
Ерөнхий сайд С.Батболд “Өнөөдөр бид халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг бүх талаар дэмжиж байгаа. Хавдрын бус өвчин болох чихрийн шижин, цусны даралт ихсэх, хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлт, үзлэг, шинжилгээ үнэгүй хийх ажлыг АНУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилт, Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр орон даяар эхлүүлж байна. Эрүүл монгол хүн энэ орны үнэт баялаг юм. Иймээс ард түмэн маань энэхүү үзлэг оношлогоонд идэвхтэй хамрагдаарай” гэж уриаллаа. Мөн энэ үеэр урлагийн тоглолт болж Соёлын тэргүүний ажилтан дуучин Л.Банзрагч, Э.Оюумаа, мөн “Жонон” хамтлаг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид тэнд цугласан хүмүүст тог лолтоо сонирхууллаа.
Дүүргийн эмнэлгүүд өөрсдийн эмнэлгийн далбааг барьж,Мянганы сорилтын сангийн эмблем бүхий малгай, цамцаар жигдэрсэн байлаа. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн Д.Нина “Ард түмэндээ чиглэсэн ийм сайхан арга хэмжээ эхлүүлж байгаад баяртай байна. Ажил ихтэй, зав муутай болохоор эмнэлэгт үзүүлж амждагг үй. Бүтэн жилийн хугацаанд үзлэг, оношлогоо үргэлжлэх юм чинь би үзүүлнэ” гэж байв. Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хорооны иргэн Н.Нарантуяа “Ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь тун зөв хэрэг. Монголчууд янз бүрийн өвчлөлд их өртөх болсон энэ үед урьдчилан сэргийлэх ажил явуулж байгаа нь үнэхээр талархалтай. Цаашдаа ч иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна” гэв.
Иргэд энэ арга хэмжээг ам сайтай хүлээн авч байсан юм. Чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин 40-өөс дээш насны эрчүүдэд, хөхний, умайн хүзүүний хавдрын өвчлөл 30-60 насны эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог юм байна. Аймаг, дүүрэг, сум, хорооны эмч ажилчдыг сургалтад хамруулж, эмнэлгүүдэд тоног төхөөрөмж суурилуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд үзлэг, оношлогоо өнөөдрөөс эхэлж байгаа ажээ.