-Сайн явж байна уу, өөрийгөө танилцуулна уу.
-Сайн байна уу, намайг Нил Блонштин гэдэг. Би НҮБ-ын дэргэдэх Олон улсын Эсперанто холбооны суурин төлөөлөгч. Өмнө нь энэ ажлыг хийж байсан 82 настай эмэгтэй өвчний учраас чөлөөлөгдсөн тул би гурван жилийн өмнөөс Нью-Йорк хотын НҮБ дахь үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Би багш мэргэжилтэй. Нью-Йорк хотын цагаачдад зориулсан тусгай хөтөлбөрийн хүрээнд 20-иод жил англи хэл заасан. Эсперанточ болоод 40 жилийн нүүр үзэж байна. Эсперанто хэлний тухай ярихаас өмнө дэлхийн хамгийн алдартай эсперанточ Хамфри Тонкины тухай дурдахг үй өнгөрч болохгүй. Англи гаралтай тэрбээр Америкийн их, дээд сургуулиудад лекц уншдаг профессор хүн.
-Одоо та нар Бээжин рүү хөдлөх гэж байгаа юм байна. Караван гэж та бүхний нэрлэж байгаа энэ аяллын зорилго юу вэ. Хэдэн хүн цуваанд нэгдсэн бэ?
-Манай цуваанд 21 хүн бий. Зохион байгуулагч нь ОХУ-ын эсперанточ Вадим Бесеров. Мөн хамтран зохион байгуулж байгаа хүн бол Бразилийн аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн Арналдо Ребелато. Арналдо бол долоон жилийн өмнө намайг Бразилд энэ хэлийг зааж байхад миний оюутан байсан юм. Цуваанд маань ОХУ, Бразил, Голланд, Норвеги, Америк орны эсперанточид байгаа.
-Караван хаанаас хаа хүрэх вэ?
-Москвагаас Ханой хүртэл аялна.
-Монголд ирээд юу үзэж харав. Монголын эсперанточтой уулзав уу?
-Бид өчигдөр орой ирсэн. Цонжин болдогт очиж, Чингис хааны музейг үзсэн. Салхитай байсан хэдий ч бид орой дээр нь гарсан. Өмнө нь малчин айлын гэрт зочилсон. Улаанбаатар хотын замын түгжрэлээс болоод олон юм үзэж чадсангүй. Бид Улаанбаатар маш хурдацтай хөгжиж байгааг мэдэж байсан л даа. Гэхдээ ийм том хот гэж төсөөлөөгүй.
Ярилцлагын төгсгөлд Бразилаас ирсэн дуу хөгжмийн багш Амелия гитар тоглон эсперанто дуу хамтдаа дуулсан. Галт тэрэг ч хөдлөх цаг болж, эсперанточид маань Хятадын Эрээн хотыг зорилоо.
kkkkkkkkkkk