БНХАУ-ын
Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Архангай аймагт мах боловсруулах
болон хуурай сүүний үйлдвэр барих гэнэ. Тус аймаг жилд дунджаар 80 сая
литр сүү бэлтгэдэг. Аймгийн төв буюу Эрдэнэбулган суманд байгуулах
хуурай сүүний үйлдвэр нь хоногт 30 тн сүү хүлээн авч боловсруулан, жилд
дунджаар 400 тн хуурай сүү, 100 тн цөцгийн тос, 80 тн аарц үйлдвэрлэх
хүчин чадалтай. Энэ үйлдвэр нь орон нутгийн сүү бэлтгэлийн тогтолцоог
оновчтой бүрдүүлж байгаагаараа онцлог гэдгийг ХХААХҮЯ-ныхан хэлсэн.
2012-2014 онд үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулснаар орон нутгийн сүүний нөөцийг үр дүнтэй ашиглах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна 40 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 1800 гаруй малчин өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх гэнэ.
Мөн Өндөр-Улаан суманд 2012-2015 онд байгуулж, ашиглалтад оруулах мах боловсруулах үйлдвэр нь хоногт 80 бод, 1000 бог нядлах хүчин чадалтай. Бэлтгэсэн махны тал хувийг буюу бодынхыг өрөөл, хаа, гуяар нь, богийнхыг гулуузаар хөлдөөх бол үлдсэнийг нь ангилж савлах аж. Эл үйлдвэрийг байгуулснаар орон нутагт 159 хүн ажлын байртай болно.