
Сүмогийн түүхэнд анх удаа зургаан озэки зодоглосон зуны тэмцээний эхний өдрөөс манай аварга, арслангууд оноо алдаж, зургаан жилийн дараа япон бөх түрүүлэх нь хэмээн Наран улсын хэвлэлүүд мэдээлэн, ард түмэн нь хүсэн хүлээж байлаа. Мэдээж бид ч “Монгол бөхчүүдийн маань ялалтын буухиа тасрах нь” хэмээн санаа зовж суусан. Харин Монголын сүмогийн алтан хараацай, маэгашира Кёкүтэнхо буюу Н.Цэвэгням гялалзтал сайхан барилдан түрүүлсэн билээ. Тиймээс “Их Монголын алтан одод 2” сагсан бөмбөгийн шоунд оролцохоор ирсэн манай сүмочдын дунд тэрбээр жинхэнэ од нь байж, бүх телевиз, сонин ярилцлага авахаар даган хошуурч байлаа.
Анх долоон жилийн өмнө 2005 онд ёкозүна Асашёорюүгийн зохион байгуулж байсан “Их Монголын алтан одод 1” тэмцээнд сүмочид үндэсний бөхийнхнийг 44:40-өөр хожиж байв. Харин энэ удаад даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй үндэсний бөхчүүд даагаа нэхэж, ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдэж байсан бол ёкозүна Хакүхо уламжлал ёсоор сүмочид ялна гэж ярьж байв.Шоу тоглолтыг “ТВ коктейл”-ийн Э.Цолмонбаяр, жүжигчин Э.Ууганбаяр, "Х-Түц" хамтлагийн С.Тэмүүжин нар хөтлөн явуулсан бөгөөд ажлаа чадварлаг хийсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайханыг Монгол Улсын төрийн дуулал болон "Тамирчны алдар" дуугаар энэ үдшийн баяр эхэлсэн юм.
Бөхчүүдийн тоглолтын өмнө Монголын урлаг, спортын холимог оддын сагсан бөмбөгийн тэмцээн болсон. “Guys”-ын Д.Лхагва, загвар өмсөгч А.Чингүүн, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Fire” хамтлагийн гитарчин Д.Батбилэг, “Motive” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Passion” багийг энэ жилийн “Спрайт” супер лигийн тэргүүн тоглогч ОУХМ Г.Ихбаяр дасгалжуулж, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга боксчин П.Сэрдамба туслахаар нь ажиллав.
Харин
эсрэг талаас цагаан, хөх өмсгөлтэй “Voyage” баг гарч тоглосон. Тус
багийн бүрэлдэхүүнд “A-Capella” хамтлагийн дуучин Төрөө, реппер Gee,
хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, дуучин A-Cool,
“Lumino” хамтлагийн дуучин Бажи, кикбоксын дэлхийн аварга
Ц.Амарбаясгалан нарын тоглогчид багтсан байв. Тэдний туслах
дасгалжуулагч нь Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган.
Холимог одод тэнцүүхэн өрсөлдсөөр 29:27-гоор “Voyage” баг ялсан. Энэ тоглолтод “Motive” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ мэргэжлийн тамирчдаас дутахгүй уран сайхан тоглож, фэнүүдийнхээ эгнээг тэлж чадсан Ингээд үзэгч олны хүсэн хүлээсэн сүмочид, үндэсний бөхийнхний халз тулаан эхэллээ.
Сүмочдын багийн бүрэлдэхүүнд их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Какүрюү М.Ананд, Нацү башёгийн түрүү бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Чиёошёома Г.Мөнхсайхан, мөн Японы оюутны сумогийн ёкозүна Ямагүчи нар багтсан бол үндэсний бөхчүүд даян аварга Г.Өсөхбаяр, отгон аварга С.Мөнхбат, арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нараар багаа бүрдүүлжээ. Тоглолтын өмнө сүмочдын баг нэгэн нууц зэвсэгтэй гэдгээ зарлан зарим хүмүүс “Их аварга Асашёорюү болов уу” хэмээн таамаглаж байсан ч тэр тоглогч нь жүдогийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар байлаа. “Багт баяр хүргэе” хэмээн мэндчилэх мөчид үндэсний бөхчүүд шавж зогсон, хоёр минут хэртэй өрсөлдөгчдөө цоо ширтэн сүрийг үзүүлсэн нь сүмочдыг сандрааж, ямар ч хариу үйлдэл хийж чадалгүй хэсэг саатлаа.
Бөмбөгөнд багийн ахлагч Хакүхо, Г.Өсөхбаяр нар үсэрч, ёкозүна тохой хэртэй өндөр үсрэн бөмбөг авснаар тулаан эхэллээ. Хоёр баг нэг нэгнээ тандсан маягтай алгуурхан эхэлсний эцэст Харүмафүжи самбар доогуур гаран даллан шидэж, эхний оноог авлаа. Төдөлгүй шинэ арслан Какүрюү холын зайн шидэлтэнд сайн гэдгээ харуулан, дараалан хоёр удаа гурваас оновчтой буудсанаар сүмочид илт давамгайлж эхэллээ. Ялангуяа холбон тоглогч Цагаанааг зогсоох нь хүнд жинтэй бөхчүүдэд хэцүү байгаа бололтой. Ийнхүү эхний үед сүмочид 9:6-гаар илүүрхсэн. Удаах үеийг ч сүмочид Какүрюүгийн алсын шидэлтээр эхлүүлж, тэр чигээрээ давамгайлсаар эхний хагасыг дуусгасан.
Завсарлагаанаар багуудын хооронд нэг бус тэмцээнийг зохион байгуулав. Тухайлбал олс таталтанд сүмочид зовох юмгүй өрсөлдөгчдөө ялсан. Харин гүйлтийн тэмцээнд сүмочдыг төлөөлсөн Харүмафүжи, үндэсний бөхийн багаас гарсан М.Өсөхбаяр заан нар барианд зэрэг орсон бөгөөд Харүмафүжи финиш хийхдээ толгойгоороо түрүүлж орсон юм. Тэгвэл холын болон дундын зай, торгуулийн шидэлтийн тэмцээнд үндэсний бөхчүүд илүүрхэв. Эдгээр тэмцээнүүдэд гол тоглогчдоо оролцуулсан нь сүмочдод хүндээр туссан юм. Нэлээд цуцсан Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нар ойр ойрхон сэлгээнд суух болж, оронд нь гарсан тоглогчид оноо авч чадахгүй байснаар эсрэг багт санаачлага шилжсэн юм.
Ялангуяа даян аварга Г.Өсөхбаяр, гарьд М.Баяржавхлан нар самбарт Кёкүтэнхо, Кёкүшюүхо нарыг илт давамгайлах болж, залуу аварга С.Мөнхбатыг зогсоох хүн сүмочдоос олдсонгүй. Гуравдугаар үеийн дунд хэсэгт М.Баяржавхлан самбар доороос амжилттай довтолсноор анх удаа үндэсний бөхийнхөн оноогоор илүү (16:14) гарлаа. Тоглолтын хэмнэл нь удааширсан сүмочид холоос шидэж эхэлсэн ч амжилт олсонгүй, долоон онооны дутуу (21:14)-гаар энэ үеийг дуусгалаа. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед ч энэ байдал өөрчлөгдсөнгүй, сүмочид ердөө тавхан оноо авсан. Өнгөрсөн наадмын түрүү С.Мөнхбат аварга хол, ойрын ихэнх шидэлтээ байнд нь тусган, даян аварга самбарын дор үүргээ гүйцэтгэж сагсан бөмбөгт шаггүй гэдгээ харууллаа.
Ялагч тодорхой болсны дараа үзэгчид улсын заан Ч.Санжаадамбыг оруулахыг дасгалжуулагч Ц.Шаравжамцаас шаардаж эхлэв. Сэлгээнд суусаар зэврэх дөхсөн Ч.Санжаадамба ч орж ирэнгүүтээ амжилттай оролт хийх нь тэр. Ийнхүү тоглолт 33:19-өөр үндэсний бөхийнхөн илт давуу ялалт байгуулав. Тоглолтын дараа хүчит бөхчүүд хамтран “Халуун элгэн нутаг”- ийг дуулснаар “Их Монголын алтан одод 2” шоу өндөрлөсөн юм. Шүтэн биширдэг бөхчүүдтэйгээ зургаа татуулах гэсэн үзэгчид хаалтын ажиллагааны дараа урт дараалал үүсгэсэн бөгөөд хамгийн олон хүний хөлд дарагдсан нь Кёкүтэнхо Н.Цэвэгням байлаа. Хэдий нөхөрсөг тоглолт ч дараа заавал хариугаа авна гэдгээ сүмочид илэрхийлсэн нь “Их Монголын алтан одод 3” шоу удахгүй зохиогдохын дохио буй за.
М.СУГАР-ЭРДЭНЭ, фотог Г.ЭРДЭНЭТУЯА