Амьдрал гэдэг үнэхээр гайхамшигтай ажээ. Энэ амьдрал ийм гайхалтай байгаагүй байсан бол хүмүүс юу гэж амьдрахын төлөө ингэж үхэн хатан тэмцэх билээ дээ. Өнөөдөр амьдарч байгаа бүх хүмүүс бол тэмцэгчид,тэд нар эх орон ард түмнийхээ төлөө,үгүй ядаж л өөрийнхөө төлөө тэмцэж байгаа нь гайхалтай. Хүнд л ганцхан ийм тэмцэгч чанар заяагдсан байдаг боловуу гэж бодож сууна. Хэдий амьтан ургамал бүгд л байгалийн хуулийн дагуу амьд үлдэхийн төлөө тэмцдэг боловч хүн гэдэг амьтан бол тэднээс агуу нь идэж ууж өсөж үржихийн төлөө тэмцдэггүй. Хүн бол хүн байхынхаа төлөө ухамсарынхаа төлөө тэмцдэг. Тэдэнд үнэлэх үнэлэмж гэж байдаг учраас түүнийхээ төлөө итгэж үнэмшиж амьдардаг. Энэ хорвоо дээр ирээд амьдралынх нь утга учир болсон ямар нэг юм байгаа учраас л та өнөөдөр амьдарч байгаа. Хүн ер нь төрсөнөөсөө хойш л ямар нэг юмыг эрж хайж үхэн үхтэлээ түүнийгээ хайсаар байгаад л үхдэг юм шиг. Тэр хайгаад байгаа юм нь мэдээж мөнгө биш гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Хэрвээ мөнгө байсан бол мөнгийг гартаа барьж үзээд л сэтгэл нь ханачих байсан бизээ.

Мэдээж энэ бол сэтгэлийн амар амгалан юм. Сэтгэл өөрийн мэдэлгүй амар амгаланг хайж байхад бид нар түүнд хүрэх арга замаа мэдэхгүй зовж шаналсаар амьдрах гэж зовсоор яваа нь ямар учиртай юм бол. Сэтгэл гэдэг үнэхээр хэцүү ажээ. Хүнд захирагдахгүйгээ хүрвэл захирагдахгүй дураараа байж ч чаддаг. Бидний өнөөдөр сонсож байгаа дуу,үзэж байгаа кино гээд ер нь бүх л юм хайрыг магтан дуулсан байдаг. Хайрын сэдвээс хүн төрөлхтөн хэзээ ч уйдаж байгаагүй,урваж байгаагүй,хэзээ ч уйдахгүй,урвахгүй ч үгүй боловуу гэж бодож байна. Хүн бүр л хайраас төрж хайрын төлөө амьдарч хайрын төлөө үхдэг.Энэ хорвоо дээр хэчнээн баатарлаг эр байлаа ч гэсэн хайрын өмнө толгой бөхийж байсан түүхийг бид нар зөндөө л үзсэн. Энэ хорвоогийн бүх юм хувьсан өөрчлөгдөж байдаг боловч эхийн хайр гэдэг хэзээ ч хувирч өөрчлөгддөгүй. Тэгэхээр үүрд мөнх оршсоор байх хувирч өөрчлөгддөггүй,устаж үгүй болдоггүй хамгийн эрхэм нандин зүйл бол хайр ажээ.

Тэр тусмаа эхийн хайр гэдэг хайр хайрын дээд нь ажээ. Магадгүй сэтгэл хайрыг олохоороо түүнийгээ тавьж явуулахыг хүсдэггүй байх. Үүнээс үүдээд сэтгэлийн хамгийн дуртай юм нь хайр болж таарч байна. Хүний амьдралынхаа турш хайж явдаг тэрхүү хайр гэгч зүйлийг хаанаас олж авдаг юм болоо.Хайрыг үйлдвэрлээд савлаад боогоод шошго наагаад энэ хайр нь тэдэн төгрөгний үнэтэй,энэ нь арай жоохон учраас хямдхан гэж хэн ч зарж борлуулж чадахгүй. Хэрвээ хайрыг тэгж хайрцаглаад зарж болдог байсан бол хүн болгон л авах гэж оочерлон дугаарлаж зогсохсон. Даанч тийм бизнесийг энэ хорвоо дээр хэн ч эрхэлж чадахгүй. Тэгэхээр та хайрыг хаанаас олж авах вэ? Эсвэл хайр таньд хэрэггүй юу? Хайргүйгээр хүний сэтгэл юугаар тэжээгдэн амьдрах билээ. Ингээд би хайрыг өгч болох хамгийн боломжтой ухамсарын түвшинтэй амьтан бол хүн гэж бодлоо. Хэдий амьтанд хайр байдаг ч гэлээ,хүн шиг ухамсартайгаар түгээн дэлгэрүүлж чадахгүй. Хүнд л ганцхан тийм ухамсар эрхийг байгалаас заяаж өгчээ.

Бид бүхэн өдөр бүр л хэн нэг хүнээс сайхан үг сонсчих юмсан,хэн нэг хүний нүдэнд сайхан харагдчих юмсан,халуун дулаан сэтгэлээ надад нээгээсэй гэж бодож явдаг. Гэтэл тэр болгон хүн бүр бие биендээ сэтгэлээ уудлаад байдаггүй, Энэ нь ч тэр хүний хэрэг боловч таны хажууд чинь байгаа хэн нэгэн таны хайраар дутаж л байгаа! Тиймээс Хүмүүсээ өдөр бүр бие биендээ хайртай гэдэг үгээ хэлж энэ амьдрал дээр надтай хамт ирж миний амьдралын ачааг бага ч гэсэн хөнгөлж өгч байдагт чинь үнэхээр баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлцгээе!!!


profile