Бичлэгийн тоо 3,329
Өнгөрсөн жилийн “Гоёл” наадамд Японы загвар зохион бүтээгч Аюүми урилгаар оролцсон. Энэ жил “Гоёл-2012” наадамд
Сингапурын загвар зохион бүтээгч Пол Натаполыг урьсан. Гадаадын загвар
зохион бүтээгчдийг энэ наадамд урьж оролцуулах ажлыг зохион байгуулдаг
гадаад харилцааны хариуцлагатай албыг загвар өмсөгч Л.Гэгээ хариуцдаг юм
билээ. Сингапурын “Diva” загварын агентлагт ажиллаж байгаа түүнд
германчууд хамтран ажиллах санал тавьжээ. Түүнтэй онлайнаар холбогдлоо.

-ХБНГУ-д загвар өмсөхөөр болсон гэсэн. Ямар агентлагтай гэрээ байгуулсан бэ?
-Саяхан ХБНГУ-ын Хамбург хотын “Mega model” агентлагаас загвар өмсөх урилга ирсэн.
-Одоо ажиллаж буй агентлагаас чинь илүү нөхцөл амласан болохоор та тийшээ явж байгаа байх?
-“Diva” агентлаг дээд зэрэглэлийн загварлаг төрхтэй (high-fashion) загвар өмсөгчдөөрөө Азид нэртэй. Би энд нэг гараандаа 1000 ам.доллар авдаг. Харин “Mega model” агентлаг Жессика Перец, Винни Вулстон, Эндриж Пэжик, Тонни Гарн, Наташа Поли нарын дэлхийд нэртэй олон загвар өмсөгчдийг төрүүлэн гаргасан юм. Тэнд би жилийн 80 мянган еврогийн цалин авахаар гэрээ хийж байгаа.
-Өмнө нь өөр оронд загвар өмсөж байсан байх аа?
-ОХУ, БНСУ, Япон, Англи, АНУ-ын загварын агентлагуудад загвар өмсөж байсан болохоор гадаад харилцааны тал дээр багагүй туршлага хуримтлуулсан. Монголынхоо нэрийг гадаадын загварын тайзнаа гаргахад өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээж байгаа.