Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд БАЛДОРЖ шагнал олгох гурав дахь удаагийн ёслол өнгөрсөн есдүгээр сард болсон билээ. Нэр хүнд, шалгуур шүүлтүүр, оролцогчдын тоо, сэтгүүлчдийн эрмэлзэл тэмүүлэл гээд бүхий л хэмжүүрээрээ сэтгүүлчдийн ИХ ХУРД хэмээн тодорхойлогдох болсон энэ эрхэм шагналын гурав дахийг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ж.Гангаа хүртсэн. Ж.Гангааг ёслолын тайзан дээр гарч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Балдоржийн Нандинтүшиг нараас шагналаа гардан авсан тэр мөчөөс дөрөв дэх удаагийн уралдаан гарааны зурхайгаас эргэсэн билээ. Тэр өдрөөс хойш гурван сар өнгөрч. 90 шахам хоногийн хугацаанд сэтгүүлчдийн бүтээн туурвиж, БАЛДОРЖ шагналын хаягаар ирүүлсэн бүтээлүүдийг шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Шүүгчдийн зөвлөл шүүн хэлэлцлээ.
Уралдаанд 40 орчим сэтгүүлч 63 бүтээлээ ирүүлжээ. Ярилцлага, тэмдэглэл, хөрөг, сурвалжлага, асуудал дэвшүүлсэн нийтлэл, эргэцүүлэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг сэтгүүл зүйн бүхий л төрлөөр туурвисан бүтээлүүд иржээ. Урьд өмнөх уралдаанд оролцож байгаагүй залуу сэтгүүлчдийн идэвх илт сэргэсэн нь нэгэн онцлог мөн. Хууччуул буюу уралдаанд байнга оролцож тоосоо өргөдөг, Монголын сэтгүүл зүйд нэртэй мөртэй, уншигчдад нэгэнт танигдсан сэтг үүлчдээс зарим нэг нь огт алга. Шилдгийн шилдгийг туурвих гээд үзгээ хурцалж, үгээ шившиж суугаа биз ээ. Жар гаруй бүтээл гэдэг тооны хувьд чамлахаар биш ч, чанарын хувьд тийм ч сайн биш байна, өнгөрсөн хугацаанд уншигчдын нүдэнд торж, сэтгэлд үлдэхүйц сайн бүтээл бараг гарсангүй гэж Шүүгчдийн зөвлөл үзлээ. Түүнчлэн зарим сэтгүүлч маань өмнөх шалгаруулалтаас хойш бичсэн материалаа уралдаанд ирүүлэх ёстойг мартсан бололтой.
2011 оны есдүгээр сарын 20-ноос хойш 2012 оны есдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд бичиж нийтлүүлсэн, нэвтрүүлсэн бүтээл үүд тухайн оны шалгаруулалтад багтдаг, шалгаруулалт он дамнан үргэлжилдэг гэдгийг сануулъя. Хэд хэдэн сэтгүүлчийн материал энэ шалтгаанаар хойшлов. Бас сэтгүүлчийн өөрийн хөдөлмөр шингэсэн бүтээлийг чухалчилдаг, төлбөртэй буюу төсөл хөтөлбөрийн шугамаар хийсэн нийтлэл, нэвтрүүлгийг шалгаруулалтад оруулдаггүй гэдгийг тэмдэглэмээр санагдлаа. Шүүгчдийн зөвлөл улиралд 1-2 удаа хуралддаг, улирал тутам шилдэг арвыг тодруулсаар ирэх оны есдүгээр сард эцсийн шалгаруулалт болж, БАЛДОРЖ шагналын эзэн болон шилдэг аравт багтагсад тодордог билээ. Тэгэхээр дараагийн шалгаруулалт 2012 оны гуравдугаар сард болно гэсэн үг. Энэ хугацаанд сэтгүүлчид маань ур ухаанаа дайчлан олон шилдэг бүтээл туурвиж, уралдааны хаягаар ирүүлнэ гэдэгт найдаж байна.
ШИЛДЭГ АРВЫН АРААС ЖАГССАН ДАРААГИЙН АРАВТ
(байр эзэлсэн дарааллаар)
11. Д.Баасанжаргал “Эх орны манаа” сонин “Өмнөөс өрнийн зүг 2000 бээр” тэмдэглэл
12. Д.Байгалмаа МҮОНР “Алтан цадиг” радио цуврал
13. Б.Гандолгор “Өдрийн шуудан” “Туулын бохирдол V зэрэгт хүрч, Алтанбулагийнхны мал хромтой усаар ундаалж байна” нийтлэл
14. Б.Эгшиглэн, Ж.Тэгшжаргал “Өнөөдөр” “Хөшигний ар дахь хүүхдүүд” хамтын сурвалжлага
15. Д.Алтанцэцэг МҮОНТ “Соён гэгээрүүлэгч”, “Тусгаар тогтнол-газар шороо мину” теле нийтлэл
16. Г.Цолмон “Өнөөдөр” “Малын хулгайч нартай тооцоо бодсон малчид хэрэгтний ширээнд суужээ” сурвалжлага
17. Л.Нарантөгс “Ардын эрх” “Иргэншлийн сүүдэр” цуврал нийтлэл
18. С.Туул “Өнөөдөр” “Амьгүй намууд”, “Босгонд бүдрэх намууд” нийтлэл
19. Ц.Сосорбурам МҮОНР “Бодолд өнжих намар” радио нийтлэл
20. Н.Урантогтох “MN-25 дугаар суваг” телевиз “Өнцөг” нэвтрүүлэг