“Rostaing
Mongolian Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээн Монголд
анх удаа 2012 оны наймдугаар сард болох гэж байна. Европ, Азийн адал
явдалт спорт сонирхогч 200 гаруй тамирчин оролцох энэ тэмцээнийг Франц
улсын “Ростан” групп Вьетнамын “Вьет Адвенчер” компанитай хамтран Монгол
Улсын БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Баян- Өлгий аймгийн Цамбагарав ууланд
зохион байгуулахаар болжээ. Тэмцээний гол зорилго нь байгаль эх, хүн
төрөлхтний уялдаа холбоог биеэр мэдэрч, технологижсон амьдралаас тэс өөр
зүйлийг оролцогчдод мэдрүүлэхэд байгаа гэнэ.
“Спорт-байгаль, аялал жуулчлал” гэсэн нэрийн дор өрнөх олон улсын адал явдалт буухиа тэмцээн нь оролцогчдоос авхаалж самбаа, оюун ухаан, туршлага гээд олон чадвар шаардах төдийгүй гаднын тусламж авах болон автомашин мэт хөдөлгүүрт хэрэгсэл ашиглахыг хориглоно. Баг бүр дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд эхний өдөр мориор, дараагийн өдөр тэмээтэй, гурав дахь өдөр явганаар аялах юм байна. Мөн бартаат замын дугуйн болон завины уралдааны төрөлд нийт таван өдөр хүчээ сорихоор төлөвлөжээ.
Монголд иймэрхүү төрлийн олон улсын хэмжээний буухиа тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа нь дэлхийн олон оронд томоохон сурталчилгаа болно хэмээн үзэж байна. Учир нь уралдааныг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд газар дээрээс нь сурвалжлан дэлхий даяар шууд дамжуулан хүр гэхээр болжээ. Ингэснээр адал явдалт буухиа тэмцээнд оролцогчид шалгууруудыг хэрхэн давж, дараагийн өртөөнд хүрч буй зэргийг телевизээр, интернэтээр үзэх боломжтой гэсэн үг.
Одоогийн байдлаар Франц, Вьетнам, Сингапур, Хонконгоос хэвлэл мэдээллийн баг ирж сурвалжлахаа мэдэгдсэн байна.