БНХАУ-ын
нийслэл Бээжин хотод болж буй дуурийн алдарт дуучин Пласидо
Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд Монгол
Улсаа төлөөлөн оролцож буй ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин
Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо.
Тус тэмцээний эхний шатнаас олон улсын шилдэг 40 дуучин шалгарч авьяас
чадвараа сорьсноос манай дуучин шилдэг 20, улмаар шилдэг 10-т үлдээд
байсан билээ.
Тус тэмцээнийг 1993 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд Швейцарийн цагны алдарт “Rolex” компани ивээн тэтгэдэг. Франц, Мексик, Испани, Япон, Герман, АНУ, Австри, Болгар, Унгар, Итали, ОХУ зэрэг улсад зохион байгуулж байсан уг тэмцээн энэ жил Хятадад анх удаа болж байгаа юм. Сонирхуулахад, уралдааны тэргүүн байрт хоёр хүнийг шалгаруулж, тус бүр 30 мянга ам.доллар олгох бол II байр тус бүр хоёр хүн 20 мянган ам. доллар, III байр тус бүр хоёр хүн 10 мянган ам. доллар, тусгай байрын таван шагналыг 10-15 мянган ам.доллар дагалдах гэнэ.
Монгол орныхоо нэрийг өндөрт гарган дэлхийн шилдгийн шилдэг дуурийн дуучин Э.Амартүвшиндээ чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе