Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын ерөнхий захирал Бернерд Валлат энэ сарын 2-4-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Бернерд нь есдүгээр сард манай улсад болох Дэлхийн донор орнуудын уулзалтын бэлтгэл ажил болон Монголын мал эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар иржээ.
Ноён Б.Валлат өчигдөр Мал эмнэлгийн хүрээлэнд зочилж, ХААИСийн хүндэт доктор цол хүртсэн юм. Энэ үеэрээ “Танай оронд анх удаа ирж байна. Манай байгууллага 178 орны гишүүнчлэлтэй. Тэр бүх оронд очих боломжгүй ч танай орны урилгыг хүлээж авч ирсэндээ баяртай байна. Монгол Улс мал, махны экспортоороо олон улсад тэргүүлэгч орон болоход малын өвчин саад болж байгаа. Тиймээс олон улсын стандартыг мөрдөж хэвш үүлэх нь чухал. Хандивлагч орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй ярилцаж, танай мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллана гэж бодож байна. Ингэснээр ойрын ирээдүйд Монгол Улс малын өвчлөлгүй орон болж, дэлхийд малын гаралтай бүтээгдэхүүний экспортоороо тэргүүлэгч болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Мөн энэ оны есдүгээр сард ДМАЭМБ-аас мэргэжилтнүүд ирж, баруун таван аймагт тандалт, судалгаа хийн малын өвчлөлгүй, эрүүл бүс гэж олон улсад зарлах тухай хэлэлцэх аж.