Бичлэгийн тоо 3,329
Төрийн
албан хаагчдыг Япон улсын тэтгэлгээр тус улсад магистрантурт суралцах
боломжийг нээсэн нэгэн чухал гэрээнд БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа, Японы
Олон улсын хамтын ажиллагааны төвийн дэд ерөнхийлөгч хатагтай Сатико
Ямано нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” хөтөлбөрийг 2012 онд хэрэгжүүлэх тухай уг гэрээ хүчин төгөлдөр болсноор сонгон шалгаруулалтад тэнцсэн, хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, боловсрол, байгаль орчин, хөгжлийн инженерчлэл, мэдээлэл харилцааны технолог зэрэг чиглэлээр Японы их, дээд сургуулийн магистрын сургалтад хамрагдах төрийн албан хаагч 18 хүний Японд суралцах хугацаанд шаардагдах бүх дэмжлэгийг үзүүлэх юм.
Тус хөтөлбөрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны төв дэлхийн 12 оронд амжилттай хэрэгжүүлж иржээ. Монгол Улсад уг хөтөлбөрийг 2001 оноос эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийд нэртэй Японы их, дээд сургуулийн магистрантурт төрөл бүрийн мэргэжлээр нийт 191 оюутныг суралцуулснаас 157 нь төгсөж ирээд байгаа аж.