Өглөөний цайгаа шинэхэн сонины мэдээ мэдээллээр “амталж”, гэрээсээ гаралгүйгээр онлайнаар хүссэн бараагаа захиалан авч, бас ойр зуурын хүнсний хэрэглээний зүйлсээ утас цохин авчруулах боломжтой болжээ. Өглөө эрт шинэ сонин унших байтугай үүдээ нээсэн дэлгүүр ч нийслэлд цөөхөн байдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл цаг зав хэмнэсэн, амар хялбар, ухаалаг үйлчилгээг “The morning post” шуудангийн компани нэвтрүүлж эхлээд яг нэг жилийн нүүр үзээд байна. Тус компанийнхан айл өрх бүрийг шуудангийн хайрцагтай болгохоор зорьж, тэгснээрээ дээрх боломжийг иргэдэд бүрдүүлж өгч байгаа юм.
Орцонд тань шуудангийн хайрцаг байрлуулж, тантай гэрээ хийхэд тэр бүү хэл ийм үйлчилгээ үзүүлж байгаагийнхаа төлөө тэд танаас нэмэлт төлбөр авахгүй. Өөрөөр хэлбэл, та “Өнөөдөр” сониныг өмнө нь шуудангийн салбарт очиж 20.900 төгрөгөөр захиалаад өдөр бүр очиж авдаг байсан бол одоо илүү ч үгүй, дутуу ч үгүй яг ийм мөнгө төлөөд шуудангийн хайрцгаараа хэвлэлээ авч болно. Мөн дээр дурдсанчлан онлайн захиалга, шинэ ном, ойр зуурын хүнсний хэрэгцээний зүйлээ хүлээн авах боломжтой.
Оройн цагаар хүүхэд тань “Маргааш өглөө багш баримлын шавар, тийм ч хичээлийн хэрэгсэл авчир гэсэн” хэмээн хэлдэг үү. Бичиг хэргийн дэлгүүр хаалттай тул ямар ч арга байхгүй л дээ. Тэгвэл “The morning post” руу утас цохиод л асуудал тань шийдэгдэнэ. Тэр ч байтугай шуудангийн хайрцаг тавьснаар төр болон олон нийтийн байгууллагуудын иргэдтэйгээ харилцах арга хэрэгслийн орон зайг нөхөх бололцоо байхыг үгүйсгэхгүй. Цэрэг цагдаа, хууль хяналт, засаг захиргааны байгууллагууд зөвхөн хүлээн авагчаас хамааралтай сувгаар иргэдтэй харилцдаг. Нэгдсэн хаягжилт, айл өрх, албан байгууллагын шуудангийн хайрцаг байхгүйгээс аливаа зар мэдээ, мэдэгдлээ хүргэж чадахгүй маш их хугацаа алддаг шүү дээ. Тэгвэл зөвхөн захидал, илгээмж, хэвлэлийн бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй өдөр тутмын санхүүгийн бүх үйлчилгээ, тухайлбал, банкны нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, байр орон сууцны гэрэл цахилгаан, халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөрийн нэхэмжлэх, хүүхдийнхээ сурлагын дүнгийн хуудас, замын цагдаагийн торгуулийн нэхэмжлэх, хороо дүүргийн янз бүрийн зарлал гээд төр иргэддээ хүрэх хамгийн энгийн бөгөөд амин чухал гүүр нь энэхүү шуудангийн хайрцаг болохыг үгүй гэх газаргүй.
“The morning post” шуудангийн компанийнхан Хан-Уул дүүргийн орон сууцны хорооллын айлуудыг хайрцагжуулж дуусаад бусад дүүрэг рүү хэдийнэ ороод эхэлсэн байна. Ийм үйлчилгээний эрэлт хэрэгцээ орон сууцны айлуудаар тогтохгүй албан газруудыг ч хамарч эхэлжээ. Байгуулагдаад ганцхан жил болж байгаа гэхэд 5000 айлыг шуудангийн хайрцагтай болгож, 80 гаруй албан байгууллагад хайрцаг болон хаягаар нь хүргэлт, хэвлэлийн захиалга бусад үйлчилгээг нэвтрүүлсэн амжилттайгаар тус компани шинэ оноо угтах гэж байна. Мөн тэр болгон номын дэлгүүр зорих цаг зав муутай, нийслэлээс зайдуу байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаг хүмүүст зориулаад тухайн байгууллагуудад очиж хамгийн сүүлийн үеийн 2000-3000 номын фондтой, 10 мянга гаруй номын каталогтой үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь олны талархлыг ихэд хүлээжээ.
Хамгийн
сүүлийн үеийн номыг шуудангийн хайрцагтай айлууд захиалан авах
боломжийг бүрдүүлсэн гэж дээр өгүүлсэн. Түүнчлэн нялх хүүхэдтэй
эмэгтэйчүүд, эсвэл гэрээсээ гарч чаддаггүй настай, эсвэл өвчтэй хүмүүст
зориулж ойр зуурын хүнсний бараа бүтээгдэхүүнийг захиалгаар шуудангийн
хайрцгаар нь хүргүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр эхний ээлжинд гурав,
дөрвөн газар туршилтын журмаар бараа бүтээгдэхүүний хүргэлтийн
үйлчилгээг амжилттай хийж эхлээд байгаа юм байна. Хэрэглэгчид “Ургах
нартай уралдана” уриатай энэхүү ухаалаг үйлчилгээнд тун ам сайтай байгаа
дуулдана. Албан газрууд ч хэдийнэ захиалга өгч эхэлсэн бөгөөд
маркетингийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлээд байгаа аж.
Шуудангийн хайрцгаар дамжуулан байгууллагууд маркетингийн сурталчилгаа явуулах зардлаа бууруулах боломж байгаа юм. Телевиз, сонин сэтгүүлд өндөр үнэтэй реклам өгөхийн оронд яг тухайн хэрэглэгчийн гарт очих сурталчилгааны материалыг оновчтойгоор бага зардалтайгаар шийдэх бололцоо бий. Гаднын орнуудад шуудангийн хайрцаг өдөр тутмын байнгын чухал хэрэглээ байдаг. Тиймдээ ч шуудангийн хайрцаггүй байшин зарна гэдэг тагтгүй, ариун цэврийн өрөөгүй байр зарахтай адил боломжгүй зүйл гэж ярьдаг юм билээ. Хэдий интернэт шилэн кабель гээд орчин үеийн технологийн дэвшил амьдрал ахуйд өргөн нэвтэрч буй ч өндөр хөгжилтэй улс орнууд шуудангийн салбараа орхиогүй авч ирсэн төдийгүй хамгийн чухалд тооцсон хэвээр байна.
Анх гар
утас худалдаанд гарч байхад хүмүүс гангараа мэт ойлгож хүлээж авч байсан
тал бий. Гэтэл өнөөдөр энэ нь өдөр тутмын салшгүй чухал хэрэглээ
болсон. Гар утсаар бид ямар их ажил амжуулдаг билээ. Түүнтэй адил
шуудангийн хайрцаг бол яваандаа бидний өдөр тутмын амьдралын зайлшгүй
хэрэглээ болно. Иргэдийг соёлтой ухаалаг хэрэглээтэй болгоход анхаарч
үйл ажиллагаа явуулж байгаа “The morning post” компанид нийт
хэрэглэгчдийнх нь өмнөөс “Баярлалаа” гэж талархах нь зүйтэй байх аа.
Г.ОЮУН