Бичлэгийн тоо 3,329
 Монгол улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг сониныхоо хүндэт зочноор урин уулзаж ярилцлаа.

-Олимпийн наадам өндөрлөөд цөөнгүй хонолоо. Одоо бэлтгэл сургуулилтдаа орчихсон уу?

-Олимпоос ирчихээд сайн амарч амжаагүй байна. Одоо хэд хоног богинохон сэргэлтэд гарах бодолтой. Бэлтгэлээ хийж байгаа.

-64 кг-д тоглоод хэдэн жил болчихлоо. Жин хэр хасч байна вэ?

-Олимпийн өмнө олон улсын тэмцээнүүдэд ордог, байнгын бэлтгэлтэй байдаг. Тиймээс жингээ 68 дээр барьж байгаад гол тэмцээндээ дөрвөн кг хасаад ордог юм. Хэрвээ амраад, чөлөөтэй байвал 70 гараад явчихдаг.

-Лондоны олимпоос ямар дурсамжтай үлдсэн бэ?

-Лондон хот надад их таалагдсан. Их Британи маш их соёлтой, өндөр хөгжилтэй сайхан орон байна лээ. Миний хувьд олимпийн наадмаас медаль хүртсэн гэдгээрээ сайхан дурсамж үлдээнэ. Гэхдээ яг өөрийнхөө санаж, бодсон зорилгодоо хүрч чадаагүй. Ямар ч байсан ард түмнийхээ хүслийг бага ч болов биелүүлж, медальт байрт шалгарсандаа баяртай байгаа.

-Бээжингийн олимпод медалийн төлөө тоглоод ялагдсаны дараа сэтгэл санаа хүнд байсан байх. Тэр хүнд байдлаас яаж гарч, өнөөгийн амжилтад хүрч чадсан бэ?

-Тэмцээний ялагдал бидэнд маш хүндээр тусдаг. Тэр тусмаа бэлдэж бэлдэж орсон хамгийн том тэмцээндээ медальд ойртож ирээд ялагдана гэдэг хэцүү л дээ. Тэгэхэд маргааш өглөө нь зүүдлээд байгаа ч юм шиг санагдаж байлаа. Тэмцээний дараа нөгөө хэдийгээ дэмжье гэхээр бокс үзэж чаддаггүй. Тэр үед дараагийн тэмцээн, дараагийн олимпийг бодож эхэлсэн. Хүн ер нь зорьж, хичээллэж байгаа спортдоо зуун хувь орчихдог юм билээ. Олимпийн дараах хамгийн эхний бодол дараагийн тэмцээн болсон доо.

-Бээжинд тоглож байсан үеийг Лондоны олимптой харьцуулбал?

-Мэдээж техник, тактикийн хувьд сайжирсан. Харин бие бялдрын хувьд асуудалтай байлаа. Олимпийн өмнө хоёр удаа мэс засалд орсон. Нэг удаад нь хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийсэн бол дараа нь бүтэн наркозтой мэс засал хийлгэсэн. Жижигхэн гэмтлээс болж долоо, найман цаг наркозинд орж байлаа. Бас бага зэрэг холбоосны суналт гээд жижиг гэмтлүүд тамирчдад их тохиолддог. Олимпийн цикльд боломжоороо амарч, сэргэж байсан боловч олон жилийн бэлтгэлээс болж бие бялдар маань ядарч, сульдсан байсан. Гол ялгаа гэвэл энэ л байна даа.

-Та олон жил бокс тоглочихлоо. Өөрийнхөө тоглолтод шүүмжлэлтэй ханддаг, илүү сайжруулмаар зүйл байна уу?

-Аварга болоод тэмцээн дуусахад сэтгэл хангалуун үлдэнэ. Харин аваргалж чадаагүй бол сэтгэл дундуур байна. Миний хувьд тэмцээнд яаж ч оролцсон дараа нь өөрийн тоглолтдоо дүгнэлт хийдэг. Тэмцээний дараа ямар алдаа гаргаснаа тайвнаар шүүн тунгааж, дараагийн тэмцээндээ аль болох алдаа гаргахгүйг хичээдэг.

-64 кг-д хаанахын тамирчид хамгийн эвгүй өрсөлдөгч байх бол?

-Сүүлийн хоёр ДАШТ-д 64 кг оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоосон. Хүнд жинд бол европ, бага жинд азиуд сайн байдаг. Харин миний жинд тив тивээс жигдхэн сайн өрсөлдөгчид ирдэг. Би ямар ч хүчтэй өрсөлдөгчөөс айхгүй. Тиймээс тоглолтдоо сайн бэлдэж, бэртэл гэмтлээ сайн эдгээх нь хамгийн чухал.

-Дөрөв дэх олимпдоо оролцох төлөвлөгөөтэй гэсэн. Дараагийн олимпод оролцох бодол хэдийд, яагаад төрсөн бэ?

-Би олимпийн дараа нэг удаа ДАШТ-д оролцоно, түүнээс цаашаа спортоор хичээллэвэл мэргэжлийн бокст орно гэсэн бодолтой байсан. Гэхдээ ирээд тайвшраад, нэлээн сайн тунгааж бодсон. Тэгээд 2016 оны олимпод орно, медалийнхаа өнгийг өөрчилнө гэж шийдсэн. Дараа нь хэрвээ боломжтой бол мэргэжлийн бокс ч тоглож болно. Тиймээс сонирхогчийн бокстоо илүү сайн амжилт үзүүлэхийн төлөө бүхнээ дайчлах болно. Хамгийн гол нь надад маш их боломж байгаа. Түүнийгээ мэдэж байгаа болохоор ийм шийдвэр гаргасан юм.

-Боксоор олон жил тогловол тархи толгойдоо цохиулаад хүнд гэмтэл авах магадлалтай. Энэ эрсдлээс айхгүй байна уу?

-Ер нь аль ч төрлийн тамирчны хамгийн гол зүйл нь эрүүл мэнд. Тэр дундаа боксын спортод толгой, цээж рүүгээ хүчтэй цохиулдаг болохоор нэлээн эрсдэлтэй. Мэдээж цохиулаад, зодуулаад байвал цөөхөн жил хичээллэсэн ч гэсэн биед их муу. Гэхдээ би нэг их зодуулдаггүй. Миний эрүүл мэнд сайн байгаа. Тиймээс олимпод оролцоно, дахиад цаашаа тоглоно гэсэн шийдвэрийг гаргасан.

-Ээж чинь энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бол?

-Би энэ спортод орсноос хойш хэн нэгний заавар зөвлөгөөгөөр хэзээ ч явж байгаагүй. Энэ бол миний л гаргасан шийдвэр.

-Т.Үйтүмэнгээс хойш Монголын бокс хэцүүхэн байхад та энэ спортыг бараг ганцаараа төлөөлж, нүүр царай нь болж явсан. Тэр үеэ эргэж дурсахаар өөрөөрөө бахархах сэтгэл төрнө биз?

-Ганцаараа боксыг төлөөлж байсан гэхийг сонсоход сайхан л санагдаж байна. Гэхдээ хараахан тийм биш ээ. Даруу зан гаргаж байгаа ч юм биш. Тухайн үед сайн тамирчин олон байсан. Миний хувьд оролцсон тэмцээндээ арай л илүү тоглосон байх. Хамгийн гол нь тэр үеийн тамирчдад олон улсын тэмцээний туршлага дутдаг байсан. Мөн шүүгчдийн нөлөө хүндээр тусна. Гэсэн хэдий ч тэр үеийн тамирчид үнэхээр сэтгэл зүрхээрээ бокс тоглодог байлаа. Хэрвээ нэг үе бүр тасарсан бол дараагийн тамирчид амжилт гаргахад амаргүй байх байсан. Ямар ч байсан дараагийн үеийнхээ амжилтад хүрэх замыг таслаагүй л гэж боддог.

-Таны хувьд өмнө нь олон ч тэмцээнд азгүйтэж медалиас мултардаг байлаа. Тийм үед шантрах, боксыг орхих бодол төрдөг байв уу?

-Бие бялдрын тал дээр ядарсан тохиолдол олон байсан. Харин сэтгэл зүрх маань нугарч, цуцсан зүйл үгүй.

-Медаль болгон үнэ цэнэтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэр дундаас хамгийн сайхан дурсамжтай, хайртай медаль чинь аль нь вэ? Миний бодлоор 18 настайдаа Зүүн Азийн наадмаас авсан алт болов уу?

-Мэдээж хамгийн дурсамжтай медалийн нэг нь энэ. Хамгийн анх олон улсын чанартай тэмцээнээс авсан алт. Энэ тэмцээнд Монголоос 100 гаруй тамирчин орсон. Би түрүүлээд Г.Өсөхбаяр аварга мөнгөн медальтай ирсэн байв. Зүүн Азийн наадамд цөөхөн боловч боксын хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Казахстан, Хятад, Япон, Солонгосын хүчтэй тамирчид ирсэн. Тэр жил бас Австралийн тамирчид ирж оролцсон юм. Би тэгэхэд хүрэл медалийн болзол хангаад хагас шигшээд Дэлхийн цомын медальтай, Хятадын боксчинг ялсан. Харин алтын төлөө Дэлхийн цомын мөнгө, дэлхийн аваргын хүрэлтэй Казахстаны тамирчинг ялсан. Цомхон боловч маш чанартай тэмцээн болж байлаа.

-Дараа нь 2003 оны ДАШТ-ээс бараг медаль авсан даа. Гэвч нутгийн тамирчинд луйвардуулж билээ. Тэр тэмцээн харамсалтай санагддаг уу?

-Би 2003, 2007, 2009, 2011 оны ДАШТ- үүдэд дандаа 2-3 оноогоор л хожигдсон. Энэ нь дандаа шүүгчдийн будлиантай шийдвэр л байсан. Харин 2005 онд Оросын боксчинд 26:19-өөр хожигдож байлаа. Бусад ДАШТ-д бол шүүгчийн буруугаас болж хожигдсон юм.

-2000 оны эхэн үеийн нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулбал нэлээн том ялгаа гарах байх даа?

-Мэдээж улс орныхоо хөгжлийг дагаад оролцох тэмцээний тоо нэмэгдэж, гадагшаа хамтарсан бэлтгэл их хийдэг болсон. Энэ бол тамирчдыг олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнд амжилт үзүүлэх, мөн залуу тамирчид шинээр гарч, туршлага, ур чадвар өсөхөд маш их нөлөөлж байгаа. Энэ нь сүүлийн үед тамирчдын амжилт дээшилж буй гол шалтгаан. Мөн клубүүдээс цалинждаг тамирчдын тоо олон болж. Харин бэлтгэлийн нөхцөлийн хувьд бараг ялгаагүй.

-Залуу тамирчид олон улсын тэмцээнд оролцож, туршлага судлах ёстой. Харин тань шиг арвин их туршлагатай болж, өндөр зэрэглэлд хүрсэн тамирчин олон улсын тэмцээнүүдэд олон орох нь хэр зохистой бол?

-Зодолддог бэлтгэлээ хийхгүй байж байгаад хэд хоногийн дараа хийхээр бие өөр болчихдог. Тэгэхээр ийм бэлтгэл байнга хийх хэрэгтэй. Сая олимпийн өмнө л гэхэд медаль авсан бүх л тамирчин Европын цувралуудад орж, бие биетэйгээ тоглоод үзэж байгаа юм. Тиймээс олон улсын чанартай том тэмцээнд оролцож байх хэрэгтэй. Гэхдээ бүх тэмцээнд биш. Гол нь үүнийг тохируулах л чухал. Туршлага сууж байгаа шинэ тамирчин шиг бүх тэмцээн дамжиж яваад байж болохгүй л дээ.

-Боксын одоогийн шүүлт таны тоглолтод хэр зохицож байна вэ?

-Одоогийн шүүлт зүгээр ээ. Хамгийн гол нь ямар ч шүүлт гарсан түүнд өөрөө зохицох хэрэгтэй. Сайн боксчид шүүлт яаж ч өөрчлөгдсөн амжилт гаргасан хэвээр байдаг.

-Тив, дэлхийн чанартай бүх л тэмцээнээс медаль авч үзлээ. Энэ мөчид бокст анх орж байсан үеэ эргээд дурсвал?

-Би багаасаа бөх болно гэж бодож, хаа сайгүй барилдаж явдаг хүүхэд байсан. Тэгээд манай өвөө, Өвөрхангайд хөрш байсан “том” Санжаа заантай хамт намайг самбо, жүдогийн секцэнд оруулсан юм. Секцэнд хавар орж хэсэг хичээллээд зуны амралт таарсан. Нутагтаа амарч ирчихээд Спортын төв ордонд бусад секцүүдийг сонирхоод хаалгаар нь шагайгаад явж байтал хүүхдүүд боксын бэлтгэл хийж байна. Түүнийг хараад л ормоор санагдаад маргаашнаас нь боксын секцэнд явах болсон.

-Тэр үед хэдтэй байв?

-14-тэй байсан. Эхэн үедээ хүүхэд юм болохоор үеийнхэнтэйгээ бужигнаж тоглох нь гоё байлаа. Сүүлдээ зорилгоо ухаараад, мэдрээд ирэхээр бүх бодол зөвхөн бэлтгэл, амжилт руу л төвлөрөх болсон доо. -Анхны амжилт хэр удаж ирсэн бэ? -Боксоор хичээллээд тав, зургаан сарын дараа хүүхдийн тэмцээнээс мөнгөн медаль авсан. Тэгээд жилийн дараа залуучуудын тэмцээнээс анхны алтаа авч байлаа.

-УАШТ-д хэзээнээс өрсөлдөх болов?

-Анх 17-тойдоо улсын аваргад орж, хүрэл медаль авсан. Тэр жил жиндээ чансаагаараа нэгд бичигдэж, олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох болсон юм. Тэгээд 18 хүрдэг жилээ Монгол улсын аварга болсон.

-Боксоос гадна сонирхдог зүйл юу байна?

-Бокс гэж явсаар нэлээн олон юмнаас хоцорчихлоо. Уг нь сонирхож, боддог юм зөндөө бий. Юуны өмнө суръя гэж бодож байгаа. Одоо цаг хугацаагаа зохицуулаад бага ч гэсэн юм сурч, өөрийгөө хөгжүүлэх бодолтой.

-Сурагч ахуй үеэ ярьж өгөөч? Ямар хичээлд дуртай, хэр сурлагатай хүүхэд байв?

-Бүр жаахан байхдаа хичээлдээ сайн байсаан. Дунд ангид орсноос хойш сонирхол өөр тийшээ яваад муудаж эхэлсэн. Сүүлдээ тэмцээн гээд байсхийгээд л чөлөө авна. Гэхдээ анги, сургуулийнхан маань дэмжиж, тэмцээнд тайван оруулдаг байв. Манай ангид надаас гадна нэг спортын мастер, нэг дэд мастер байсан. Би нөгөө хэдийгээ уруу татаж бокс руу оруулсан юм. Сая олимпийн дараа 13-р сургууль дээрээ очлоо. Сургууль маань хүүхдийн эрхийг дээдэлсэн улсын тэргүүний сургууль болсон юм байна лээ. Тэр туршлагыг нь улсын 124 дүгээр сургууль хэрэгжүүлж байгаа гэсэн. Миний сурч байсан үеэс илүү гоё болсон байсан. Төрөлх сургуулиараа ороод, үйл ажиллагаатай нь танилцаж явахад сайхан байлаа.

-Хөвгүүд л болсон хойно хоорондоо гар зөрүүлэх явдал гарна. Ер нь багадаа хэр зодоон хийдэг байв?

-Би юм хагалж, хугалаад байдаг хорлонтой хүүхэд байгаагүй. Гэхдээ гүйж харайсан, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Жаахан байхдаа их зодолдоно оо. Харин боксоор хичээллэж эхэлснээс хойш сүүлдээ бүр зодолдохоо больсон.

-Таныг боксоо орхисны дараа дасгалжуулагчаар ажиллавал сайн тамирчин бэлдэх байх гэж боддог юм. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ

-Би огт өөр ажил хийнэ гэж боддог. Багадаа цэргийн хүн юм уу, сэтгүүлч болно гэсэн бодолтой байсан. Одоо цэргийн сургуулиар явна гэвэл цаг хугацааны хувьд хэцүү л дээ. Ирээдүйд юу хийхээ төлөвлөсөн. Гэхдээ одоо тэр талаараа ярихгүй. Ямар ч байсан ирээдүйд сайн сайхан амьдрах болно гэдэгтээ итгэлтэй байдаг.

-Цаг, зав гаргасан ярилцсанд баярлалаа.

Г.БАЯРСАЙХАН
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6567874/165/trackback

Global dentel clinic

2012.09.18 15:52:46
*.152.163.18

mmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1349 ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ 70 ДАХЬ ЁКОЗҮНА 2012-09-24 9629
1348 Хамгийн сүүлийн үеийн тоноглолтой СУРГАЛТЫН СТУДИ байгууллаа [1] 2012-09-20 8431
1347 Мөнгөнтуул Гранприг хошуучлагчдын эгнээнд [1] 2012-09-20 9439
1346 МОНГОЛ АВТОБУС ирэх сараас үйлчилгээнд явна [5] 2012-09-19 7350
1345 МОНГОЛ ЭМЧ НАР ДҮЛИЙГ ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ШИНЭ АРГА НЭВТРҮҮЛЛЭЭ [2] 2012-09-19 8462
1344 МОНГОЛ, ХЯТАД ЗОХИОЛЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО [1] 2012-09-19 11362
1343 ЧИНГИС ХААНЫ дүртэй марк хэвлүүлнэ [2] 2012-09-14 7132
1342 Хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа 2012-09-14 8186
1341 “Чингис хаан” нисэх буудал дэлхийд танигдаж байна [2] 2012-09-14 7561
1340 МОНГОЛЫН ГУРВАН БӨХ БАШЁГ ӨНГӨЛЖ ЯВНА [1] 2012-09-13 8473
» У.МӨНХ-ЭРДЭНЭ: НАДАД МАШ ИХ БОЛОМЖ БАЙГАА УЧРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТОГЛОХООР ШИЙДСЭН [1] 2012-09-13 8648
1338 Кирилл, монгол бичгийн цахим толь хэвлэнэ 2012-09-13 10428
1337 МЕДАЛИЙН ТООГООР МОНГОЛЧУУД, ЧАНАРААР СОЛОНГОСЧУУД [4] 2012-09-10 7263
1336 “Алтан ураг”-ийг дэмжээрэй [1] 2012-09-10 8329
1335 ХАРҮМАФҮЖИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ДАЙРАЛТ ЭХЭЛЛЭЭ [3] 2012-09-10 6780
1334 Оюутолгойн гэрээг өөрчлөхийг Ерөнхий сайдаас УИХ-ын 24 гишүүн шаардлаа [4] 2012-09-06 7146
1333 Монгол FTV дөрвөн метр өндөр өсгийт танилцуулна [3] 2012-09-06 7321
1332 ПАЙПЭР КЭМБЭЛЛ: НАМАЙГ АЖИЛЛАХ ХУГАЦААНД ВИЗ АВАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭНЭ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА [3] 2012-09-06 7516
1331 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18798
1330 Ш.МАРДААН: ТЭНГИС ШИГ ДОЛГИЛСОН ТАРИАН ДУНД ЗОГСОЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ [2] 2012-09-04 8871
배너신청
자생병원

배너신청