Эхлэл...

Бид нар өөрсдийгөө тэнгэрийн амьтад гэж боддог бол харийнхан тэрийг чинь олж хараагүй л байгаа. Сайндаа л Чингис гэж агуу хүн байсан гэдгийг л гадарлаж байгаа шүү дээ. Тэр тусмаа Монголдоо амьдарч байгаа хүмүүс бол өөрсдийгөө бүр тэнгэрийн амьтад гээд итгэчихсэн улсууд... Харин гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс бол өөрсдийгөө хэн бэ гэдгийг бага ч гэсэн мэддэг болчихсон байхаа гэж бодож байна. Ингэхээр цөөхөн хэдэн монголчууд маань худгийн мэлхий вааглах шиг бид нар мундаг, бид нар мундаг гэж орилж суусаар байтал дэлхий ертөнц гэдэг аль хэдийн хөгжөөд бидэнд гүйцэгдэхээргүй хол явж, сүүлдээ бүр энэ дэлхий маань ч цаг нь болоод устан үгүй болж өөр нэг шинэ гариг ертөнц үүсэх гэж байх шиг байна. Гэтэл бид гангар шаазанд гар хүрвэл хагарах гэж байгаа мэт биеэ хураан атирч суусаар байтал шоргоолж шиг хятадууд, солонгосчууд аль хэдийн хийхээ хийгээд амжуулдагаа амжуулчихаад явж байна. Үүнээс улбаалаад ер нь бүгдээрээ өөрсдийгөө тэнгэрийн амьтан гэж бодохоо болиод бороо орсоны дараа гарч ирдэг чийгийн улаан өт шиг амьтад гэж бодвол яасан юм. Тэгвэл юундаа итгэж найдах вэ, хүн бүр л ажиллаж хөдөлмөрлөж эхлэнэ шүү дээ. Чингис гэж нэрээ хэлэхээр тэнгэрээс элдэв юм буугаад ирж магадгүй гэж харж суудаг үе одоо аль хэдийн түүх болон бичигдэхээр цаг хугацаа өнгөрчээ. Түүх гэдэг хэдийн болоод өнгөрчихсөн зүйл болохоор тэрийг дахин дахин дурсан санаж түүгээр хооллоно гэж гэнэхнээр сэтгэн суух нь утгагүй хэрэг юм.

Түүхэн юм бол тухайн цаг үедээ л болж өнгөрсөн үйл явц байдаг болохоос биш өнөөдөр ч гэсэн яг тийм үйл явдал болно гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Олон хүмүүс ярьж байдаг. Жнь: Хүн бүр дор бүрнээ ногдсон ажлаа хийгээд л байвал монгол улс маань дорхноо хөгжинө дөө гэж...Гэтэл хүн бүр хувь хувьдаа л юм хийгээд байвал яаж урагшаа явдаг байнаа гэж би гайхаж суусансан. Гэтэл нээрэн л хүн бүхэн өөртөө найдаад л өөрийнхөө амьдралыг авч явахын төлөө хөдөлмөрлөөд эхэлвэл энэ амьдрал чинь жинхэнэ өнгөө олж эхэлдэг ажээ. Ингэж бодоод бас л нэг хүний үг санаанд орлоо. Юм гэдэг чинь томоос эхэлдэггүй юм, өчүүхэн жижигхэн цэгээс эхэлдэг юм, чи шууд л том компани байгуулаад эзэн нь болчихгүй, бүхнийг заавал багаас нь эхэлж сурдаг юм гээд л ярьж байдаг. Гэтэл энэ бүхнийг ойлгохгүй залуу хүмүүс байсаар, амар хялбарыг эрэлхийлсээр байгаа нь бас л өнөөх өөрсдийгөө тэнгэрийн амьтан гээд бодчихсон хүмүүжил нь нөлөөлж байгаа юм боловуу даа гэж бодохоор. Өнөөдөр мэдлэгтэй боловсролтой олон сайхан хүмүүс амьдралаа өөд нь татахын төлөө гадаадад гарч шал угааж, пицца зөөж байна.

Тэд ч үүнийгээ нууж хаалгүй олон нийтэд сургамж болоосой гэх үүднээс бичиж нийтэлдэг. Гэтэл үүнийг нь өнөөх л өөрсдийгөө тэнгэрийн амьтан гэж боддог зарим нь уншчихаад яасан тэнэг юм бэ, хүний боол болж явахдаа ичдэггүй юм байхдаа, ядаж энийгээ нуудаггүй юм байхдаа гэж бодож суух. Гэвч бардам сэтгэл гэдэг бидний гэдсийг тэжээдэг байсан бол одоо монгол улс хөгжөөд азийн бар болчихсон яваа шүү дээ. Гэтэл хоосон ам, би Монгол гэж цээжээ дэлдэх энэхүү сэтгэлгээний доройтол нь өнөөдөр биднийг хөгжихөд чөдөр тушаа болоод байгаа юм бишүү? Ер нь Монголчуудыг дэлхийн талыг эзэлж явсан, бөртэ чоно гоо маралын удам энээ тэрээ гээд хэн хэзээнээс нааш ингээд өргөмжлөөд сэтгэхүйгээр нь тоглoчихсон юм болоо. Бид нар тэрэнд нь итгээд л сууж байдаг. Хүнд магтуулах ч уг нь сайхан л даа гэвч ингэж ил гарч ирж чадахгүй болтлоо магтуулна гэдэг гутамшигтай ч юм шиг. Тийм сүрхий гарал үүсэлтэй улсууд байлаа гэж бодoход чонын бэлтрэгийг гэрийн нөхцөлд авчираад тэжээчихвэл ердийн нохой шиг л амьдрана. Түүнд ой тайга руугаа явж, эрх чөлөөтэй амьдрая гэсэн бодол төрөх болов уу?

Монголчууд яг л үүнтэй адил өөрсдийнхөө бодит байдлыг ухаарч ойлгохгүй байна. Ойлгосон хүмүүс нь ч  яаж энэ хүлээснээс гарч эрх чөлөөтэй амьдрах вэ гэдэг аргаа олохгүй байх шиг. Одоо болтол улсаас бэлэн юм хардаг сэтгэлгээ нь арилаагүй, өнөө хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх нь үү, нөгөө Оюу толгой, Таван толгойнх нь хувь ногдох нь уу, сонгууль боллоо хэн нь хэдэн төгрөг өгөх бол гэж горьдож суусаар л байна. Ингэж амьдарч байгаа бидэнд энэ дэлхийд ирсэний үнэ цэнэ гэж ер нь байна уу? Энэ амьдралд зүгээр нэг үхрийн саравч, гахайн хороо цэвэрлэхээс өөр өөдтэй хувь заяаг бурхан бидэнд хайрлаагүй юм гэжүү? Бидэнд хийх ажил асар их байгаа. Магадгүй монгол хүмүүс л хийг гээд үлдээчихсэн тэр орон зай байхыг үгүйсгэх аргагүй. Дээрээс бүхнийг харж суулгүй, өөрсдийнхөө хүчинд итгэн амьдарцгаая Монголчуудаа!!! Монголчууд тэнгэр язгууртай нь үнэн юм болов уу?


profile