Рио-де-Жанейрогийн олимпийн эрхийн оноо цуглуулах эхний тэмцээн болох “Чингис хаан” Дэлхийн цом энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ болсон тус тэмцээнд таван тивийн 13 орны эрэгтэй 70, эмэгтэй 57 бөх зодоглосон юм. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас жин тус бүрт дөрвөн бөх, нийт 56 жүдоч хүч сорьсон. Гадны багуудаас БНСУ эрэгтэй найм, эмэгтэй 12 жүдочноо илгээжээ. “Чингис хаан 2012”-ын шагналын сан нь нийт 50 мянган ам доллар байсан бөгөөд жин тус бүрийн аваргууд эзэн богдын алтадсан цомоос гадна 1000, мөнгө, хүрэл медалийн эзэд 500, 250 ам.долларын шагнал хүртжээ. Түүнчлэн шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинд “Ippon Trophy” цом, багийн дүнгээр эхний гуравт орсон улсуудын холбоодод 2000, 1000, 500 “ногоон”-ы шагнал олгосон байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) энэ удаагийн “Чингис хаан” Дэлхийн цомын зохион байгуулалт, чанар чансааг харгалзан ирэх жилээс гран-при тэмцээнийхээ жагсаалтад оруулах эсэхээ шийдэх аж.
Ихэнх улсууд 2016 оны олимпод бэлтгэж буй залуусаа явуулсан энэ удаагийн Дэлхийн цомд манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нарын шилдгүүд зодоглолоо. Харамсалтай нь дэлхийн аварга Цагаанаа маань Чехийн бөхтэй барилдах явцдаа гэмтэл авснаар тэмцээнээ орхихоос өөр аргагүйд хүрсэн юм. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болоход Монгол гурав, Япон, БНСУ тус бүр хоёр алтан медаль хүртсэн байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин Өмнөд Солонгосын Ким Вон Жинийг, 66 кг-д Д.Төмөрхүлэг нутаг нэгт Д.Алтасүхийг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Сумъяа Японы бөх Ишикава Мегүмиг ялан аваргалсан. Өмнө нь энэ тэмцээнд хоёр ч удаа түрүүлж байсан ОУХМ Ч.Болдбаатар хүрлийн төлөөх барилдаанд АНУ-ын бөхийг ялж, гурав дахь медалиа хүртэв. Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ийн барилдаанууд болж, Гуулин улсын бөхчүүдийн үнэмлэхүй ялалтаар өндөрлөлөө. Өмнөд солонгосчууд ням гаригт таван алтан медаль хүртсэн бол манайхнаас -100 кг-ийн жинд л ОУХМ Б.Тэмүүлэн аваргалсан.
Ийнхүү 7 алт, 3 мөнгө, 6 хүрэл медальтай БНСУ багийн дүнгээр хоёр дахь жилдээ дараалан тэргүүлж, 4 алт, 8 мөнгө, 14 хүрэлтэй Монгол удаалан, 2 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэй Япон гуравдугаар байранд орлоо. Сонирхуулахад өнгөрсөн жилийн “Чингис хаан 2011”-д мөн л манайхан медалийн тоогоор илүүрхэж, чанараар солонгосчууд илүүрхсэн билээ.
Р.МАНЛАЙ
wow mglchuud mundag shuu
wooowo