Бичлэгийн тоо 3,329

Төрийн шагналт зураач Ц.Цэгмэдийн урланд зочиллоо. Будагнуудаа тавиур дээр өнгө өнгөөр нь ялгаж өрсөн, зургийн жаазуудыг тэвхийтэл хураасан, бүх зүйл нь эмх цэгцтэй, цэмцгэр урландаа тэрбээр Францад дэлгэх үзэсгэлэнгийнхээ бүтээлийг туурвиж суув.

-Та их сайхан урлантай юм аа.

-Тийм шүү. Санаа амар уран бүтээлээ хийх нөхцөл бололцоотой зураач бол хамгийн азтай. “Монген” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва зураач хүн болохоор мэргэжил нэгтнүүдээ юугаар дутагдаж гачигддагийг сайн мэддэг. Тийм учраас сургуулийн байрандаа урлан гаргаж өгч, оронд нь зураг зурж сурахыг хүссэн хүүхдүүдэд зөвлөгөө өгч байгаарай гэсэн. 2004 оноос хойш энд уран бүтээлээ туурвиж, “Монген”-ийн орон тооны бус, цалингүй багшаар ажиллаж байна. Дүрслэх урлагийн зохиомжийн хичээлд зөвлөх багшаар ажилладаг.

-Будаг нь хатаж амжаагүй шинэ бүтээл энд байна.

-Гурван нохойтой зураг уу. (нохойг ногоон, уулыг улаан өнгөтэйгээр дүрсэлсэн шинэхэн зургаа заав) “Гийчин” гэж нэрлэсэн энэ зураг миний хамгийн сүүлд зурсан бүтээл. Ирэх тавдугаар сарын сүүлчээр Францад үзэсгэлэнгээ гаргах гээд жижиг сажиг зураг зурж байна. Манай эхнэр Н.Туяа, охин Цацрал, төрийн шагналт зураач До.Болд, Н.Адьяабазар, уран бичээч Тамир Самандбадраа бид хамтарч үзэсгэлэн гаргах юм.

-Архангай аймгийн Чулуут сумынх гэл үү?

-Би Улаанбаатар хотод төрсөн хүн. Ээж маань Архангай аймгийн Чулуут сумынх. Би Чулуутад эмээ, өвөөгийндөө өссөн болохоор Чулуут нутаг сэтгэлд дотно байдаг юм. Бага ангидаа Чулуутын дунд сургуульд сурч байлаа. Сүүлд хот руу шилжиж ирсэн ч зуныхаа амралтаар эмээ, өвөөгийндөө очдог байсан. Тийм болохоор би Архангайн Чулуутынх гэж явдаг. Аав маань Булган аймгийн Баян-Агт сумын хүн. Гэхдээ аавтайгаа нэг их холбоотой байгаагүй болохоор нутагт нь очиж үзээгүй.

-Зураач болно гэж бодож эхэлсэн үе тань хэзээ вэ?

-Машин зураад үзүүлтэл багш маань “Ямар гоё зурдаг хүүхэд вэ” гэж хэлснээс л эхэлсэн дээ. Тэгэхэд би таван настай, хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард байдаг цэцэрлэгт явдаг байлаа. Хэн гэдэг багш байсныг сайн санадаггүй хэрнээ тэр үг нь надад одоо ч тодхон санагддаг. Тэр үг надад их урам өгсөн, түүнээс хойш тийм үг дахиж сонсохын төлөө ч юм уу зураад л байсан. Тэгээд Дурслэх урлагийн дунд сургуульд элсэж, 1978 онд төгссөн.

-Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ гэж. Санаандгүй хэлсэн ганц үг хүний амьдралыг өөрчилж болдгийн жишээ байна шүү дээ?

-Тэр хүн санаандгүй хэлсэн юм уу, санаатай хэлсэн юм уу. Ямар ч байсан тэр үг миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн. Хүүхдийн урмыг тэтгэвэл ирээдүйд нь яаж нөлөөлдгийг мэддэг болохоор зураг зурж сурах гээд мэрийж байгаа хүүхдэд болж өгвөл урам хайрлахыг хичээдэг.

-Та В.Суриковын нэрэмжит уран зургийн академийг төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж, СУИС-ийн захирлаар ажилласан гэдэг бил үү?

-Орос хэлний шалгалтад дунд дүн авсан болохоор Эрхүүд хэлний бэлтгэлд нэг жил сурсан. Тэгээд Москвагийн В.Суриковын нэрэмжит уран зургийн академид зургаан жил сурч төгсөөд 1985 онд ирэхэд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал, төрийн шагналт Д.Амгалан намайг сургуульдаа багшил гэсэн. Ингээд театрын тайз чимэглэлийн багшаар ажиллаж байтал Монголд ардчиллын салхи сэвэлзэж, тэр нь байгууллагуудад ч мэдрэгдэж эхлэв. 1989 онд сургуулийн багш, ажилтнууд намайг захирлаар сонгочихлоо. Дараа нь СУИС-ийн захирлаар бас хэдэн жил ажилласан. СУИС-ийн захирлаар ажиллаж байхдаа докторын ажлын судалгаа хийж, хадны сүг зураг судалж яваад хадан дээрээс унаж хүнд гэмтсэн юм. Эмнэлэгт хэвтэж, удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод ажлаа өгсөн. Ингээд 1998 оноос хойш чөлөөт уран бүтээлч болж, зургаа зураад сууж байна.

-Удирдах алба хашихаар яалт ч үгүй уран бүтээлээсээ хөндийрдөг шиг санагддаг. Албан тушаалаа өгсөн нь оносон ч юм бил үү?

-Тийм шүү. Тэр том сургуулийг удирдаж байгаа хүн зураг зурна гээд өрөөгөө түгжээд суултай биш. Хүссэн, хүсээгүй уран бүтээлдээ зарцуулах цаг багасдаг. Тийм учраас тэнгэр намайг уран бүтээлээ хий гээд хаднаас унагаж захирлын ажлаас холдуулсан байх гэж итгэдэг.

-Таны бүтээлүүд хадны сүг зургийг санагдуулдаг. Сүүлийн үед залуус бас хадны сүг зургийн элементийг уран бүтээлдээ тусгах болсон байна билээ?

-Би эхний үед бодит хийсвэр хоёрын голоор зурдаг байлаа. 1995 оноос хойш хадны сүг зургийн судалгаа хийж, дүрсийн бэлгэдлээр зурдаг болсон. Хөдөө гадаа явахдаа хадны сүг зураг харж, тэндээс эрч хүч авахыг боддог. Хүн үүсэхдээ л тэнд амьдарч байсан болохоор хадны сүг зурагтай газар тэр хавийн байгалийн эрчим хүчийг хамгийн их төвлөрүүлсэн шиг санагддаг. Би хадны сүг зургийг судалж, уран бүтээлдээ ашигласнаар супер симболизм буюу төгөлдөр бэлгэдэлт урлаг гэдэг урсгалыг бий болгосон. Монголчууд хэзээнээс л бүх зүйлээ бэлгэдлээр тайлбарлаж ирсэн, хэлж ярих, хийж бүтээхдээ бэлгэдлийг их хэрэглэдэг. Би түүнийг нь орчин үеийн хэв маягт оруулаад үргэлжлүүлэн хийж байгаа. Би бодит байдал, бодит өнгийг бүтээлдээ тусгадаггүй.

-Та зарагдсан бүтээлүүдээ хаана байгааг мэддэг үү?

-Төрийн шагнал авсан “Мөнх тэнгэрийн эвийн чуулган” зураг маань Уран зургийн галерейд байгаа. Японы Азийн урлагийн музей “Орхон” зургийг маань авсан. Гадагшаа их олон зураг гарсан. Сүүлийн үед монголчууд их авч байгаа. Миний зургийг цуглуулдаг хүн ч бий. -Зураач Н.Туяаг таны эхнэр гэдгийг хүмүүс мэдэх байх. Адил мэргэжилтэй, ижил сонирхолтой хүмүүс нэг гэрт амьдрахад амар байдаг байх? -Хоёр зураач хамт байхаар сэтгэлээрээ нэг нэгнээ ойлгох нь амар юм. Зураач хүн ямар ажил, амьдралтай, ямар бодол сэтгэлгээтэй байдгийг мэддэг болохоор бидний дунд нэг их зөрчил гардаггүй. Уран бүтээлээ яриад, амьдралаа болгоод л явж байна даа.

-Та эхнэрийнхээ уран бүтээлд шүүмж, зөвлөгөө хэлдэг үү?

-Бүтээлийг нь хараад урмын үг л хэлнэ үү гэхээс тэр нь болохгүй байна, ингэж хийхгүй яасан юм бэ гэж огт хэлдэггүй. Тэр хүний юу бодож зурсныг би бүрэн ойлгохгүй байж болно шүү дээ. Өөрийнхөө сэтгэлгээгээр, онгодынхоо зараалаар л уран бүтээлээ хийх ёстой болохоос бүтээлд нь бусдын санаа орох ёсгүй. Тийм болохоор энэ нь болохгүй байна гэсэн үг цухуйлгадаг ч үгүй.

-Онгод гэдэг таныхаар юу вэ?

-Би онгод байдаг гэдэгт итгэдэг. Онгод орсон үед л зургаа зурдаг. Онгод гэдэг чинь биднийг хүрээлэн байгаа далд ертөнцийн сүнслэг эрчим хүч. Бидний өвөг дээдсийн онгон сүнс өөрсдийнхөө санааг биднээр дамжуулан илэрхийлдэг. Би тэр онгодын санааг дамжуулагч байхгүй юу. Залуудаа өөрөө зохиож зураад байгаа юм болов уу гэж боддог байсан. Сүүлд янз бүрийн шалтгаанаар энэ бүхэн цаанаа эзэнтэй, түүний хий гэснийг л би хийж байна гэдгийг ойлгосон. Зурж байх үедээ онгодынхоо эрхшээлд бүрэн ордог. Будгаа нялах, зургийн бичилт бүрт биднийг тойрон орших онгодуудын эрчим хүч шингэдэг. Тиймээс бүтээл амьтай, өөрийн гэсэн энерги эрчимтэй болдог.

-Яриаг тань сонсоод таныг бөөгийн шашинд итгэдэг байх гэж бодлоо?

-Зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагчид яг бөөтэй адилхан. Тэнгэрээс өгсөн санааг буулгаж, хүмүүст хүргэдэг. Энэ бүхэн миний санаа биш, тэнгэрийн санааг л амилуулж байгаа юм. Би бодож зохиогоод байдаг юм биш. Бодож, зохиож зурдаг зураач байдаг л даа. Хүнд таалагдах гэж, хүнд тохитой тухтай, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд зурдаг хүнийг урлаг бус урлал хийдэг хүн гэдэг юм. Урлаг хийж байгаа хүн бол нэг хүний төлөө, хүний захиалгаар бүтээл хийдэггүй.

-Таны урлан их эмх цэгцтэй юм. Зарим зураач бийр, будгаа хөглөрүүлж орхиод зурах урамтай байдаг гэдэг?

-Би будаг, бийрээ эмх замбараагүй тавьчихвал олохгүй шүү дээ. Будгаа өнгө өнгөөр нь ялгаад байнга тавьдаг газартаа л тавьдаг. Улаан будаг тэнд байгаа гээд шууд л авчихна. Тэгэхгүй бол будгаа хайж яваад хамаг санаагаа алдчихвал яах юм бэ. Би тийм зураг зурна гэж төлөвлөдөггүй. Тухайн үед тэнгэрээс илгээсэн санааг л маш хурдан тэмдэглэж буулгадаг. Тэгэхээр бүх зүйл эмх цэгцтэй, гарын дор бэлэн байх ёстой.

-Зурж буй зургийнхаа хоёр талд лаа асаасан нь ямар нэг утга санааг агуулж байгаа юу. Эсвэл зүгээр л лаа асаах дуртай хэрэг үү?

-Би зотон дээр будаг тавих бүрт энэ өрөөнд байгаа онгон сүнснүүдийн эрчим хүч шингэдэг гэж боддог талаараа дээр хэлсэн дээ. Сайн, муу янз бүрийн эрчим агуулсан сүнснүүд бий. Тиймээс сөрөг эрчим хүчтэй энерги зурагт шингэхээс сэргийлж галаар ариусгаж байгаа юм. Монголчууд галыг ариусгах хүчтэй гэж үздэг шүү дээ.

-Тавиур дээр өрж тавьсан жижиг баримлууд сонирхол татлаа?

-1990-ээд оны эхээр би эднийг урласан юм. Тэр үед зураг нэг их зарагддаггүй, хүмүүс жижигхэн модон сийлбэрийг их сонирхдог байв. Би баримлын шавраар эднийг хийж, сийлбэрчдэд захиалж модоор сийлүүлээд өөрөө будаж чимэглээд борлуулдаг байлаа. Тэр үеийн дурсгал болгож эх загвараа хадгалж үлдсэн нь энэ. Бүтээлийн эх загварт урлагийн эрчим хүч илүү шингэсэн байдаг юм.

-Та зургаа хувилдаг уу?

-Хүмүүс энэ зургаа хувилж өгөөч гэсэн хүсэлт тавихад нь хувилж өгдөг. Гэхдээ зургаа өөрөө хувилж зурах дургүй. Зөвхөн мөнгөний төлөө хийж байгаа ажил болохоор дургүй хүрээд байдаг юм. Тиймээс хөлс мөнгийг нь өгч хүнээр хувилуулаад засаж янзлах зүйлийг нь засаад, хувилсан зурагт зурдаг гарын үсгээ зураад өгдөг.

-Хувилсан зургийн гарын үсэг ээ?

-Хувилсан зурагтаа латинаар, эх зурагтаа бол мон гол бичгээр гарын үсгээ зурдаг.

-Хоногийн хэдэн цагийг урландаа өнгөрөөдөг вэ?

-Янз янз даа. Зурмаар санагдсан үедээ өглөө эрт ирээд шөнө дөл болтол суудаг. Би сэтгэлээ дагаж амьдардаг болохоор надад төлөвлөгөө гэж байхгүй. Тухайн үед ямар сэтгэгдэл төрнө, түүнийгээ л хийдэг. Хиймээр санагдсан үедээ хийдэг, хиймээргүй санагдвал орхичихдог л хүн.

-Урландаа ирэхгүй хэр удаан байж чадах вэ?

-Гэртээ баймаар, эсвэл өөр зүйл хиймээр санагдаад ганц хоёр хоног ирэхгүй байх үе бий. Гэхдээ урландаа очмоор санагддаг. Сайхан санагдсан, хиймээр байгаагаа л хийдэг болохоор зураач нар хамгийн эрх чөлөөтэй, хамгийн аз жаргалтай хүмүүс шүү дээ.

 Х.УЯНГА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5928890/d9f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1129 Манай охид дөрвөн медаль аваад байна 2012-03-22 7988
1128 Дэлхийд алдаршсан монгол зоос 2012-03-22 8569
1127 Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно 2012-03-21 9347
1126 Монгол сэтгэлгээний үр жимс францад боловсорчээ 2012-03-21 9984
1125 Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ 2012-03-21 10047
1124 Ойрын хөрш холын садангаас дээр 2012-03-16 7692
1123 Х.АНУ: Амьдралын жүржийг нь ч, давсыг нь ч амталж амьдарна 2012-03-16 7935
» Ц.ЦЭГМЭД: СЭТГЭЛЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ БОЛОХООР НАДАД ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ 2012-03-16 8057
1121 “ITB Берлин-2014”-д Монгол Улс түншээр оролцох санал тавьжээ 2012-03-15 10404
1120 “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ӨӨР ДОЛООН ЗАЛУУ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ 2012-03-15 9676
1119 Хоёрдугаар сарын манлай нь С.Ням-Очир 2012-03-15 9688
1118 Монголын геологичид чуулна 2012-03-14 9044
1117 ЦАХИМ ЗАСАГЛАЛААР МОНГОЛ 76-Д ЖАГСЧЭЭ 2012-03-14 10202
1116 Төмрийн хүдрийн үйлдвэрлэл гурав дахин өсөх магадалтай 2012-03-14 9274
1115 Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо 2012-03-13 9550
1114 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОЙ АНХНЫ ОЁДОЛЧИН 2012-03-13 10000
1113 ОТО Олон улсын олимпийн хорооны комисст 2012-03-12 9488
1112 Малчин эмэгтэйчүүд анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байна 2012-03-12 9710
1111 Жендерийн тэгш байдлаар Монгол дэлхийд наймд жагсав 2012-03-12 8652
1110 Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ 2012-03-07 8638
배너신청
자생병원

배너신청