Монголын соёлын үнэт өв болох морин хуур хөгжмийг сурталчилж, уран бүтээлчид болон урлаачдын ур чадварыг дээшлүүлж, гадаадын улс оронд сурталчлах зорилготой Морин хуурын олон улсын III наадмын тов гарлаа. Хоёр жилд нэг удаа болдог наадам ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо болно. Наадамд Монгол, АНУ, Канад, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын морин хуур сонирхогчид болон мэргэжлийн хөгжимчид оролцохоор бүртгүүлжээ.
Морин хуурын олон улсын анхдугаар наадам, эрдэм шинжилгээний хурлыг 2008 онд Японд амьдардаг хуурч А.Бат-Эрдэнийн санаачилгаар зохион байгуулсан юм. Анхны наадамд Монгол, ОХУ, БНХАУ, Японы уран бүтээлчид, эрдэмтэд оролцож байсан. 2010 оноос наадмын хүрээнд хуур урлаачдын уралдааныг зохион байгуулах болсон. Энэ жил эрдэм шинжилгээний хурал болон мэргэжлийн болон сонирхогчдын уралдаан, мастер класс сургалт зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн
морин хуурын холбоо, Монголын морин хуурын төв, Монголын соёл, эрдэм
шинжилгээний нийгэмлэг, ардын урлагийг хөгжүүлэх “Икэл” сан, Морин
хуурын чуулга зэрэг олон байгууллага хамтран явуулдаг Морин хуурын олон
улсын наадмыг зохион байгуулах хорооны даргаар Төрийн хошой шагналт
хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажилладаг юм.
Ж.СОЛОНГО