Бичлэгийн тоо 3,329
Одоогоор
Монгол Улсын ашигт малтмалын экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-ыг зорьж
буй тухай economist.com цахим хуудсанд мэдээлэв. Дээрх тоо ойрын
жилүүдэд 95 хувь болж өсөх магадлалтай гэнэ. Түүнчлэн Монголыг зэс,
нүүрс, алт, мөнгө, уран, молибден болон бусад ашигт малтмалын арвин их
нөөцтэй, өнөөдрийн байдлаар 3000 орчим уул уурхайн лиценз олгогдсон
байдаг гэжээ. Оюутолгойн орд ашиглалтад орсноор Монголын эдийн засагт
хэрхэн нөлөөлөх тухай судалж буй Австралийн эдийн засагч Брайн Фишер
“Монгол Улс Катар шиг хөгжих боломжтой” гэж ярьжээ. Олон улсын валютын
сангаас 2012-2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунджаар 14 хувь
байхыг урьдчилан тооцоолжээ. Харин Оюутолгойн орд 2013 онд ашиглалтад
орохоос үүдэн манай эдийн засгийн өсөлт 2013 онд 22.9 хувьд хүрэх
төлөвтэй гэнэ. Цаашид манай улсын нүүрс олборлолт ихээхэн нэмэгдэж,
2020 он гэхэд жилд 40, 2040 он гэхэд жилд 240 сая тоннд хүрэх аж.
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийснээр Монголын хөрөнгийн биржийн зах
зээлийн нийт үнэлгээ хоёр дахин өсөх гэнэ. Иймээс уул уурхайгаас олох
асар их орлого нь Монголыг “баялгийн хараал”, “голланд өвчин” рүү
хөтлөхөөс болгоомжлох хэрэгтэй гэж олон эдийн засагч үзэж буй гэж тус
цахим хуудсанд мэдээлжээ.