Монгол тамирчин анх удаа шандас сорьж буй Дакар ралли эхэллээ
Уншсан 11007 vote 0 2013.01.07 16:25:43Тодорхой заасан 13 км зайд үзүүлсэн хурдаар тамирчдын амжилтыг дүгнэхэд Чилийн Ф.Лопес 39:15 минутын амжилтаар тэргүүлсэн байна. “175” дугаартай уралдсан ОУХМ Д.Болдбаатар лидерээс долоон минут хоцрон 53-р байр эзэлсэн бол “174” дугаартай Н.Лхамаа 10 минутын алдагдалтайгаар 79-р байр эзэлсэн байна. Сүүлийн байр эзэлсэн уралдаанч зургаан цаг, 40 минут хоцрон барианд оржээ. Манай тамирчин Н.Лхамаа Францын багаас 31 мянган еврогоор мотоцикль түрээслэн уралдаанд орж буй.
Харин түүний мотоцикль хуучин мотортой байсан тул уралдахад хүнд байсан гэнэ. Тэрбээр эхний гарааны дараа “Ийм мотоцикльтой тэргүүн байрын төлөө өрсөлдөнө гэхэд хэцүү юм. Гараа болгонд замаа дуусгахын төлөө л уралдах болж байна” хэмээн ярьжээ. Авто спортын олимп хэмээн нэрлэгддэг Дакарт монгол тамирчин шандас сорьж буй нь Монголын спортын түүхэнд үлдэх чухал үйл явдал болж байна.
Тодорхой шалгуурыг хангасан тамирчинд зохион байгуулагчид оролцох зөвшөөрөл өгдөг бөгөөд энэ жил Д.Болдбаатар, Н.Лхамаа нар дээрх шалгуурыг хангаж чадсан юм. Гэхдээ эрх авлаа ч гэсэн зардал мөнгөний асуудал хүндрэлтэй байдаг. Мотоциклийн төрөлд уралдаж буй манай нэг тамирчин л гэхэд ойролцоогоор 110 сая төгрөг зарцуулсан тооцоо гарсан билээ.