Ш.МАРДААН: ТЭНГИС ШИГ ДОЛГИЛСОН ТАРИАН ДУНД ЗОГСОЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ
Уншсан 8871 vote 0 2012.09.04 12:55:31
-Энэ жил танайх хэдэн га-д тариалалт хийсэн бэ?
-Манайх энэ жил 1300 га-д улаан буудай тариалсан. Урьдчилсан байдлаар, нэг га-гаас 20 гаруй центнер (цн) ургац хураана гэж тооцоолж байгаа. Доод тал нь нэг га-гаас 15-17, хамгийн ихдээ 30 цн ургац хурааж байсан. 2005 онд нэг гагаас 11 цн ургац авч байсан хүндхэн үе ард хоцорсон. Энэ жил тариа сайхан ургалаа. Аймгийн хэмжээнд 305 мянган га-д тариалалт хийсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын III аян”-ы үр дүнд газар тариалангийн салбар сэргэж, сүүлийн таван жилд тогтвортой ургац авлаа. Технологийн хувьд сайжирч буй учраас тогтвортой ургац авах боломж бүрдсэн. Ургацаа хурааж авах бэлтгэлээ бүрэн хангаад байна. Хамгийн гол асуудал нь борлуулалт. Жилийн жилд л энэ тухай ярьж байна. Үүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд маань анхаарна гэсэн нь тариаланч бидэнд таатай мэдээ болж байна. Монгол Улс нийт 373.500 га-д тариалалт хийснээс 481.000 тонн үр тариа хурааж авна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй цаашид багахан хэмжээний буудай экспортлох боломж бүрдэж байна гэж хэлж болно. Цаашдаа гурил, улаан буудайн импортыг бүрмөсөн зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн олон тариаланчийн үгийг уламжилъя.
-Цагааннуур болон Сайхан сум байгаль цаг уур, хөрсний хувьд өөр өөр гэж сонссон.
-Цаг уурын болон хөрсний хувьд ч ялгаатай. Өөр өөр нөхцөлд газар тариалан хэрхэн хөгжиж байгааг эндээс харж болно. Манай энд хөрс зөөлөн, элсэрхэг тул голдуу зурваслан тариалдаг. Ноднин тарьсан талбайдаа тариалалт хийхгүй амрааж, урд жилийн амарсан талбайд тариалалт хийх маягаар ээлжлэн тарихыг хэлж байгаа юм. Зурваслан тариалсан талбайд салхи ихтэй учраас тариа амархан болдог. Салхи, усны элэгдлээс хамгаалахад нөлөө үзүүлдэг. Маш олон давуу талтай.
-Энэ жил бороо хур ихтэй байлаа. Ургац хураалт ч хэд хоногоор хойшилсон. Энэ нь ургацын чанарт нөлөөлөх үү?
-Бороо ихтэй байснаас ургац хураалт хойшилсон. Ноднин өдийд(наймдугаар сарын 25-26-нд) ургац хураалт эхэлж, ангилалтад орчихсон байсан. Хойшилсон хугацаа биднийг яаруу, эрч хүчтэй, бүх хүчээ дайчилж ажиллахыг шаардаж байгаа. Цаана нь цас ойрхон байгаа. Есдүгээр сарын 25 гэхэд цас орохыг үгүйсгэх газаргүй. Үүний наана хурааж амждаггүй юм гэхэд бүгдийг нь унагаж амжина гэж тооцож байна. Нэгэнт ургуулсан тариагаа цасанд даруулчихвал хэцүү. Хэдийгээр тарианы болц хожуу байгаа ч урд жилүүдийнхтэй харьцуулахад тариа арвин ургасан. Тарианы цутгалт их, натур сайтай байгаа нь ажиглагдаж байна. Ингэхээр тарианы чанар сайн байна гэсэн үг. Хаана ч борлуулахад чанарын шаардлага хангахуйц хэмжээний байгаа.
-Засгийн газраас хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан уу. Олсон орлогоо юунд зарцуулж байна вэ?
-“Атрын III аян”-ы хүрээнд хэрэгжүүлсэн техникийн хөнгөлөлт өд хамрагдсан. Эндээс 4-5 тоног төхөөрөмж авсан. Ер нь сүүлийн үед техник технологийн шинэчлэлд их мөнгө зарцуулсан. Алийн болгон төр засаг руу гар сарвайх вэ гээд байгаагаа шавхаад энэ жил чиргүүлийн трактор, комбайн тус бүр хоёр, хоёрыг авсан. Нэг нь дор хаяж 150-160 сая төгрөгийн үнэтэй. Технологийн шинэчлэлээс хоцорч болохгүй шүү дээ. Техникээ сайжруулчихсан байхад цаашдын ашиг орлого цаг хугацааны асуудал.
-Тариаланчид хөрөнгө мөнгө нь байвал газар тариалангаа усалгаатай болгох юмсан гэж ярьж байна лээ. Таны бодлоор энэ нь хэр боломжтой вэ?
-Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн цагаасаа хойш би энд 34 жил ажиллаж байна. Энэ хугацаанд “Газрын ундраа” компанийг 21 жил удирдаж явна. Усалгаатай газар тариаланг эрхлэх нь зөв. Усалгаатай болно гэдэг нь илүү баталгаатай болж өгнө гэсэн үг. Бүгд л усалгаатай болохын төлөө явж байгаа. Харин усны нөөц хомс байдгаас шалтгаалаад хүн болгон услаад байх бололцоо байхгүй. Байгалийн араншинг даган тариа ногоогоо тарьж байгаа нь нэг талын эрсдэлтэй хэдий ч цаг агаарын технологийг зөв ашиглаад явбал өртөг мөнгөний хувьд бага зардал гарах бололцоотой юм.
-Тариаланч хүний хамгийн жаргалтай үе нь мэдээж ургацаа хураан авах мөч байдаг байх, тийм үү?
-Тийм ээ. Тариаланч бидний хамгийн жаргалтай үе намар байдаг. Хавар шороонд хутгалдаж, зун нь наранд шарагдаад уринш хийгээд ядарч зовдог ч тэнгис шиг долгилсон шаргал тариан дунд зогсож, тариагаа хурааж тэвш дүүргээд ачуулаад зогсож байх шиг жаргал байхгүй.
-Таныг олон шавь төрүүлсэн гэдэг. Хүүхдүүд тань бас аавынхаа шийрийг хатааж яваа гэж дуулдсан?
-Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж яваа. Том хүү маань Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. Одоогоор компанийнхаа ерөнхий менежер, гүйцэтгэх захирлаар, бага хүү мөн компанийн инженер техникийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Хүний өөрийн олон шавь нар маань сайн ажиллаж байгаа. Монгол Улсын ургацын хошой аварга Л.Батсүх, ургацын аварга Лхагвасүрэн, Б.Ганболд гээд олон чадварлаг залуус Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Өөрийнхөө ажлын дадлага, туршлага, аргаа тариаланчдадаа зааж сургах юмсан л гэж бодож явдаг. Шинэ технологи бодож олоод түүнийгээ шавь нартаа зааж сургана. Аашилж загнадаг хэдий ч миний шавь нар их сайн суралцаж байгаа нь тэдний ажлын үр дүнгээс харагддаг.
mmmmmmmmmmm
kkkkkkkkkkkkkkkkk