-Та хоёр оюутан ахуйдаа гэр бүл бололцсон улс. Тэр үеэс яриагаа эхлэх үү?
-Бид хоёр 1994 онд Унгарт оюутан болж очоод танилцаж билээ. Тэгээд тэндээ гэр бүл болоод анхны хүүхдээ Унгарт гаргасан. Зандаа маань хуулийн ангийн оюутан. Би Анагаахад сурч байсан. Оюутан цагийн хайр дурлал, баяр гуниг зовлон жаргалыг бусдын л адил хамтдаа туулж ирсэн дээ. Одоо бид 12 жил хамт амьдарч байна. Хоёр хүүхэдтэй. Бага хүү маань нэг ой гарантай. Тэр үед бид хоёр оюутны стипендээр л амьдарч байлаа. Ээж, аав төсвийн байгууллагад ажилладаг. Цалин мөнгө багатай гэсэн ч бидэнд яаж ийж илүүчлээд замын зардал өгнө. Сурна, хажуугаар нь ажиллана. Ингэж зүтгэсний эцэст бид Унгарт бас ч үгүй тов хийсэн бизнестэй болсон. Манай Зандаа үр хүүхэд, гэр бүлийнхээ өмнө хүлээх үүргээ маш сайн ухамсарласан эр хүн учраас бид хүний дайтай амьдарч ирсэн.
-Тухайн үед гадаадад сурна гэдэг чинь өндөр босго давж гарсан байх даа?
-Тэр үед би Анагаахын дээд сургуульд 1-р курст сурч байсан. Зандаа МУИС-ийн хуулийн ангид сурч байсан. Тэр үед онц сурлагатай, улсын зардлаар сурч байгаа нэгдугээр курс төгссөн хүүхдүүд гадаадад сурах эрхтэй байлаа. Тэгээд хүүхдүүд сонгон шалгаруулалтанд ороод гадаадын хуваарь аваад явдаг байсан. Бид хоёр шалгараад Унгарт явж байсан юм.
-Та тэндээ эмчээр ажиллаж байсан гэл үү?
-Би сургуулиа төгсөөд Унгарын Бошуд мужийн нэгдсэн эмнэлэгт сэхээний эмчээр ажилласан. Тэгээд дараа нь АНУ-д очоод тэнд эмчийн туслахаар ажиллаж байсан. Унгар, Америкт ажиллаж байхдаа өнөөгийн амьдралынхаа хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлж чадсан. Одоо ч бидний хувьцаа Унгарт бий. Тэр компаниасаа багагүй хэмжээний ноогдол ашиг авдаг. Манай хүн Унгарт хуулиар Рh.Докторын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөний дараа Унгарын их сургуульд багшлах, АНУ-ын хуулийн компанид ажиллах санал ирж байсан ч Монголоо гэсээр байгаад эх орондоо ирсэн.
-Мэдээж танд тэндээ үлдэж ажиллаж амьдрах сонирхол их байсан биз?
-Тэгэлгүй яахав. Миний хувьд үлдэх сонирхол маш их байсан. Өөрийн гэсэн орон зай, хамт олон, ажил амьдралын баталгаа маань байсан. Тэгээд би Зандаагаас жилийн дараа Монголд ирсэн. Намайг анх Зандаатай суухад л тэр Монголын тухай их ярьдаг байсан. Манай Монгол ийм байх ёстой гэж Монголын нийгмийн тухай их ярина. Ёстой нөгөө хүмүүсийн хэлдэгээр “Зөвхөн Монголдоо л” гэсэн сэтгэл зүрхтэй хүн дээ.
-Монголд ирнэ, ирэхгүй гэж багагүй маргалдаа биз?
-Би бол тэнд үлдэх сонирхолтой байсан учраас үүнийхээ төлөө бас өөрийнхөөрөө нэг хэсэг зүтгэсэн л дээ. Гэхдээ эцсийн эцэст эмэгтэй хүн хань ижилдээ түшиг тулгуур болох ёстой шүү дээ. Зандаагийн Монголоо гэсэн сэтгэл нь миний гадаадад амьдрах хүслээс илүү хүчтэй байсан гэх үү дээ. Тэгээд ч Зандаагийн хажууд олон жил яриаг нь сонсоод явсан болохоор сүүлдээ түүндээ уусч эхэлсэн. Бид Монгол улсынхаа хөрөнгөөр сайхан боловсрол эзэмшлээ, Монголдоо хувь нэмэр оруулбал хүүхдүүдийн маань ирээдүйд, Монголын ирээдүйд хэрэгтэй гэж хүлээн зөвшөөрөөд эх орондоо ирсэн.
-Батзандан айлын отгон хүү. Их эрх танхи уу?
-Манай хүн эрх танхил гэхээсээ илүү их ухаантай. Айлын бага хүүхэд чинь эцэг эхийгээ настай байхад гарсан болохоор багаасаа л өөрийн гэсэн бодолтой, амьдралын төлөө тэмцдэг, амьдралыг илүү их ойлгодог юм шиг санагддаг шүү.
-Батзанданг харж байхад их л хурц зантай хүн шиг харагддаг. Амьдрал л юм хойно та хоёрт ам зөрөх тохиолдол цөөнгүй биз дээ?
-Манай хүн аймаар ширүүн хүн биш шүү дээ. Харин ч аягүй дөлгөөхөн. Бид хоёр бүх л асуудлыг хоорондоо ярилцаж шийддэг. Зандаа их өрөвчхөн, өвгөд хөгшид настай хүмүүсийг их хүндэтгэдэг. Анх Зандаатай танилцаж байхад надад түүний шударга, их зөв зөөлөн сэтгэл нь таалагдсан. Гэхдээ өнөөдөр Монголд хэтэрхий шударга зан хэцүү байдаг юм байна л даа, Монголын нийгэмд шударга байж болдоггүй л юм шиг санагдаад байна.
-Та хань ижлийн хувьд ингэж яваад хэрэг төвөгт орох вий гэж анхааруулж байсан л биз. Ордны цонх руу улаан лооль, өндөг шидсэнийг тайван дөлгөөн Монголчууд цочирдож хүлээж авсан шүү дээ?
-Миний зөвлөгөө ч гэж юу байхав дээ. Мэргэжлийн улс төрч хүнд би заана гэж байхгүй л дээ. Тэрийг бол би байж боломгүй зүйл гэж бодохгүй байна. Гадаадын орнуудад улаан лооль шидэх нь айхтар том асуудал биш шүү дээ. Энэ бол улс төрийн тайван тэмцлийн нэг арга зам, хэлбэр л байхгүй юу. Энэ дээр бол би нэг их буруушаагаагүй.
-Таныг төрөх гээд эмнэлэгт хэвтэж байхад Батзандан жагсаал зохион байгуулаад явж байсан гэж сонссон?
-Манай нөхөр 2004 онд эх орондоо ирснээсээ хойш бүх л юмаа золиослоод л Монголын төлөө гээд л явж байгаа. Намайг төрөх үеэр хүртэл Их хуралдайгаар талбай дээр үгээ хэлээд явж байсан. Ард түмэн, эрүүл нийгмийн төлөө бүх л юмаа золиослоод л явдаг хүн. Эцсийн эцэст ингээд хэлмэгдээд байж байгаад үнэхээр итгэхэд хэцүү.
-Батзанданд хүнд ялтай зүйл ангиар эрүү үүсгэсэн. Байдал ямар байгаа вэ?
-Их хүнд ял тулгаж байгаа. 177-ийн 2 буюу цаазаар авах юмуу 25 жилийн хорих ял тулгаж байна. Нөхрийг маань хилсээр шийтгэх вий гэхээс их айж байна. Хилс хэрэг тулгах хандлага төр засагт байгаа юм болов уу гэсэн хардалт надад байна. Тийм учраас бид их айж байна. Хилсээр миний нөхрийг цаазаар авчих вий гэдгээс их айж байна. Гэхдээ бид ардчилсан Монгол оронд амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр бол 1937 он биш гэж сэтгэлээ зогоож байна. Гэхдээ хүмүүс янз янзын юм ярих юм. Хоол унданд нь хор хийгээд өгчихдөг ч гэх шиг. Тэр болгоноос айж байна.
-Баригдахад нь та хамт байсан уу?
-Зарлан дуудах ирэхэд нь бид хоёр яг дуудсан цагт нь хамт очсон. Би гадаа нь хүлээж байсан. Хоёр цагийн дараа манай хүн над руу залгаад “Өмгөөлөгч хэрэгтэй байна” гэж хэлээд л утсаа тасалчихсан. Тэгээд өмгөөлөгчтэй нь хамт УМБГ-ын бүх давхраар хайгаад олоогүй. Хүмүүсээс асуусан ч мэдэх хүн байдаггүй. Сургийг нь гаргаад яваад байсан чинь Ганц худаг руу аваад явчихсан байсан. Баригдлаа аваад явлаа гэж ар гэрт нь мэдэгдээ ч үгүй.
-Үймээн самуун олон хүний амь үрэгдсэн гээд байдал нэг л биш болсон ш тээ. Тэгэхэд Батзандан би хоригдох байх гэж болгоомжилж байв уу?
-Тэгж бодоогүй. 7 сарын нэгнээс хойш бид үргэлж хамт байсан. Бид хоорондоо үнэхээр оролцоогүй, хийгээгүй юм чинь яах вэ дээ л гэж ярьж байсан. Тиймдээ ч дуудсан цагт нь мэдүүлэг өгөхөөр очсон. Үнэхээр тэнд байгаагүй л байхгүй юу. Жагсаал дээр ч гэсэн ганц удаа очоод хоёр минут үг хэлээд л явсан. “Энэ жагсаал цуглаан тайван замаар явагдах ёстой” гэсэн утгатай үг хэлээд л явсан. Зохион байгуулаа ч үгүй, өөрөө ч байгаагүй. Тийм учраас барина, цагдан хорино гэдэг асуудал санаанд ч ороогүй. Яг цагдан хорих тушаал нь гараад ирэнгүүт 177-ийн 2 гэнгүүт бүгд шоконд орсон. Цааз гэхээр үнэхээр аймшигтай.
-Сонгуулийн үеэр Батзандан саналын хуудас урсан нь хүмүүст арай ч дээ гэж бодогдсон шүү?
-Зандаа өөрөө саналын хуудсыг ураагүй шүү дээ. Яг тэр будилаан гарч байх үед 22-р тойргийн хорооны дарга, СЕХ-ны нарийн бичгийн дарга Баярсайхан нартай хоёр давхарт өрөөнд нь юм яриад сууж байсан. Тэр үед тойрог, хэсгийн хорооны саналын хуудас ирсэн. Саналын хуудаснууд Доширакны хайрцганд задгай орж ирэхийг гадаа байсан хүмүүс хараад саналын хуудасыг ингэж задгай авч явж болохгүй ш тээ гээд бухимдаад дайрсан байна лээ. Яг тэр үйл явдал болох үед дээд давхарт нь юм яриад сууж байсныг телевизээр эвлүүлээд Зандаа урсан болгож гаргаж байгаа юм чинь. Хүмүүс шуугилдаад эхлэнгүүт тэд цонхоороо харсан гэсэн. СЕХ-ны нарийн бичгийн дарга Баярсайхан ч гэрчлэнэ.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Бие нь тааруухан байгаа. Баасан гаригт зүрх нь өвдөөд Ганц худгийн эмнэлэгт хэвтсэн. Тэрийг нь Даваа гаригт бид мэдэж байгаа юм. Бүхэл бүтэн 3 өдөр өнгөрч байхад ар гэрийнхэнд нь ямар ч мэдээлэл өгөөгүй л байхгүй юу. Хууль цагдаагийн байгууллага хүний эрүүл мэндийн асуудлыг нэг их ойшоодоггүй л юм байна лээ. Тэнд чинь бүхэл бүтэн хүн, ард нь бас гэр бүл нь байна шүү дээ. Ядаж дуулгаж болно оо доо.
-Өлсгөлөн зарласан гэж хэвлэлээр бичигдэж байна. Гэрээслэлээ бичиж үлдээсэн ч гэх шиг?
-Манай хүн зүрх муутай. Одоо байгаа нөхцөлд өлсгөлөн зарлавал амь, насанд нь аюул учрах эрсдэлтэй, бөөрний архаг үрэвсэлтэй. Өлсгөлөн зарлаагүй ч зарлана гэсэн хатуу шийдвэртэй байгаа. Би эргэж очоод эрүүл мэнд, амь насаа бод гэж уйлж үзлээ, гуйж үзлээ. Өөрөө бол шийдчихсэн байна лээ. Зүрхний өвчтэй бөөрний архаг үрэвсэлтэй хүн өлсгөлөн зарлахыг хориглодог. Эмч хүний хувьд үр дагаварыг нь мэдэрч их айж л байна.
-Эргэхэд асуудал гарч байна уу?
-Орсноос нь хойш 2 удаа очсон. Дандаа л хэл ам болж байж ордог. Уйлж дуулж байж нэг юм орно. Уг нь хууль журманд долоо хоногт 2 удаа эргэх эрхтэй гэж заасан байдаг юм билээ. Өөрөө их ухаантай хүн болохоор биднийг санаа зовно гээд их өөдрөг байхыг хичээдэг нь харагддаг. Намайг их зоригжуулна. Үнэн мөн нь ялгарна л гэдэг. Гэхдээ би нүднээс нь хараад л бүгдийг ойлгож байгаа юм чинь. Хэцүү байгаа гэдгээ надад хэлэх хэрэггүй л дээ. Би тэрийг нь харцаар нь мэднэ л дээ. Хилс хэрэгт цааз, 25 жилийн ялаар татчихаад байхад ямар сайн байхав. Төр засаг хууль цагдаагийн байдал ямар байгаа билээ. Тэр чинь бас хүн шүү дээ. Эгч нь өмгөөлөгчдийнх нь нэг нь. Бид сэтгэлийн их дарамттай, Зандаагаа хилс хэрэгт гүтгүүлчихгүй юмсан гээд өдөр шөнөгүй нойр хоолгүй чадлынхаа хэрээр л явж байна. Хийгээгүй хилс хэргийн төлөө ингэж байгаад их гомдолтой байна. Манай хүн тийм хэрэг хийх нь битгий хэл, тийм юмны талаар бодох хувь хүний ухамсарт нь байхгүй. Оготны хамраас цус гаргаж үзээгүй, хүнтэй хэрэлдэнэ, хар буруу санана гэж байдаггүй хүн шүү дээ.
-Телевизээр бол эрх баригчидтай үзэж л харагддаг?
-Үнэхээр шударга бус зүйлтэй хүн бүхэн л тэмцэх бодолтой байгаа. Ганц хэлж байгаа нь манай хүн болохоос биш бүгд л дотроо тийм бодолтой байгаа ш дээ. Тэр чинь ард түмнээ өмөөрсөндөө, ядуу зүдүү хүний өмнөөс өр нь өвдсөндөө л тэгж байгаа шүү дээ. Хүнийг хайрлах, энэрэх сэтгэлгүй бол хэзээ ч тэгж хүний өмнөөс дуугарч явахгүй шүү дээ.
Ц.Энхзул