ОУОХ-ноос
2018 оны залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй
хотуудын мэдүүлгийг хүлээн авах хугацаа аравдугаар сарын 15-нд дуусчээ.
Хугацаандаа багтаж таван хот саналаа ирүүлсэн байна. Тухайлбал
Буэнос-Айрес (Аргентин), Глазго (Их Британи), Гвадалахара (Мексик),
Меделин (Колумб), Роттердам (Голланд) хотууд залуучуудын зуны III
олимпийн төлөөх өрсөлдөөнд оролцоход бэлэн болжээ.
Хотуудыг сонгон шалгаруулах комиссыг саяхан ОУОХ-ны тамирчдын хорооны тэргүүнээр сонгогдсон туялзуур сэлэмч Клаудиа Бокель тэргүүлж байгаа юм. Нэр дэвшигч хотууд үзүүлэн болон видео танилцуулга хийсний дараа ОУОХ-ны гишүүдийн саналаар ялагчийг тодруулна.
Энэхүү шийдвэрлэх хурал ирэх оны долдугаар сарын 4-нд Швейцарийн Лозанн хотноо болох юм. Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадам 2010 онд Сингапур хотноо болсон бол хоёр дахь нь 2014 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдох билээ