http://robomec.blogspot.ca
Эмийн нөлөөлөл багатай цусны даралт ихсэх өвчин бүхий өвчтөний бөөрний
ойролцоох мэдрэлийн судлын хэсгийг тайрах мэс засал хийж, 250 мм м.у.б
хүртэл нэмэгддэг байсан өвчтөний цусны даралтыг 130 мм м.у.б буюу хэвийн
хэмжээнд хүртэл бууруулах эмчилгээг Японы Хиого их сургуулийн эмч нар
амжилттай хийсэн байна. Фүжи Кеничи тэргүүтэй эмч нарын баг өнгөрсөн 2-р
сард 72 настай өвчтөнд гуяны судсаар дамжуулан катетер
хэмээх нарийхан гуурс оруулж, бөөрний артерийн судасны эргэн тойронд
байрлах симпатик мэдрэлийн судлын хэсгийг тайрах мэс засал хийжээ.
Тэдгээр мэдрэлийн судлууд "судасыг нарийсга" зэргээр цусны даралтыг
ихэсгэх дохиоллыг тархи болон биеийн хэсгүүдэд дамжуулах үүрэг
гүйцэтгэдэг байна. Харин нэг цаг гаруй үргэлжлэх мэс заслаар уг
мэдрэлийн судлыг тайрч цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг физиологийн
механизмыг зохиомлоор зогсоодог байна. Эмчилгээний энэ шинэ аргыг 3
жилийн өмнө Австралийн эмч нар анх эмнэлгийн практикт хэрэглэсэн бол энэ
удаагийнх Япон улсад хийгдсэн анхны тохиолдолд тооцогдож байна.
Мөн бусдад улс орнуудад хийгдсэн мэс заслын тохиолдлуудыг оролцуулаад
ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тухай мэдээлэл хараахан байхгүй байгаа юм.
Иймд Япон улсын Цусны Өндөр Даралтын Нийгэмлэг цаашид эмчилгээний үр дүн
болон түүнээс үүдэн гарч болох эрсдлүүдийг сайтар нягталж, шалгасан
тохиолдолд цусны даралт ихсэх өвчинг бүрэн төгс эмчлэх магадлалтай арга
хэмээн мэдэгдэв. Одоогийн байдлаар тус улсад гурав болон түүнээс дээш
төрлийн эм хэрэглэдэг ч цусны даралт буурдаггүй өвчтөний тоо 10 саяас
давж байна. Тэдгээр өвчтөнүүд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн
айдас дунд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Фүжи Кеничи нар цаашид мэс
заслын эмчилгээний шинэ аргыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
MGLCLUB