
Бичлэгийн тоо 4,494
![]() |
Ш.Наранчимэг /Арлингтон/ Миний бие Аласкад хэдэн сар болохдоо монгол эцэгтэй нэгэн орос залуутай танилцаж Монголыг сонирхсон түүний олон асуултад хариулж явлаа. Түүний нэрийг Андрей гэдэг. Нэг удаа бид хоер орос хэлэнд орсон монгол үгсийн тухай ярилцсан юм. Нэгэнтээ би олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “ЗХУ-ын нутаг дэвсгэр дэх монгол гаралтай газар усны нэрс” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлж байхдаа 200-аад монгол үг орос хэлэнд байдгийг мэдэж авсан гэхэд Андрей ихэд сонирхон асуулт тавьсаар бид сургуулийнхаа автобуснаас хоцорч таксигаар гэртээ харих боллоо. Би: Москва, Кремль, Арбат, Байкал, Ессентуки, Тюмень гэх мэт газар усны нэрс нь монгол гаралтай гэж хэл шинжээчид үздэг. Москва гэдэг нь мушгиа гэсэн монгол үгнээс гаралтай гэж хэсэг эрдэмтэд үздэг боловч олны дэмжлэг авч чадаагүй юм. Харин Кремль гэдэг нь хэрэм, Арбат нь аравт, Байкал нь байгаль, Ессентуки нь есөн туг, Тюмень нь түмэн гэсэн утгатай бол Оросын зохиолч Тургеневийн нэр түргэн гэдэг үгээс үүсэлтэй. Оросын түгээмэл нэр болох Уланов, Ульянов нь улаан гэдэг монгол үгээс гаралтай гэв. Андрейг итгэж ядаад байхаар нь: -Орос үлгэр домогт гардаг баатар эрсийг та нар төн л монгол үгээр нэрлэдэг. Богатырь гэдэг үг одоогоос 800 жилийн өмнө монголчуудын хэлж байснаар танай хэлэнд ороод тэр хэвээрээ үлдсэн бол орчин цагийн монгол хэлэнд бид баатар гэж хэлдэг. Харин уйгаржин монгол бичигтээ бид багатур гэдгээр нь одоо хүртэл хэрэглэдэг гэтэл Андрей амаа ангайн гайхаж сууснаа “Англи хэлэнд орсон монгол үг байдаг болов уу?” гэхэд нь : -Байлгүй яах вэ. Хэдийгээр монголчууд Америк тивд ирээгүйч ambassador гэдэг үг дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгдэж байгаа.Ambassador нь амбан сайд гэсэн хятад үг боловч Чингисийн байлдан дагууллын үеэр монголчуудаар дамжин англи хэлэнд орсон цөөн үгсийн нэг мөн. Түүнээс гадна танай орос хэлэнд ура гэж орсон хурай гэдэг монгол үг англи хэлэнд яг монголчуудын хэлдгээр hurray гэж ороод одоо хүртэл хэрэглэгдсээр байна гээд ярьж байтал таксины жолооч бидэн рүү харснаа: -Та нар хаанаас ирээд ямар хэлээр ярилцаж яваа улс вэ? гэхэд нь би: -Монголоос гээд хариулчихсан юм. Замын турш оросоор ярьсан хэрнээ Монголоос ирсэн гээд хэлчихсэндээ бантаж явтал жолооч өөрийгөө Грек улсаас ирсэн иран гаралтай америк хүн гэж танилцуулаад: -Хүлүг хааны маань удам угсаа болох монгол хүнтэй хоер дахь удаагаа учирч байна. Хэдэн жилийн өмнө Аласкад явган аялагч гэж гурван монгол хүн ирээд “Буцах зардалгүй боллоо” гээд байж байхад нь манай хотынхон тэдэнд тусалсан юм. Бид хүүхдүүдийнхээ сургууль дээр Чинзоригийн каратэгийн тоглолтыг үзүүлж тэдний зардалд тус нэмэр болж байлаа. Гэтэл өнөөдрийн монголчууд такси хөлөглөөд явж байх юм. Танай улс Ази тивдээ ардчиллын манлай болж, ард түмнийхээ амьдралыг богино хугацаанд дээшлүүлж чаджээ гэв. Би хэлэх үгээ олохгүй, хэдэн доллар гэх бол гэж бодож байтал: Энэ улсад Чингис хааныхаа нэрийг өндөрт өргөж яваарай гээд мөнгө ч авсангүй. Тэрхэн үед буурай орны багахан цалинтай багшийн сэтгэхүйгээр мөнгө төлөөгүйдээ олзуурхан “Маш их баярлалаа” гэсээр машинаас бууж билээ. Такси хөдлөнгүүт Андрей: -Монгол хүн байх чинь ямар нэр хүндтэй юм бэ! Хэрвээ би танаас түрүүлээд “Оросоос ирсэн” гээд хэлчихсэн бол энэ жолооч лав биднээс мөнгө аваад, нэмж гар цайлгасныг чамлаад явах байсан даа гэв. Би ч таксины мөнгө хэмнэсэндээ баярлаад түүний яриаг нэг их анхаараагүй юм. Гэтэл гэртээ орж ирээд Андрей болон жолоочийн ярьсан зүйлийг эргэцүүлэн бодоход анх удаа гадаадад Монгол, Чингис хаан хоероороо бахархаж үзсэнээ мэдэрч билээ. Оюутан байхдаа оросуудын амнаас мөн ч олон удаа “Урилгагүй зочин татар монголоос дор”, “Тахиа шувуу биш, танайх гадаад биш” гэж сонсож явлаа. Германд очоод эх хэлээр нь мэндэлтэл оросоор мэндийн хариу барьж байсан герман хүнтэй тааралдаж явлаа. Польш нутгаар аялж явахад нэгэн польш эр: -700-аад жилийн өмнө монголчууд Европт ирэхдээ польш хүний сүнсийг зайлтал айлгаж явсан гэдгийг манай нэгэн сүмийн хонх өдөр бүр дуугарч бидэнд тэдний тарьсан гайг сануулж байдаг гэхэд нь: -Тэр чинь байлдан дагууллын дайн байсан шүү дээ. Ийм олон зуун жил өнгөрөөд байхад айсаар л байгаа юм уу гэтэл: -Чамаас ч айсан юм алга. Харин монгол гэхээр хүйтэн салхи үлээх шиг болдог гээд инээх маягтай жуумалзсанаа дараах түүхийг ярьж өгсөн юм. Эртний Польшийн нийслэл Краков хотын Марияцкийн сүмийн оройгоос монголчуудын довтолгооноос сэргийлэх дохио өгч байсан бүрээчийг монголчууд нум сумаар харван унагахад бүрээн дуу тасарсан боловч хотынхон дайсан ирж явааг амжиж мэдээд хотоо хамгаалсан гэдэг. Домог мэт энэ түүхийг польшууд хадгалан үлдэж өнөөг хүртэл Краков хотын Марияцкийн сүмийн оройгоос өдөр бүр их үдэд “Марияцкийн сүлд дуулал” хэмээх аяыг бүрээч суманд оногдож тасарсан хэсэг хүртэл үлээхэд сүмийнх нь хонх дуугарч, Польш орон даяар өдрийн 12 цаг болж байгааг радиогоор нэвтрүүлдэг гэнэ. Түүхийн ямар ч сурах бичгээс олж уншаагүй ийм сонин зүйл мэдэж авсандаа би олзуурхаж байсан. Унгарын эрдэмтэн Л.Бэшэ гуай үндэснийхээ музейг үзүүлж явахдаа “Бид Атилла хаанаараа бахархаж чаддаг байхад та нар Чингис хааныхаа нэрийг ч хэлэх эрхгүй өтлөх байх даа” гэж хэлсэн юм. Тийм ээ, тэр үед Чингис хааны нэрийг дурссан хүн буруутаж, өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ хэлмэгдүүлж байсан хүнд цаг байлаа. Гэсэн ч тэр үед их зохиолч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, яруу найрагч Р.Чойном, улс төрч эрдэмтэн Д.Төмөр-Очир зэрэг хатан зоригтой олон хүн эзэн Чингис хаанаа хамгаалан тэмцэж байсныг түүх мартахгүй. Эдүгээ Монгол оронд маань цаг өөр болж Чингис хаанаа бишрэн бахархахын зэрэгцээ нэрийг нь хувийн бизнест ашиглан, чанар муутай, хуурамч бүтээгдэхүүн гаргаж орлого олдог хандлага газар авсаар байна. Чингис хаанаар овоглосон архи, тамхи, алчуур, саван гэх элдэв зүйлүүд газар сайгүй хөглөрч, эзэн хааныхаа мэлмийгээр ширээгээ бүтээн, хамраа арчин явах цаг ирлээ гэж үү? Эдгээр үйл, бүтээгдэхүүнийг Чингис хааны нэртэй дүйцүүлж боломгүй санагдана. Вашингтонд ирээд Америкийн халимаг, өвөрмонголчууд жил бүр Чингис хааныхаа тахилгыг зон олноороо цугларч ёслол төгөлдөр үйлдэхийг хараад таксины жолоочийн хэлснээр харин тэд хүүгийн ёсоор Чингис хаанаа хайрлаж хүндэлж явдаг юм байна гэж ойлголоо. Бид, монголчууд, Чингис хааны үр сад гэж нэрлэгдэх хувьтай төрсөн хүмүүс. Иймд эзэн хаанаараа бахархаж явахын зэрэгцээ нэрийг нь сэвтүүлэхгүй ажиллаж, амьдарч сурах нь бидний үүрэг мөн. |