Бичлэгийн тоо 3,329
“Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ
Уншсан 7230 vote 0 2011.11.25 14:47:38

Монголын уул уурхайн салбарт анх удаа “Эрдэнэт” үйлдвэрийн
Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд шинэ шахах насос, мөн Эрчим
хүчний цехэд бага оврын усан цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авлаа.
Баяжуулах фабрикаас гарах үйлдвэрлэлийн технологийн хаягдал булингыг
хүлээн авдаг Хаягдлын аж ахуйд 2007 онд Герман улсын “Siemens” фирмийн
насос суурилуулжээ.Уг насосс нь цагт 15 мянган м3 хүртэл хаягдлыг шахах
хүчин чадалтай юм. Энэ богино хугацаанд 410 мянган ам.долларын цахилгаан
эрчим хүч хэмнэжээ. Харин шинэ тавьсан шахах нассос нь Хятад улсын
Найпу фирмийнх бөгөөд цагт 15000 м3 хүртэл хаягдлыг 80 метрийн өндөрт
шахах хүчин чадалтай аж. Мөн үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Эргэлтийн
усан станц нь үйлдвэрлэлийн хаягдал ус болох далангийн сангаас цэвэршсэн
усыг татан авч Баяжуулах фабрикийн эргэлтийн усанд нийлүүлдэг. Сүүлийн
жилүүдэд далангийн усны түвшин нэмэгдэж, 80 метрийн өндрөөс даралттай ус
тус станцад ирдэг байсан. Энэ даралтыг бууруулах, нөгөө талаар усны
даралтыг цахилгаан эрчим хүч болгох инженерийн давхар шийдлээр энэхүү
бага оврын усан цахилгаан станцыг суурилуулан ашиглалтад хүлээн авлаа.
Хоёр гидротурбин нь нийт 1300 квт буюу 1,3 мегаватт цахилгаан үйлдвэрлэх
хүчин чадалтай. Жилд 1,3 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний
хэмнэлт гаргах юм. “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн өндөр үр ашигтай,
дэлхийн уул уурхайн компаниудад ашиглаж буй сүүлийн үеийн тоног
төхөөрөмжийг ийнхүү үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Энэ үеэр бид зарим
хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг:
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, ажилтнууд, өнөөдөр түүхэнд
бичигдэх нэгэн том үйл явдлын гэрч болж байна. Техникийн бодлого
шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа шинэ насосыг ашиглалтад орууллаа.
Үйлдвэрийн түүхэнд анх удаагаа төдийгүй, монголдоо анх удаа баяжуулах
фабрикийн хаягдлын аж ахуйн нуурын усыг шинэ технологиор эргэж ашиглах
боллоо. Энэ усны уналтыг ашиглаж, бага оврын цахилгаан станц барьж
ашиглалтад оруулж байна. Иймээс түүхэн үйл явдал гэж хэлж болно.
Манай үйлдвэр эрчим хүч хэмнэх асар их боломж бүрдэж байна. 2008,
2009 оны хямралын үед үйлдвэрийн хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулах
үед энэ ажил яригдаж байсан. Өнөөдөр бодит биеллээ олж байна. 1,5
мегаватт эрчим хүч үйлдвэрлэх өөрийн эрчим хүчний эх үүсвэртэй боллоо.
Жилд 1,3 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт үйлдвэртээ гаргаж байгаа юм.
Нийт зардал нэг орчим тэрбум төгрөг.
Энэ ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж гүйцэтгэсэн
үйлдвэрийнхээ нийт ажиллагсад, эрчим хүчний хэлтэс, цахилгаан цех,
хамтран ажилласан компаниудадаа талархаж байгаагаа илэрхийлье.
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар :
2015 он хүртэл хөгжүүлэх үйлдвэрийн хэтийн төлвийн ажлын дагуу
Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн өргөтгөлийн ажил хийгдэж байна.
Хоёр жилийн турш 11 км ган хоолойг үйлдвэрийн ажилчид маань өөрсдийнхөө
хүчээр шинээр хийж суурилуулж тавилаа. 35 сая тонн хүдэр боловрсуулах
нөхцөлд Хаягдлын аж ахуй найдвартай ажиллах боломж бүрдэж байна. Ер нь
бид ирээдүйгээ харсан ажил хийж байгаа. 2012 оны сүүлчээр Өөрөө
нунтаглах хэсэгт тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийнэ.
2013 онд зургаан сая тонн хүдэр нэмж үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
Үйлдвэрийн хүчин чадал 32 сая тоннд хүрнэ. Үүнийг дагаад Хаягдлын аж
ахуй хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдэж байна гэсэн үг.Монголын уул
уурхайн түүхэнд анхных болсон бага оврын усан цахилгаан станц бас
ашиглалтанд орлоо. Бид сэргээгдэх эрчим хүч гаргаж эхэллээ. Хиймэл
нуурын худгаас гарсан усаа 1200-ын диаметртэй ган хоолойгоор баяжуулах
фабрикт татан авч үйлдвэрлэлийн технологит эргүүлж ашигладаг.
Цагт 8-10 мянган м3 ус шахагдаж байгаа. 2009 он дэлхий нийтийн
эдийн засгийн хямрлын жил байсан. Энэ үеэр бид яаж эрчим хүч хэмнэх
талаар судалгаа хийсэн юм. Ингээд эргэлтийн усны даралтыг ашиглаж жижиг
оврын усан цахилгаан станц барих шийдвэр гаргасан. Манай мэргэжилтнүүд
Хятадын Счова мужийн усан цахилгаан станцыг очиж үзэж судалсан. Тэгээд
тэндэхийн хүмүүстэй хамтарч ажиллах санал тавихад жижиг оврын усан
цахилгаан станц барьж болох нааштай хариу өгсөн юм. Тэд нар турбин дээр
жижиг оврын станц тавьж үзээгүй. Зөвхөн задгай усан дээр тавьж байсан
талаараа ярьсан.
Бид санал бодлоо харилцан солилцож тооцоо хийсний үндсэн дээр 750
мгаватын хүчин чадалтай хоёр жижиг станц бариад ашиглалтанд хүлээн аваад
байна. Ингэснээр 1,5 квт цахилгааныг гаднаас худалдаж авахгүй өөрсдийн
хэрэгцээндээ ашиглах сайхан боломж бүрдлээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат:
Бага оврын усан цахилгаан станц нь инженерийн сонин сэтгэлгээ,
шийдлээр хийсэн ажил. Насосны станцуудын даралтын хэмжээ далангийн ус
өргөсхийн хэрээр илүүдэл даралт бий болсон. Нэгдүгээрт бид илүүдэл
даралтаа буулгах шийд гаргаж чадсан. Хоёрдугаарт илүүдэл даралтаа
цахилгаан эрчим хүч болгон хувиргаж байгаа юм.
Ийм хоёр давхар ашигтай техникийн шийдэл хийлээ. Цахилгаан эрчим
хүч болгон хувиргах хоёр турбин нь 650 квт-ын хүчин чадалтай. Цаашид
баяжуулах фабрикийн хэрэглэж байгаа усны хэмжээнээс хамаарч өөрчлөгдөх
боломжтой. Далангийн хэмжээ өндөрсөх тутам хүчин чадлаа нэмэх ирээдүй
бий.
Ингэснээр оноос онд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчийг
үйлдвэр дотроо хэмнэлтийн бодлогын хүрээнд зүй зохистой шийдэж байна.
Эргэлтийн усан станц Эрчим хүчний цехийнх. Үйлдвэрээс гарсан хаягдал ус
далангийн санд очиж байгаа. Тунаад цэвэршсэн усаа буцаан татаж баяжуулах
фабрикт нийлүүлдэг. Усны түвшин 80 метрийн өндөрт байгаа. Тэр усны
уналтыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж байгаа юм. 1,3 тэрбум төгрөгийн
цахилгаан үйлдвэрлэнэ.
Энэ хэмжээгээр цахилгааны хэмнэлт гарна гэсэн үг. Эрчим хүчний
болон Цахилгаан цехийн хамт олон, Барилгын үйлдвэр, Хятадын олон
байгууллагатай хамтарч энэ ажлыг хийсэн. Эдгээр бүх хүмүүст баярлалаа
гэж хэлэх байна.
Эрчим хүчний цехийн дарга М.Шаравдорж: Өнөөдөр
бид”Эрдэнэт” үйлдвэрийг усаар хангадаг “зүрх” нь болсон Эргэлтийн усны
насосны станц дээр ирээд байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн гол судас
болсон станц. Тэгэхдээ технологийн хувьд сөрөг үр дагавар гарсан. Усны
түвшингээс шалтгаалаад даралтын илүүдэл бий болсон. Энэ даралтыг
цахилгаан эрчим хүч болгон буулгах шийдлийг үйлдвэрийн инженер
техникийн ажилчид гаргасан л даа. Ингээд бага оврын хоёр станцыг ажилчид
маань өөрсдөө угсарч өнөөдөр ашиглалтанд өгч байна.
Энэ хоёр станц нийлээд 1,3-1,5 мгават цахилгаан эрчим хүч гаргах
хүчин чадалтай юм гэлээ. Баяжуулах фабрикийн хаягдал булинга шахах шинэ
насос,бага оврын усан цахилгаан станцыг ашиглалтанд хүлээн авах, тууз
хайчлах нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, цех,хэсгийн
дарга нар оролцлоо.
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн
хүрээнд техник техник технологийн шинэчлэлт үе шаттай явагдаж байна.