Жил
бүрийн өвөл Швейцарийн Давост дэлхийн улс төр, эдийн засгийн лидерүүд
“зангиагүй” чуулж, геополитикийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг
тодорхойлдог жишиг тогтсоноос хойш 41 он улирчээ. Энэ жилийн чуулганд
Монгол Улсыг төлөөлөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
оролцохоор өнөөдөр Давосыг зорино. Уг нь Ерөнхий сайд С.Батболд тус
чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байсан ч Засгийн газраа бүрдүүлэх
хойшлуулашгүй ажлаас болоод орондоо Д.Зоригтыг явуулж буй.
Дэлхийн
эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб өнгөрсөн зун
Индонезийн нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн
засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа 2012 оны
Давосын уулзалтад оролцохыг албан ёсоор урьж, тэнд Монголын өдрийг
зохион байгуулахаар тохиролцсон юм. Клаус Шваб түүнчлэн Давос 2012-ын
төлөөлөгч дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн лидерүүдэд өмсгөх гэж
2500 ширхэг ноолууран цамц, малгайн хослол захиалсан нь Монгол Улсын
хувьд сюрприз байлаа.
Энэ нь
манай орны хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хувьд юутай ч
зүйрлэшгүй гадаад сурталчилгаа бөгөөд Монгол Улсыг уул уурхайн нөөц
баялгаар нь шохоорхож буй дэлхийн санхүүчдын анхаарлыг монгол ноолуур
руу “урвуулах” танилцуулга болох нь дамжиггүй. Дэлхийд алдартай арга
хэмжээний үеэр үндэсний хувцсаа улс төр, урлаг, спортын супер одуудад
өмсгөх замаар брэндээ таниулдаг уламжлал бий. Үүнд манай өмнөд хөрш
хятадууд нэлээд “гаршсан” гэж болно. Тэд Их найман гүрний төр, засгийн
тэрг үүнүүдэд хятад үндэсний дээл өмсгөж, улс орныхоо сүр хүчийг олон
улсад сурталчилж амжсан.