Ойндоо
хүрээд сар ч болоогүй Ч.Сайханбилэг, М.Сайнбилэг хэмээх ихэр хүүгийн
нэг нь хүнд өвдөж, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай
болсон тухай мэдээлэл зарим цахим хуудас болон Facebook- т тавигджээ. Уг
мэдээллийн дагуу Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр ихрүүдийн аав Б.Мягмар болон нагац
эгч Ө.Энхтуяа нарыг өрөөндөө хүлээн авч уулзав.
Ч.Сайханбилэг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга болон үүрэн телефоны дөрвөн оператор компанийн удирдлагуудад хүсэлт тавьсны үр дүнд 159700 тусгай дугаар ашиглан иргэдээс хандив цуглуулах боломж бүрдүүлжээ. Тиймээс хүүд туслахыг хүссэн иргэд аль ч оператороос мессеж илгээж болох аж. Түүнчлэн шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцож буй урлагийнхан болон бэлэг худалдаалж буй дэлгүүр, байгууллагуудыг орлогынхоо тодорхой хувийг хүүгийн эмчилгээнд хандив болгохыг тэрбээр уриалав. Мөн тэрбээр таван сая төгрөгийн цалингийн зээл авснаа хүүгийн эмчилгээнд хандив болгон өгсөн юм.
М.Сайханбилэг хүү 45 хоногтойдоо цөсний төрөлхийн битүүрэлтэй хэмээн
оношлогдож, 55 хоногтойдоо хагалгаанд оржээ. Гэсэн ч цөсний битүүрлээс
болоод элэгнийх нь үйл ажиллагаа доголдож, хатуурч эхэлсэн гэнэ.
Өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хагалгаанд ороод тус болоогүй тул
ийнхүү элэг шилжүүлэн суулгахаас аргагүй болсон тухай хүүгийн аав
Б.Мягмар нулимс дуслуулан ярьж байна. Хагалгааг БНСУ-д 150 сая төгрөгөөр
хийлгэх бөгөөд аав нь донор болох аж.