Казахстан
улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласны 20 жилийн
ойд зориулсан боксын олон улсын тэмцээн Павлодар хотноо болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монголын долоон тамирчин хүч сорьж, гурван алт, хоёр хүрэл
медаль хүртжээ. Олимпоос хойш хоёр дахь тэмцээндээ оролцсон
Э.Бадар-Ууган жин өгсөн 60 кг-д тулалдахдаа гурав дараалан ялж, алтан
медаль хүртжээ. Түүнчлэн П.Сэрдамба (52 кг), С.Эрдэнэбаяр (81) нар
Казахстаны рингэнд аваргалсан байна.
Харин Н.Төгсцогт (56 кг), Б.Түвшинбат (69 кг) нар хүрэл медаль хүртсэн бол З.Энхзориг, Т.Чулуунтөмөр хоёр медальд хүрч чадсангүй. Манай ширэн бээлийтнүүд өнөөдөр Караганда хотноо эхлэх өөр нэг тэмцээнд хүч үзэх юм. Түүнчлэн энэ өдрүүдэд Алматыд хамтарсан бэлтгэл хийж буй эмэгтэй боксчид тэнд болсон нэгэн тэмцээнд хүч сорьжээ. Цөөнгүй орон оролцож, чансаа өндөртэй болсон уг тэмцээний 60 кг-д О.Сувд-Эрдэнэ үзүүрлэсэн байна. Манай тамирчин гурав ялж финалд шалгараад Украины боксчинд дийлдсэн юм.
Манай өөр зургаан боксчин Пакистаны Исламабад хотноо 22-29-нд болох олон улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордож байна. Дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор Г.Ариунболд (49 кг), А.Даваадалай (52 кг), Э.Идэрхүү (56 кг), Чинзориг (64 кг), Ж.Отгонжаргал (69 кг), Н.Шинэбаяр (75 кг) нар Пакистаны рингэнд тулалдах аж.