Бичлэгийн тоо 3,329
Монгол
Улсын БОНХЯ, БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яам хамтран ажиллах
санамж бичигт уржигдар гарын үсэг зурлаа. БОНХ-ийн дэд сайд Б.Тулга
“Дэлхий дахинд байгаль орчны асуудал эн тэргүүнд яригдаж байгаа цаг үед
өмнөд хөрштэйгээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах
энэхүү санамж бичигт тусгасан бүхэн удахгүй бүтээлч ажил болно гэдэгт
найдаж байна” гэжээ.
Харин БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны дэд сайд Ли Ганжи “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр манай улсын Засгийн газраас шинэ үзэл баримтлалын хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа. Бидний хамтын ажиллагааны чиглэл өргөн хүрээнд нэг шугаманд байгаа учраас амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ хэмээн БОНХЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсээс мэдээлэв.
Хоёр улс экологи, биологийн олон янз байдлын хамгаалал, шар шороон шуурга болон цөлжилтийн мониторинг, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хот суурин газар, хөдөөгийн байгаль орчны менежмент, хил дамнасан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагаа, санхүүжилт, үйлдвэрлэлийг дэмжих талаар хамтран ажиллахаар тохиролцжээ. Мөн экологийн боловсролыг дэмжих, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчны менежментийн хүрээнд чадавхийг бэхжүүлэх, байгаль хамгаалах асуудлаар олон улсын тавцанд талууд хоорондын байр суурийг уялдуулах зэрэг чиглэл багтсан байна.