55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин-Эрдэнэ /“Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт канадын бөх Бриттане Моргана Лавердюртэй таарчээ. Түүнийг ялж чадвал гуравдугаар тойрогт азербайжаны бөх Ирина Дубовская, польшийн бөх Катарзуна Кравчик хоёрын аль ялсантай нь барилдана.
Энэ хэсэгт АНУ, беларусь, бразил, грек, чехийн бөхчүүд байна. Нөгөө хэсэгт японы бөх, дэлхийн 9 удаагийн аварга Саори Йошида, украиний бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн хошой аварга Наталья Синишин, оросын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Мария Гурова нар байна.
72 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг /”Алдар” спорт хороо/ эхний тойрогт оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Екатерина Букинатай сугалаа таарчээ. Түүнийг хожиж чадвал хоёрдугаар тойрогт японы бөх Хирое Сузуки, хятадын бөх Жинг Хью хоёрын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт АНУ-ын бөх, дэлхийн аварга Айрес Смит, украиний бөх, европийн залуучуудын аварга Оксана Ващук, турк, шведийн бөхчүүд оржээ. Нөгөө хэсэгт нь казахстаны багийн ахлах дасгалжуулагч, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний хүрэл медальт Гузель Манюрова, беларуссын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Василиса Марзалюк нар байна. Энэ жинд 16 бөх өрсөлдөж байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн
51 кг: 1. Анне Мария Жесика Макдональдс Бонди /Канад/ 2. Янан Сун /БНХАУ/ 3. Кумари Бабита /Энэтхэг/ 3. Алиса Николе Лампе /АНУ/ 9. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол/
Манай бөх олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт польшийн бөх Роксана Марта Засинатай таарч 0:1, 3:0, 0:1 онооны харьцаагаар ялагджээ. Польшийн бөх нь дараагийн тойрогт АНУ-ын Алиса Лампед хожигджээ. Д.Отгонцэцэг Зуны олимпийн наадамд 48 кг-ийн жинд барилдахдаа мөн польшийн бөх, европийн аварга Ивона Нина Матковскад дийлдэж байсан юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, оросын бөх З.Рахманова хоёрдугаар тойрогт канадын бөх канадын бөх Анне Мария Жесика Макдональдс Бондид 1:2, 0:7 онооны харьцаагаар дийлджээ.
59 кг: 1. Чжан Лан /БНХАУ, ДАШТ-ний мөнгөн медальт/ 2. Залина Сидакова /Беларусь/ 3. Тунгалагийн Мөнхтуяа /Монгол/ 3. Ольга Буткевич /Англи/
Манай бөх олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт канадын бөх Мишель Фаззаритэй таарч 1:0, 0:1, 3:1 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Лей Жейнсийг 3:0, 0:1, 3:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд беларуссын бөх Залина Сидаковад 0:2, 0:1 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Шеофан Шилфийг 3:3, 4:2 онооны харьцаагаар ялжээ.
Азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич хоёрдугаар тойрогт английн бөх Ольга Буткевичид ялагдсан байна. 2010 онд Гавьяат тамирчин С.Батцэцэгт ялагдан ДАШТ-ний мөнгөн медаль хүртэж байсан хятадын бөх Чжан Лан энэ удаа алтан медаль хүртжээ.
67 кг : 1. Аделина Мария Грей /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/ 2. Дороти Элезабет Йетс /Канад / 3. Йошико Иноуе /Япон, ДАШТ-ний хүрэл медальт/ 3. Ян Хонг /БНХАУ/ 13. Цэрэндоржийн Баярзаяа /Монгол/
Манай бөх олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт оросын бөх Ирина Богдановатай таарч 0:1, 1:2 онооны харьцаагаар ялагджээ.
mmmmmmmmmm