Бээжингийн ХХIХ зуны олимпод оролцох Монголын баг тамирчид шар өнгийн пиджак, цагаан өмд, цагаан банзлаар олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд гангарах аж. Олимпийн наадмын зохион байгуулагч болох БНХАУ-ын тамирчид бас ийм өнгийн ёслолын хувцас өмсөх юм байна. МҮОХ-ныхон өнгөрсөн даваа гаригт энэ асуудлаар хуралдсан байна. Хурал дээр зарим нэг нь хөрш хоёр улс нэг өнгөөр ижилсэх нь утгагүй, тэгээд ч Монгол Улсыг туурга тусгаар бие даасан улс гэдгийг мэдэхгүй зарим гүрэн бидний өмссөн хувцсыг хараад Хятадын нэг муж хэмээн ойлгоно шүү дээ гэж ёслолын ийм хувцсыг өмсөхгүй гэсэн санал хэлжээ. Гэсэн ч цаг хугацааны хувьд шинээр хувцас захиалах боломжгүй учир шар, цагаан хослол болсон өмд, цамцан дээрээ цэнхэр зангиа зүүхээр шийдвэрлэсэн юм байна. Шар өнгийг дэлхийн олон улс эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж үздэг аж. Манай улс олимпийн таван цагирагийн өнгө дагуу олимп бүрт өөр өөр өнгө сонгодог бөгөөд Сиднейд улаан, Афинд ногоон өнгийг сонгож байжээ. Энэ удаад медалийнхаа өнгийг өөрчилнө гэсэн утгаар алтан медалийн шар өнгийг сонгосон юм байна. Тэгээд ч монголчууд 11 удаа олимпод оролцохдоо шар өнгийн ёслолын хувцас нэг ч удаа өмсч байгаагүй ажээ.

profile