэр байдлаас үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялалт байгуулав. Сонирхолтой нь энэ өдөр Дашдаваагийн 32 насны төрсөн өдөр тохиосон байна. Залуу тамирчин Д.Бат-Эрдэнэ УАШТ-ээс анхны медалиа авсан байна.
-100 кг (17): 1.Д.Анар (Аврагч) 2.Э.Энхбат (Хангарьд) 3.Б.Тэмүүлэн (Женко) 3.Ш.Алтангэрэл (Хилчин)
Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглоогүй ч энэ жингийн өрс өлдөөн ширүүн байлаа. 90 кг-ын шилдэг бөх Э.Энхбат жин өгссөн нь өрсөлдөөнийг хурцалсан юм. Тэрбээр өнгөрсөн жил мөн энэ жинд финалдаад 19 настай залуу тамирчин Д.Анарт цэвэр ялагдан багахан дуулиан дэгдээсэн. Тэгвэл өнөө жил хоёр бөх финалд дахин учирлаа. Энэ удаа Энхбат хариугаа авна гэж олонх бодсон ч хоёр бөх үндсэн болон нэмэлт цагт хэн хэнээсээ үнэлгээ салгаж чадсангүй. Ингээд гурван шүүгчийн саналаар ялагчийг тодруулахад Д.Анар илүүрхлээ. Олимпийн аваргын гол өрсөлдөгч Б.Тэмүүлэн хагас шигшээд Энхбатад дийлдсэн юм. Энхбатын хувьд цаашид энэ жинд барилдах бололтой. Тэгэхээр -100 кг Н.Түвшинбаяр. Э.Энхбат, Б.Тэмүүлэн, Д.Анар гэсэн хэн нь ч хэнийгээ хожиж мэдэх тэнцүүхэн өрсөлдөгчидтэй болж байна.
+100 кг (20): 1.Н.Батсуурь (Сүлд) 2.А.Давааням (Аврагч) 3.Э.Энхтөр (Хүч) 3.Х.Мөнхбаатар (Сүлд)
Өнгөрсөн жил Б.Тэмүүлэнд дийлдэн хүрэл медаль дээр буусан Н.Батсуурь энэ удаа хийгүй барилдсаар түрүүлэв. Энэ жингийн шилдгүүдийн нэг Б.Сугаржаргал гурван жил дараалан түүнтэй эрт таарч, тухай бүрт нь хожигдож байна. Сугаржаргал хүрлийн төлөө Э.Энхтөртэй таарч, үнэлгээ салгаж чадалгүй байсаар торгуулиар ялагдсан юм.
Багийн дүн 1.Ө.Рагчаадорж дасгалжуулагчтай “Сүлд” спорт хороо 3 алт, 3 хүрэл 2.Г.Энхбаяр дасгалжуулагчтай “Женко” клуб 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл 3.Д.Пүрэвсүрэн, Р.Лувсанпүрэв дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 1 алт, 1 мөнгө
Эмэгтэй
48 кг (19): 1.Г.Отгонцэцэг (Хилчин) 2.Г.Саранзаяа (Женко) 3.Б.Алтанцэцэг (Хан-Уул) 3.Э.Базаррагчаа (Женко)
Өнгөрсөн жил спартакиадаас мөнгө, хүрэл медаль хүртсэн Г.Саранзаяа, Г.Отгонцэцэг нар энэ удаа финалдаж, Г.Отгонцэцэг нь илүүрхлээ. Ингэснээр тэрбээр анх удаа улсын аварга болж байна.
52 кг (7): 1.Б.Бат-Эрдэнэ (Аврагч) 2.М.Уранцэцэг (Женко) 3.Ч.Аззаяа (Хилчин) 3.А.Цолмон (Женко)
Энэ жинд цөөхөн бөх барилдсан ч учраа бүхэн чанга байв. Тухайлбал, олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон М.Уранцэцэг, Азийн наадмын хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, ноднингийн улсын аварга А.Цолмон, УАШТ-ий медальт Ч.Аззаяа нарын сайнчууд зодоглосон юм. Шигшээ барилдаан тун сонирхолтой болсон бөгөөд Бат-Эрдэнэ вазаригаар хожигдож яваад тэнц үүлж, улмаар даралтаар цэвэр ялснаар улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртэв. Тэрбээр 2008, 2010 онд алтан медаль хүртэж байлаа.
57 кг (17): 1.Д.Сумъяа (Хилчин) 2.А.Сарангуа (Алдар) 3.А.Батзул (Женко) 3.Б.Нарантуяа (Хүч)
Олимпийн наадамд эх орноо төлөөлөн зодоглосон Д.Сумъяа учраа бүрээ илүүрхэн хожиж, улсын аварга цолыг хоёр дахь удаагаа хүртлээ. Тэрбээр энэ амжилтаараа УАШТ-ий шилдэг эмэгтэй жүдоч болсон юм.
63 кг (13): 1.Ц.Цэрэннадмид (Хүч) 2.М.Нямжаргал (Женко) 3.Т.Мөнгөнтуяа (Шонхор), 3.Т.Баттөгс (Хүч)
Улсын заан Д.Цэнд-Аюушийн охин Цэрэннадмид сүүлийн гурван жил дараалан улсын аварга болж байна. Хагас шигшээд түүнтэй өрсөлдсөн Т.Баттөгс хөл авах мэх хийснээс болж торгуулиар ялагдал амссан юм. Цэрэннадмид финалд ноднингийн үзүүр бөх Нямжаргалыг ачих мэхээр цэвэр орхисон. Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, 17 настай залуу тамирчин Б.Мөнгөнчимэг хүрлийн төлөө хашир туршлагатай Баттөгсөд дийлдсэн юм.
70 кг (14): 1.Ц.Наранжаргал (Женко) 2.Ц.Цэрэнханд (Алдар) 3.О.Мөнхцэцэг (СХД) 3.Э.Аззаяа (Хүч)
Ц.Наранжаргал улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртэж байна. Харин өнгөрсөн жил 78 кг-д түрүүлсэн Цэрэнханд энэ удаа түүнд дийлдэн мөнгө авсан юм.
-78 кг (6): 1.Б.Мөнхтуяа (Аврагч) 2.М.Сугар (Алдар) 3.Т.Баасанжав (Женко) 3.Н.Нямтуяа (Аврагч)
Сүүлийн гурван жил дараалан дэд аварга болсон Б.Мөнхтуяа энэ удаа алтан медаль хүртэж чадав. Тэрбээр шигшээд Сугарыг даралтаар цэвэр хожсон юм.
+78 кг (11): 1.Г.Энхриймаа (Хүч) 2.О.Жавзмаа (Хилчин) 3.Г.Гантогос (Аврагч) 3.Л.Баярмаа (Боржин төв)
Ахмад тамирчин Баасанжав өөрөөсөө 20 гаруй насаар дүү Жавзмааг хожиж, хүрэл медаль авсан нь энэ жингийн онцлох барилдааны нэг байлаа.
Багийн дүн 1.Д.Пүрэвсүрэн, Р.Лувсанпүрэв дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл 2.Баатарболд, Ц.Очирбат дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо 2 алт, 2 хүрэл 3.Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб 1 алт