Монголын
спортын хамт олон “Бөртэ чоно”-ын үеэр улиран одож буй оны шилдгүүдээ
тодруулж, нэгэн үдшийг хамт өнгөрөөдөг уламжлалтай. Энэ жилийн арга
хэмжээ өнгөрсөн даваа гаригт боллоо. Монголын спортын гэр бүл 2011 оныг
өндөр үр бүтээлтэй үдэж буй. Улсаас энэ салбарт 20 гаруй тэрбум төгрөг
төсөвлөж, үүний үр дүнд манай тамирчид хилийн чанадаас 222 медальтай
ирсэн нь жилийн өмнөхөөс эрс дээшилсэн үзүүлэлт байлаа. Мөн олимпийн
төрлийн ДАШТ-ээс дөрвөн медаль авч, чөлөөт бөх, бокс, буудлага, хөнгөн
атлетик, байт харвааны төрлөөр олимпийн найман эрх авсан билээ. Ийм
амжилттай спортынхны шилдгээр хэн тодрох нь олны анхаарлыг татаж байсан
нь тодорхой.
Шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулах эрхэм хүндтэй үүрэг спортын сэтгүүлч бидэнд ногдсон. Өнгөрсөн жилийн санал асуулгад 54 сэтгүүлч хамрагдаж байсан бол өнөө жил 74 болон нэмэгджээ. Шилдгийн шилдэг тамирчны төлөөх өрсөлдөөн боксчин П.Сэрдамба, эмэгтэй бөх О.Насанбурмаа нарын хооронд өрнөх нь тодорхой байсан. Сэрдамба Азербайжаны Баку хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль эх орондоо авчирч, олимпийн эрхээ биелүүлсэн амжилттай. Мөн тэрбээр дэлхийн рингнээс хос медаль авсан анхны боксчин болсон билээ. О.Насанбурмаагийн хувьд мөн л ДАШТ-ий хүрэл медалийг олимпийн эрхтэй хамт авчирсан юм.
Чөлөөтийн ДАШТ-ээс Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн гэсэн манай өөр хоёр бөх мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ тэдний барилдсан жин олимпод багтдаггүй болохоор Насанбурмаагийн хүрэл илүү жинтэй юм. Ингээд дүн гарахад П.Сэрдамба 510 оноогоор өнгөлж, 2011 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарлаа. Спортын сэтгүүлчид түүнийг нэгдүгээр байрт 26, хоёрдугаар байрт 14 удаа нэрлэсэн байна. Сэрдамба 2008 оны санал асуулгад дөрөвт бичигдсэн бол 2009 онд Х.Цагаанбаатарын хамтаар шилдгийн шилдэг болж, “Бөртэ чоно” гардаж байв. Гэхдээ энэ өдрийн гол баатар маань эдүгээ Казахстан улсад тэмцээнд оролцож яваа тул шагналаа гардаж чадаагүй.
Дэлхийн
дэвжээнээс мөн л хоёр дахь медалиа авсан О.Насанбурмаа 363 оноогоор дэд
байрт бичигдлээ. Гавьяатын болзлыг хоёронтаа биелүүлээд буй тэрбээр
2008 онд долдугаар байрт орж байлаа. Дэлхийн аваргаас алтын дайтай
мөнгөн медаль олзолж ирсэн Д.Отгонцэцэг 330 оноогоор гуравлаж, дэлхийн
том марафонуудад тогтмол “айрагдаж”, олимпийн эрхээ аваад буй хөнгөн
хөлт Б.Сэр-Од 302 оноо аван дөрөвт жагсав.
Монголын эмэгтэй уулчдаас дэлхийн зулай Эверестийн оргилд анхлан гарсан Б.Гангаамаа (228 оноо), тивийн аварга болж, IJF-ийн гранпри тэмцээн болон Дэлхийн цомоос хошой алтан медальтай ирсэн жүдоч бүсгүй П.Лхамдэгд (203), Их дуулга, Дэлхийн цомын аварга М.Бундмаа (202), улсын наадмаар 10 даван түрүүлж, Монгол улсын 20 дахь аварга цолыг гуядаж авсан С.Мөнхбат (193), ДАШТээс мөнгөн медаль авчирсан эмэгтэй бөх Б.Оюунсүрэн (184), Ази тивийн аварга болж, ДАШТ-ий шагналт байрт шалгаран олимпийн эрхээ биелүүлсэн боксчин У.Мөнх-Эрдэнэ (176) нар удаах байруудад жагсаж, оны шилдэг тамирчны шагналыг гардсан юм. Дэлхийд чансаагаараа эхний 16-д жагсаж буй тамирчдын хооронд болдог Masters тэмцээнд босоо байж, Дэлхийн цомоос хошой алтан медальтай ирсэн жүдоч Х.Цагаанбаатар “улаан шугам”-ны гадна үлдэн, 11-д оржээ.
Энэ өдөр мөн шилдэг дасгалжуулагчдыг спортын сэтгүүлчид тодруулсан. Энэ шагналын төлөө 13 дасгалжуулагч нэр дэвшсэн бөгөөд хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь шилдэг дасгалжуулагч бож, нэгд орсон нь шилдгийн шилдгээр тодрон, “Бөртэ чоно” гардах учиртай байсан. Энэхүү санал асуулгад сэтгүүлчид мэргэн шийдвэр гаргасан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байв. Тодруулбал, байтын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Бадамхатан 42 оноогоор гуравт, боксын шигшээгийн ахлах Д.Ганзориг 60 оноо аван дэд байрт бичигдэж, эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч Т.Сүхбаатар 117 оноогоор тэргүүн байрт заларсан юм.
Сүүлийн гурван олимпийг өнжсөн байтынхан “Лондон-2012”-ын хоёр эрх авсан нь Ц.Бадамхатантай салшгүй холбоотой байсан. Тэгвэл Д.Ганзоригийн удирдсан боксчид тивийн аваргаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн рингнээс нэг хүрэл медаль, олимпийн хоёр эрхтэй ирсэн юм. Т.Сүхбаатар багшийн хувьд түүний гурван шавь ДАШТ-ээс медаль хүртэж, үүний ачаар Монголын эмэгтэй бөхчүүд багаараа гуравт жагссан бахдам амжилт гаргасан билээ. Ийнхүү олон хүнийг баярлуулж, бас зарим нэгийг нь гомдоосон Монголын спортын “Оскар” амжилттай болж өндөрлөлөө. Ирэх жилийн өдийд Лондоны олимпийн баатар болсон өөр нэг тамирчин “Бөртэ чоно”-ын эзэн болоод зогсож байх биз ээ.
ШИЛДЭГ 10 ТАМИРЧИН
1.П.Сэрдамба (бокс) 510 оноо
2.О.Насанбурмаа (эмэгтэй чөлөөт бөх) 363
3.Д.Отгонцэцэг (эмэгтэй чөлөөт бөх) 330
4.Б.Сэр-Од (хөнгөн атлетик) 302
5.Б.Гангаамаа (уулын спорт) 228
6.П.Лхамдэгд (жүдо) 203
7.М.Бундмаа (жүдо) 202
8.С.Мөнхбат (үндэсний бөх) 193
9.Б.Оюунсүрэн (эмэгтэй чөлөөт бөх) 184
10.У.Мөнх-Эрдэнэ (бокс) 176
ДАСГАЛЖУУЛАГЧ
1.Т.Сүхбаатар (эмэгтэй чөлөөт бөх) 117 оноо
2. Д.Ганзориг (бокс) 60
3. Ц.Бадамхатан (байт харваа) 42
БАГИЙН ДҮН
1.Бэндигийн шигшээ баг 15
2.Софт теннисний эрэгтэй баг 7
3.Хөлбөмбөгийн шигшээ баг 6
4.Эрэгтэй урт бууны баг 5
5.Хоккейн шигшээ баг 1