Монголын их эзэнт улс Юань гүрний үед анх гүйлгээнд гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг БСШУЯ саяхан улсын санд худалдаж авчээ. Энэхүү ховор дурсгал эртний зоос, мөнгөн дэвсгэрт цуглуулагч, түүхч эрдэмтэн Б.Нямаагийн АНУ дахь хувийн цуглуулгад нь байсан бөгөөд үүнийг тэрбээр олон улсын дуудлага худалдаанаас авч байжээ. Юань улсын мөнгөн дэвсгэрт нь дэлхийд маш ховор бөгөөд Монголд ганц ч үлдээгүй байж. Монголын түүхтэй салшгүй холбоотой, түүхийн хосгүй үнэт дурсгалууд, зоос, мөнгөн тэмдэгт хилийн чанадад түүхэн хугацаанд одож, эртний эдлэл цуглуулагч нарын гараар ороод алга болсон цөөнгүй жишээг бид мэднэ.
Харин төр засаг, БСШУЯ бараг анх удаа бодлогоор гадагш нь алдсан түүхийн ховор хосгүй үнэт баримтаа эх орондоо байх ёстой гэж үзэн сан хөмрөгтөө худалдан авч буй нь энэ юм. Монголчуудыг дэлхийн түүхэнд цаа сан мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. Үүний баталгаа болох Юань улсын цаасан мөнгөн дэвсгэртийг 1287 онд Хубилай хааны зарлигаар бүтээж, анх арилжаанд гаргасан юм байна. Одоогийнхоор бол эдийн засгийн хямрал нүүрлээд байсан тухайн үед зоосны ханштай дүйцэхүйц үнэ бүхий цаасан дэвсгэрт гүйлгээнд гаргаснаар мөнгөний уналтыг хязгаарлаж чадсан тухай түүхэн ном зохиолуудад дурдсан байдаг.
Энэхүү цаасан дэвсгэртийг барлан бүтээсэн бөгөөд монгол, хятад үсгээр бичиж, хааны тамгаар баталгаажуулсан байдаг аж. Уг барын дардсыг өнгөрсөн жил Хонконгийн биржид дуудлагаар худалдаж, ихээхэн өндөр үнээр нэгэн цуглуулагч авсан гэнэ. Харин эл мөнгөн дэвсгэрт олон улсын мөнгөн тэмдэг судлаач нарын хэлж буйгаар дэлхийн дуудлага худалдаанд 200 гаруй мянган доллараар үнэлэгддэг аж. Зоос цуглуулагч Б.Нямаа энэхүү хосгүй үнэт дурсгалаа өөрийн цуглуулгад байсан 52 ширхэг эртний ховор нандин зоосны хамт өгчээ. Энэ нь Өгөдэй, Гүег, Мөнх, Аригбөх зэрэг Монголын 24 их хааны нэр, ургийн овог, тамгатай дэлхийд ховорт тооцогдох, хосгүй үнэт цуглуулга гэнэ. “Гадагш нь алдсан түүх дурсгал, соёлын үнэт өвүүдээ эх орондоо буцааж авчрах том ажлын эхийг тавьсан тун зоримог алхмыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр тавилаа.
Үндэсний түүхийн музейд гарсан “Чингис хаан” үзэсгэлэнд энэхүү Юань улсын мөнгөн тэмдэгтийг урилгаар авчирч олны хүртээл болгож байсан. Тэр үед яагаад энэ түүхийн чухал дурсгал Монголд байдаггүй юм бол гэцгээж байсан. Тухайн үед эрдэмтэн Нямаа гуайтай уулзахад “Хамгийн үнэт цуглуулгын минь нэг. Улс орон маань өөрийн хамгаалалтад авна гэвэл би үнэ тохирвол цуглуулгаа өгье” гэж хэлж байсан юм. Тэгээд Мэргэжлийн зөвлөл хэлэлцээд авъя гэсэн. Энэ үнэт ховор мөнгөн тэмдэгтийг 52 зоосны хамт 230 сая төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр зоос болон мөнгөн дэвсгэрт нь өнгөрсөн онд хосгүй үнэт хэмээн бүртгэгдсэн. Монголчууд цаасан мөнгөн дэвсгэрт анх гаргаж байсан гэсэн түүхэн баталгааг энэ дурсгал харуулж буй” хэмээн БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун ярилаа.