Бичлэгийн тоо 3,329
Дорнын
их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь
учиртай” яруу найргийн наадам энэ сарын 1-нд найрагчийн нэрэмжит
цэцэрлэгт хүрээлэнд болсон. Хоёр дахь жилдээ болсон уг наадмыг
Нийслэлийн ЗДТГ, МЗЭ-ээс хамтран зохион байгуулав. Эх орон, тусгаар
тогтнол, эх үрсийн элбэрлийн сэдвээр 170 орчим уран бүтээлч шүлгээ
ирүүлснээс эцсийн шатанд тунаж үлдсэн 21 найрагч Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдрөөр Явуугийн цэцэрлэгийн задгай талбайд цугласан
олонд бүтээлээ сонордуулсан юм.
Тус
наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш “Миний бүтээсэн юм бүхэн миний хэзээ ч
бүтээж чадахааргүй юм бүхэн” шүлгээр тэргүүн байр эзэлж, нэг сая төгрөг
гардлаа. Удаах байранд төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат
“Хороо орох зам”, яруу найрагч Б.Баттулга, С.Ууганбаяр, Ш.Лхамноржмаа
нар “Одоо л”, “Хөх нүдэн бүсгүйчүүд”, “Ижийгийн намар” бүтээлээрээ
шалгарч, айрагдав. Эл наадмыг ардын уран зохиолч П.Бадарч, “Болор
цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, яруу найрагч С.Оюун, утга
зохиол судлаач Д.Галбаатар нар шүүн тунгаасан юм. Түүнчлэн соёлын
гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ж.Бямбаа наадмыг хөтөлснөөс
гадна их найрагчийн “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь
учиртай” зэрэг бүтээлийг уншин олны сонорыг мялаасан. Соёлын тэргүүний
ажилтан Д.Бурмаа “Дуу минь, дуу минь”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”
дуугаар нь мэндчилгээ дэвшүүлэв. “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн
төрлөө, би” хэмээн шүлэглэж явсан Дорнын их найрагчийн дурсгалыг
хүндэтгэх наадам нар хуртай, найраг дуутай болж өндөрлөлөө.