БНАСАУ-аас ажиллах хүчин авах хүсэлтийг хүлээн авч эхлэв
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлснээр Улсын Их хурлаас "Ажиллах хүч харилцан солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2007 оны долдугаар сарын 20-ны өдөр соёрхон баталсан.
Хэлэлцээрт дурьдсаны дагуу Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам БНАСАУ-ын Гадаад худалдааны яамтай хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудал болон харилцан солилцон ажиллах хүчний тоо хэмжээг ойрын үед тохиролцох гэж байна. Тодруулбал, ажиллах хүчний тоо, хэрэгцээ, олгох цалин хөлсний доод хэмжээ /ам.доллараар/, хөдөлмөрийн нөхцөл /хэвийн, хэвийн бус/, нийгмийн хамгаалал /нийгмийн даатгал/, зэрэг асуудлыг Солонгосын талтай удахгүй тохиролцох тул ажилчин авах хүсэлтэй байгууллагууд ажлын байрны захиалгаа нэлээд нягт нямбай боловсруулж өгөх хэрэгтэй юм байна.
2009 онд БНАСАУ-аас ажиллах хүчин авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд саналаа боловсруулж Үйлдвэр худалдааны яаманд долдугаар сарын 23-наас өмнө ирүүлэх хэрэгтэй ажээ. Одоогоор хичнээн ажилчин авна гэсэн тоо заагаагүй, ажлын байрны санал дээр тулгуурлаж захиалгаа өгөх гэнэ.