Засгийн
газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосонтой
холбоотойгоор шинэ ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг
нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг олон нийтэд
хүргэх зорилгоор НХХЯ-наас сэтгүүлчдийн дунд “Ажлын сайнаар амьдрал
өөдөлнө” уралдаан зарласан. Тус уралдаанд хот, хөдөөгийн 40 шахам
сэтгүүлч 60 гаруй бүтээлээ ирүүлснээс өчигдөр шилдгүүдээ шалгаруулж,
шагналыг нь гардуулав.
Телевизийн шилдэг бүтээлийн төрөлд BTV телевизийнхэн “Ажил сайн уу” нэвтрүүлгээрээ тэргүүлж, таван сая төгрөг гардсан бол дэд байрт “Монгол ньюс” группийн дэргэдэх “C.A.C pictures” студийн “1x3=5 Орцны гэр бүл” нэвтрүүлэг шалгарч гурван сая төгрөгийн эзэн боллоо. Гутгаар байрт STAR телевиз болон Хөвсгөл аймгийн “Тайгын дуу” студийнхэн шалгарч, тус бүр хоёр сая төгрөгөөр шагнуулав.
Энэ ангиллын тусгай шагналыг Сүхбаатар аймгийн SB телевиз, Өвөрхангайн “Соёмбо” болон Ховд аймгийн Олон нийтийн телевизийн сэтгүүлчид хүртлээ. Сонин, сайтын шилдэг бүтээлд манай сонины сэтгүүлч Э.Энхмаа, Х.Болормаа нарын “Ажлын байр нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо цөөрлөө”, “Олны олон таван цэн буюу 21000 төгрөгийн хүч”, “Төгсөгчдөө талх шиг борлуулдаг сургууль” нэртэй нийтлэл, сурвалжлага тэргүүлж, гурван сая төгрөг гардав.
Хоёрдугаар байрт “Үндэсний шуудан” сонины Х.Түвшинтөгс, удаах байрт “Улс төрийн тойм”-ын Ц.Энхцэцэг, “Өдрийн шуудан” сонины Б.Гандолгор нар шалгарлаа. Түүнчлэн энэ төрөлд долоон тусгай байрын эзэн тодруулсны гурав нь “Өнөөдөр” сонины Х.Оюунсүрэн, Л.Ганчимэг, Ж.Тэгшжаргал нар байсан юм. Шагнал гардуулах үеэр НХХ-ийн сайд Т.Ганди “Ард түмний оюун санааны хүрдийг хааш нь чиглүүлэхийг та нарын үг, үзэг шийддэг билээ. Та бүхэн төр засагтаа хэдэн тэрбумаар ч хэмжигдэхгүй оюуны хөрөнгө оруулалт хийлээ” гэв.