
1. Энэ Улаанбаатарын дарга нарыг хар!
Нэг л их утаандаа “угаартсан” улсууд. Улаанбаатарын утааг арилгана гэж сүүлийн хэдэн жил л улсын төсвөөс уут уутаар нь мөнгө авцгаалаа. Утааг арилгах гээд байгаа ч юм уу, утаагаар бизнес хийн ууж идэж завших гээд ч байгаа юм уу, учир нь ер олдохоо болилоо. Улсаас болон гаднаас их мөнгө зараад ч утаа багасах нь лөөлөө болж байх шиг байна. Хотын иргэд нь утаандаа “төөрч”, өмссөн хувцас нь тортогтоо “харлаж”, төрсөн хүүхдүүд нь угаараар “амьсгалж”, түмэн олон нь хахаж цацан “багтарсаар” хичнээн жилийг угтаж, үдэв дээ. Зарцуулах ёстой
мөнгөө Зайсангийн аман дахь гэртээ аваачаад нуучихдаггүй л юм бол, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог”-ийн үлгэр болдоггүй л юм бол, эрх биш “аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг мааждаг”ийн жишээгээр утаа багасмаар л юм. “Өөх ч биш, булчирхай ч биш” энэ байдлаас болж хотын оршин суугчид нь уушгиндаа багтраатай, нүүрэндээ “хар маскатай”, унаган бие нь утаа “үнэртэй” болох нээ.
Яс юман дээр хэдэн арван сая хүн амтай Бээжин, Москва, Вашингтон хотуудын дарга нарын дэргэд та нар хэн юм бэ? Зарах ёстой мөнгөө зарах зүйлд нь зарцуулж, захын гэр хорооллоо орон сууцанд оруулж, замбараагүй олон машинуудаа нийтийн тээврийн үйлчилгээгээр “орлуулж”, болохгүй бол хотоо ч нүүлгээд ч болов асуудлаа шийдэхийг оролдмоор юм. Зуны хэдэн сар найр наадам хэсч ерөөлийн мэндчилгээ дэвшүүлж, энд тэнд очиж эсэн бусын тууз хайчилж, хадаг уяж байхынхаа оронд налгар намрын дараа утаатай өвөл ирдэг гэдгээ марталгүйгээр
ажлаа хийж, сэтгэлээ чилээж байвал зүгээр сэн. САЙН БОД.
2. Энэ УИХ-ын гишүүдийг хар!
Нэг л их бидний төлөө “шаналж”, “шар махтайгаа хатсан” дүртэй улсууд. Сонгуульд ялмагцаа “биеэ тоож” алга болчихоод, сонгууль дөхөөд ирэхээр л учиргүй биднийгээ “санаж”, “хайр зарлана”. Зурагтын камер харахаараа нэг л их “эх оронч” дүртэй ч, камераас холдохоороо хэд гурваараа нийлж “энийг ч яаж завших вэ? тэрийг ч яаж идэх вэ?” болоод явчихна. Жил жилийн төсвөөс тэрбум тэрбумаар нь өөрсдөдөө хуваарилуулж, тэрнээс нь “ашиг унагах” гэж зүсэн зүйлийн сайн муу арга сүвэгчлэх. Тэр мөнгөнөөсөө жалга дов бүхэнд хэрэгтэй хэрэггүй засвар,
өргөтгөлд “наахдаа” өөрөөсөө өгч байгаа мэт “сүржигнэн”, дараагийн сонгуулийн “нүхээ малтана”. “Шинэ баян цээж өвчтэй”-н үлгэрээр чадахгүй байж морь уях, шалихгүй байж “хоосон цэцэрхэх” дуртайг яана. “Муу дээрээ муу, муухай дээрээ улцан” гэгчээр бусдын өмнөөс “хонооп” дарах дуртайг нь яана.
Яс юман дээр Монголын тусгаар тогтнолыг амь насаараа авч үлдсэн эх орончдын дэргэд та нар хэн юм бэ? Батлах ёстой хуулиа баталж, хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлж, хянах ёстой зүйлээ хянаж, хэрэгтэй хэрэггүй зүйлд “хошуу дүрж”, “хэлхэлдэж орооцолдож” явахаа болимоор юм. Монгол орны хөгжлийн төлөө, шударга ёсны төлөө, монгол хүний үнэ цэнийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж чадахгүй бол, мэддэгт нь зайгаа тавьж, чаддагт нь ажлаа өгч “мөрөөрөө морио уралдуулаад” явж байвал зүгээр сэн. САЙН БОД.
3. Энэ намуудын дарга нарыг хар!
Нэг л их талцаж хуваагдаж, тэврэлдэж нийлсэн улсууд. Сонгуульд ялах гэж худлаа амална. Амлалтыг нь нэхэхээр нэхсэнд нь мөнгө өгч “амыг таглаж”, нэхээгүйд нь юу ч өгөхгүй хоосон орхино. Амалснаа биелүүлэхгүй мөртлөө ахиад амлахдаа ер “ичихгүй”. Өөрөө ялж чадахгүй бол өрөөл бусадтай барьцан “зарга үүсгэж”, өргөн олныг турхиран “үймээн дэгдээх” мөртлөө өөрсдөө “бултаад алга болчихно”. Гэсэн хэрнээ хэн ч хэзээ ч хариуцлага хүлээсэн удаа үгүй. Элдэв онол арга зүй ярихаараа “хэрэлдээд” таарахгүй, эд баялаг “хуваарилан завших”
болохоор эвсч нийлээд салахгүй. Ард олныг гишүүнчлэлээр талцуулна, авгай нөхрийг үзэл суртлаар муудалцуулна, ажил амьдралыг “хольж” будлиулна. Өөрийгөө “ихэд” бодож, доодост “дээрэлхэн”, дээдэст “зусардаж” ажлыг “гурилдсаар” 20 жилийг элээлээ. Хариуцлага алдах тусмаа “дэвшдэг” гишүүдтэй, шатах тусмаа “сүндэрлэдэг” ордонтой намууд болж дээ.
Яс юман дээр Монгол Улсыг намтай нь, төртэй нь алдаа онооных нь дэнстэй хамтад 40 жил удирдсан Ю.Цэдэнбал гуайн дэргэд та нар хэн юм бэ? Намаа нам шиг болгож, үзэл бодлын зөрүүгээ тодорхой болгож, сонгуульд шударгаар өрсөлдөн, унасан ч “эр бөх” шиг “тахимаа өгч”, ялсан нь давсан бөх шиг “тугаа тойрч” сурмаарсан. Төр барьж байгаа нь хариуцлагаа үүрч, сөрөг хүчин болсон нь хяналтаа тавьсан шиг тавьж, түмэн олны эрх ашгийг, эв нэгдлийг, Монгол орны хөгжлийг тэргүүнд тавьж сурвал зүгээр сэн. САЙН БОД.
4. Энэ Энхбаяр Нямдорж хоёрыг хар!
Нэг л их бие биенийхээ “хар”-ыг гайхаж, муу муухайгаа дуудалцсан улсууд. Ардчилал ялснаас хойшхи 20 жилийн турш Монголын улстөрийн тогоон дотор хамтдаа “буцалж”, “бурзайж”, “идэж ууж”, “тоглож наадаж”, “үрээ танихгүй өнөр, үрээгээ ялгахгүй баян” болцгоолоо. Юу дутлаа гэж, юуг чадсангүй гэж, юуг амжсангүй гэж түмэн олны өмнө ийн “шившгээ дэлгэцгээнэ” вэ? Хууль зассаныг ч, хөрөнгө завшсаныг ч, эрх мэдлээ ашигласныг ч, улстөрийг бизнес болгон хувиргасныг ч олон нийт “гадарлаж” байгаа ч, хэзээ хуулийн өмнө нотлогдон хариуцлагаа үүрэхийг
нь хүлээж байгаа. “Тоглож байгаад уйлдаг, тонгойж байгаад унгадаг” балчир жаалууд шиг, гаргаж байгаа араншинг нь харахаар “өмнөөс нь нүүр улайм”, “ийм тэнэгүүдээр төр бариулж байсандаа” харамсахад ч багадмаар.
Яс юман дээр Халхын хан Намнансүрэн, Хотгойдын ван Чингүнжав нарын дэргэд та нар хэн юм бэ? Үнэхээр л шударгууг тогтоох гээд байгаа юм бол, араандаа зуулгүй, ард нь нуугдалгүй хуулийн өмнө заргалд л даа. 20 жил “хуулийг гууль” болгож, эрх мэдлийг өшөө авах хэрэгслэл болгож, түмэн олны сэтгэл зүйгээр тоглохыг тань тэвчээртэй харлаа. 20 жилд ардчилалыг анархизм болгосны төлөө “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодлоо ч” олон нийт та нарт итгэж чадахгүйг мэдэж байвал зүгээр сэн дээ. САЙН БОД.
5. Энэ сайд нарыг хар!
Нэг л их олон ангит кино хийж, өөрсдийгөө сурталчилсан улсууд. Салбрынхаа өмнө тулгамдсан олон асуудлыг эр зориг гарган оновчтой шийдэхийн оронд , олон ангит кино хийж олон нийтийг “аргадаж, учирлаж” суух. Солонгосын “савангийн дууриуд”-ын оронд Монголын олон ангит кинонууд гарч, бага боловч нөлөөлж байгаа нь сайн хэдий ч энэ бол сайд нарын хийх ажил, тоглох “дүр” хараахан бишээ. Яамдын ажлыг зөв бодлогоор нь, сайн үр дүнгээр нь биш, ямар кино хийснээр нь дүгнэж үнэлдэг болчихвол, хөгжил хаашаа явах вэ? Хийх ажил шийдэх асуудал
өч төчнөөнөөрөө байхад заавал кинонд мөнгө зарцуулж, сайд нь оролцож байхын хэрэг юун. Одоо бусад сайдууд олон ангит кино хийж үргэлжлүүлбэл хүмүүс мөдхөн “уйдаж”, дургүйцэх биз.
Яс юман дээр Холливиудын оддын дэргэд та нар хэн юм бэ? Ядаж л уул уурхайгаас өөр хөгжүүлэх салбар Монголд байгааг мэдрүүлмээр, бас сануулмаар. Уул уурхайгаас илүүтэй Монгол хүний эрүүл мэнд, бие бялдар, боловсрол,оюун санааны хөгжилд анхаармаар. Уул уурхайгаас орж ирж байгаа их наяд мөнгөнөөсөө монгол хүний хөгжилд, саруул ирээдүйн төлөө зарцуулмаар. Байгалийн ашигтай болон ашиггүй баялаг дуусах мөчид монголчууд бид энэ газар нутаг, хөрс шороон дээрээ үлдэнэ гэдгээ санаж байвал зүгээр сэн. САЙН БОД.
6. Энэ бизнесменүүдийг хар!
Нэг л их нүүрс гадагшаа зөөн баяжиж, Монголын хөрс шороог талхалсан улсууд. Ард нийтийн өмч болсон ийм их баялгийг яахаараа хэдхэн хүмүүс хувийн юм шиг эзэмшиж байдаг юм. Яахаараа өдөр шөнөгүй, хараа хяналтгүй Хятад руу зөөн, мөнгийг нь завшиж байдаг юм. Үгүй тэгээд хэн үүнийг хариуцаж, хэдий хэмжээний мөнгө улсад татвар болгон тушааж, хэрхэн юунд зарцуулж байгааг ил тод мэдээлж яагаад болдоггүй юм бол. Худалдаж авч байгаа нь ухаалгаар ашиглан “баяжиж” байхад, худалдаж байгаа эзэд нь улам ядууран бухимдаж байгаа учрыг төр
засаг нь тайлбарлан зохицуулж яагаад болдоггүй юм бол. Худлаа гэвэл Хятадын хилийн наана цаана ямар байгааг очоод хар даа. “Мөнгө цагаан, нүд улаан”-ы гайгаар Улаанбаатарын утаа шиг мананцартсан “тоосонцор”, улаанаар эргэж, хэзээ ч сэргэхгүй болсон хөрс шорооны төлөө хэн хариуцлага хүлээх юм бол. Хэн үүнийг сэргээх юм бол.
Яс юман дээр Билл Гэйтсийн дэргэд та нар хэн юм бэ? Эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээр “баяжиж”, үүнийхээ төлөө өрөөл бусдын өмнөөс “бардам харж”, бусдад тус болон “буян үйлдэж, өөрсдөө болохоор “их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу”-гийн үлгэрийг бусдад үзүүлж баймаар. “Ганцаараа идсэн гахай мэт таргалж”, “шунал ихдэж шулам болсон” төрхөөрөө, Монгол орны ил далд баялгийг ингэж сүйтгэснийхээ төлөө хэзээ нэгэн цагт хариуцлага болон цээрлэл хүлээнэ гэдгээ марталгүй санаж байвал зүгээр сэн. САЙН БОД.
7. Энэ бөхчүүдийг хар!
Нэг л их найраа хийж “баяжсан” улсууд. Монголчуудын сар саатаж, жил хүлээдэг үндэсний наадмын бөхийн барилдааныг “найраа” болгон хувиргасаар удаж буй. Үнэн хүчийг үзэн, уран мэхийг уралдуулан барилдаж, түмэн олноо баясгахын оронд, уран үгсийг уралдуулан хэлэлцэж, үнэт мөнгийг тоолон байж, түмэн олныг мэхлэн байж улсын цолонд хүрнэ. Цол авснаас хойш уугуул нутаг, уул усныхаа нэрийг барин байж, түргэн унаа тохилог байр, сүргээр мал, түмээр мөнгө авч “мялаалгуулна”. “Цол дагаж бяр” биш мөнгө, хөрөнгө цуглуулсаар “олны жишиг” даган
улстөрд орж “найраа” гаа үргэлжлүүлэхийг хүсэн тэмүүлэх. Зарим нь “Бөх хүн бүдүүн өвсөнд” бүдэрнэ. “Чөмөггүй байж туг ширээ” гэгчээр, шударгагүй байж бусдад гайхуулна, бас зодно. Монгол эрийн босоо хийморь болсон үндэсний бөхийн гайхам сайхан уламжлал энэ цаг дор улам бүр гудайсаар. Харин бөхчүүд нь шударга бусаар “баяжсаар”.
Яс юман дээр алдарт Намхай аварга, буур Жамьян аварга, Түвдэндорж аваргуудын дэргэд та нар хэн юм бэ? Монгол эр хүний мөс чанар, жудгийг монголчууд бөхчүүдээр л төсөөлдөг байсан. Тиймдээ ч тэд нарыг эрийн хийморь, уул усны “сахиус” хэмээн хүндлэн дээдэлдэг. Мөнгөтэй баянаараа бус, муйхар бүдүүлгээрээ бус, эртэй бяртай, суурьтай ухаантайгаараа бусдад хүндлэгдэж, бусдын хүндлэлийг “дааж” явах учиртайг мэдэж байвал сайн сан. Монголчуудын үндэсний бахархал болсон монгол бөхийн ёс жудгийг дээдэлж, бас хөгжүүлж байвал зүгээр сэн.
САЙН БОД.
Энэ мэтийн ил далд, том жижиг асуудлуудыг эгэл бид хэлэхгүй юм бол хэн хэлэх юм бэ? Ерөнхийлэгч хэлэх юм уу? Ерөнхий сайд хэлэх юм уу? Их хурлын дарга хэлэх юм уу? Хэлэхгүй шүү дээ. САЙН БОДОЦГОО