
ЮНЕСКО болон Францын гоо сайхны “Лореал” корпорац хамтран шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж гарамгай амжилт гаргасан олон улсын 15 залуу эрдэмтэн эмэгтэйд жил бүр “ЮНЕСКО Лореал” хэмээх шагналаа олгодог юм байна. Шалгаруулалтад Монголоос дөрвөн эмэгтэйн материал илгээснээс Д.Энхмаа эмч шалгарч, дэлхийн шилдэг залуу судлаачдын нэг боллоо.
Энэ нэр хүндтэй шагнал болон судалгааны ажлынх нь талаар Д.Энхмаа эмчээс тодруулсан юм.
-Дэлхийн шилдэг эмэгтэй судлаачдын нэгээр шалгарсанд баяр хүргэе. Ийм шагнал авснаа Та хэзээ мэдсэн бэ?
-Баярлалаа. Шалгарсан тухай ЮНЕСКО-гийн төвөөс надад и-мэйлээр мэдэгдсэн. Мөн энэ сарын 3-ны дотор шаардлагатай материалуудыг бүрдүүлж явуулахыг хүссэн байна. Гэхдээ шагналаа хараахан аваагүй байгаа шүү дээ. Шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сард Парис дахь ЮНЕСКО-гийн төв бай ранд болно.
-Та өөртөө хэр итгэлтэй байв. Сургуулиа хэзээ дүүргэсэн бэ?
-Дэлхийн бүх орноос 15-хан эмэгтэйг шалгаруулах байсан учир үнэндээ би тийм итгэлтэй байгаагүй. Би 2002 онд АУИС-ийн Анагаахын ангийг их эмч мэргэжлээр төгсөөд, 2009 онд Японы Яманашигийн их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ шалгаруулалтад 35-аас доош насны, докторын зэрэг хамгаалсан байх гэх мэт олон шалгуур тавьсан байсан.
-Та ямар чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна вэ?
-Шалгарсан судалгааны ажлын сэдэв “Жирэмсэн үеийн манас таталтын урьдал”. Манас таталтын урьдлын шалтгаан бүрэн тайлагдаагүй, судлагдсаар байгаа асуудлуудын нэг. Судасны хатууралтай холбоотой гэж үздэг ч анагаах ухаанд батлагдаагүй. Би жирэмсэн үедээ цусны даралт ихэсдэг, манас таталтын урьдлаар хүндэрдэг эмэгтэйчүүдэд судасны эсэргүүцлийг үзэх аргыг судалж байна.
-Манас таталтын урьдал гэж ямар эмгэг вэ. Энэ нь манайд тийм түгээмэл хэрэг үү?
-Манас таталтын урьдал нь жирэмсэн үед тохиолддог. Энэ эмгэг хавагнах, даралт ихсэх, шээсээр уураг ялгарах зэргээр илэрдэг. Эх, ургийн аминд ч аюултай энэ эмгэг Монголд бусад оронтой харьцуулахад харьцангуй элбэг байна. Улирлын шинж чанартай бөгөөд өвөл элбэг тохиолддог нь судалгаанаас ажиглагдсан.
-Тэгэхээр та одоо энэ өвчинтэй холбоотой ямар судалгаа хийх гэж байна. 40000 ам.долларын тэтгэлэг Таны судалгааны ажилд зориулагдана гэж дуулсан?
-Тийм ээ. Гэхдээ судалгааг хэдэн жил хийхээс хамаарч тэтгэмжийн хэмжээ өөр. Нэг жил судалгаа хийвэл 20.000 ам.долларын тэтгэлэг өгөх юм билээ. Би манас таталтын үед жирэмсэн эмэгтэйчүүдэд судасны эсэргүүцэл хэрхэн өөрчлөгддөг тухай судална. Судалгаагаа нэг жилд хийхээр төлөвлөсөн. Тэтгэлгийг нэг дор өгчихгүй, судалгааны явцад үр дүнг нь харж, үе шаттайгаар санхүүжүүлэх юм. Би эхний зургаан сард Монголдоо жирэмсэн эхчүүдийн дунд судалгаа хийгээд, сүүлийн зургаан сард АНУ-ын Лос-Анжелес хотын “Седарс Синай” эрүүл мэндийн төвийн зүрх судасны эмч нартай хамтран ажиллаж, дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна.
mmmmmmmmmmm