
-Сайн байна уу. 15 жилийн ойн баярын тоглолтоо хэзээ хийхээр болсон бэ?
-Арваннэгдүгээр сарын 23,24-нд АСА циркт хийхээр боллоо.
-Шинэ спорт цогцолборт хийнэ гэж ярьж байсан байх аа?
-Тийм ээ. Бага зэрэг өөрчлөгдлөө. Одоо бид гурав тоглолтын бэлтгэл ажил ихтэй л явна. Өнөөдөр тасалбараа хэвлүүлэхээр эхийг нь явуулсан.
-Өмнө нь “Эмоушн” нэртэй байхдаа ч та бүхэн ойн баярын тоглолт хийж байгаагүй юу?
-Тийм ээ. Гэр бүлийнхээ хүрээнд л баярладаг байлаа. Харин анх удаа үнэнч сонсогчидтойгоо хамт ойн баяраа тэмдэглэх гээд бид гурав их догдолж байна. Үнэхээр онцгой баяр юм.
-Тоглолтод “15” дууг хамтран дуулсан нас чацуу “Номин талст” хамтлагийнхан оролцох уу?
-Мэдээж, тэр сайхан дуу энэ тоглолтод заавал эгшиглэх ёстой шүү дээ. Мөн бидэнтэй хамтран сүүлийн үед уран бүтээл хийсэн хүмүүс ч энэ тоглолтод оролцоно. Ма най хамтлагийн ихэнх дуунд үлээвэр хөгжим чухал үүрэгтэй байдаг. Тиймээс үлээвэр хөгжимчид болон амьд хөгжмийн хамтлаг оролцоно.
-Өмнөх тоглолтуудаас юугаараа ялгарах вэ?
-АНУ-аас ирснийхээ дараа бид циркийн үзүүлбэртэй хослуулсан тоглолт хийж байлаа. Мөн өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраар эрэгтэй дуучидтай хоршиж дуулсан. Тэр үед ихэвчлэн шинэ уран бүтээлүүдээ хүргэсэн. Энэ удаа бид шинэ дуу болон хуучны сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээ тоглолтдоо багтаасан. Хөгжмийн найруулгыг нь ч өөрчилсөн. Бас бидэнтэй өндөр намаараа ижилхэн найман эмэгтэй бүжигчин тоглолтыг чимнэ. Кабарег санагдуулам өвөрмөц тоглолт болно.
-Тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-20.000, 30.000, 50.000 төгрөг.
-Өнгөрсөн жил та амьд хөгжмийн “Монстер” шоуг шүүж байсан. Энэ жил ямар нэг шоунд ажиллаж байгаа юу?
-Үгүй ээ. Энэ жил бид гурав хувийн уран бүтээл, ажлаа хойш тавьж хамтлагийнхаа ойн баярыг тэмдэглэхээр төлөвлөсөн юм.