• 2008.07.18, 12:28 • Онцлох:, Өглөөний сонин Энэ мэдээг 417 хүн уншсан. Өнөөдөр, 257 хүн уншаад байна.
Усны хэрэг эрхлэх газрын улсын кадастр, инженерийн барилга байгууламжийн хэлтсийн дарга Я.Цэдэнбалжир: Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ундны цэвэр усны байгууламж дээр гольфийн талбай байгуулж байна
-Тус газар нь Хан Хэнтийн Дархан цаазат газар бөгөөд таван га газрын хөрсийг нь юу ч үгүй болтол нь хуулсан байжээ-
Нийслэлийн ундны усны дээд эх үүсвэр болсон Гачууртад байрлах Туул голд Солонгос компани голфийн талбай барихаар таван га газрыг ухаж, хөндсөн хэрэг гарсан. Одоогоор энэ газрын үйл ажиллагааг нийтэд нь зогсоогоод байгаа юм байна. Иймээс энэ талаар бид холбогдох мэргэжилтнээс нь дараах тодруулгыг авсан юм.
-Ундны усны эх үүсвэр дээр ямар нэг үйл ажиллагаа явуулж болохгүй. Гэтэл яагаад энд голфийн талбай байгуулах зөвшөөрлийг олгодсон юм бол оо?
-Нутгийн иргэдийн ярьж буйгаар Баянзүрх дүүргийн засаг даргын зөвшөөрлөөр өнгөрсөн оны сүүлчээр олгогдсон гэж байгаа. Уг нь засаг дарга нар газар олгох эрх мэдэлтэй байдаг ч олгогдсон газар өөрөө Улаанбаатар хотын төв цэвэр усны эх үүсвэр дээр байгуулагдах гэж байсан. Улаанбаатар хот үндсэндээ дөрвөн ундны усны эх үүсвэртэй. Дээд эх үүсвэр нь энэ голфийн талбай барихаар зөвшөөрөл өгөгдсөн газар. Харин доод эх үүсвэр нь үйлдвэрийн, мах комбинатын , туулын раойн гэсэн газрууд үүссэн байгаа. Дээд эх үүсвэрт 1980-аад онд үндсэндээ ундны усны нөөц үүссэн бөгөөд 270 орчим мянган метр куб худгийн нөөцтэй газар. Энэ бол ундны эх үүсвэрийн хамгийн нандин газар юм. Ямар ч үйл ажиллагаа энд явуулах ёсгүй. Тиймээс энэ газар олголт оновчтой газар болоогүй.
-Зөвшөөрөл авсан компани хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?
-2004 онд усны шимтгэлээр Монгол улсын 26 голд урьдчилсан тохируулга хийх, газрын хөрсний далангуудын хүн амын болон мал аж ахуйн усан хангамжинд зориулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Үүний дагуу Гачууртын Туул голд нэг даланг барьж, цаашид ашиглалтыг нь сайжруулах замаар нийслэлийн иргэдийн усан хангамжийг дээшлүүлэх хөтөлбөрийн дагуу зураг төсөл хийгдэж, геологи, архелогийн судалгааг өнгөрсөн жил хийсэн юм.Үүнтэй давхцаж Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Tuul River Sounds” гэдэг компани энэ ундны усны байгууламж дээр газар авсан юм билээ. Уг компани нь нийтдээ 50 га газрыг авахдаа гольфийн талбай барих зорилгоор авсан гэсэн. “Tuul River Sounds” компани долоон сарын гуравнаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд үржил шимтэй таван га газрын хөрс, ургамлыг нь хуулсан байна лээ. Гэтэл энэ сэндийчсэн газар нь Туул голын хоёр салааны дундах үндсэн голдиролд байсан үржил шимтэй газар юм. Мөн таван га дотроо байсан модыг их хэмжээгээр буулгасан байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч нар уржигдар очоод үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Мөн Баянзүрх дүүргийн засаг даргад бид энэ шийдвэрийг цуцлах талаар дүгнэлт хүргүүлнэ.
-Энэ газар голфийн талбай баригдсан бол нийслэлчүүдэд ямар хор хөнөөл учруулах байсан бэ?
-Угаасаа усны хуулийн 31-ийн нэгийн хоёрын дагуу усны голдирол дотор тэр тусмаа амьд голдиролд газар ухах, ан хийх, элс олборлох зэргээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Энэ утгаараа энэ Гачууртад олгогдсон зөвшөөрөл нь Усны тухай хууль”-ийг зөрчсөн байна. Нөгөө талаасаа бол манай Улаанбаатар хотын цэвэр усны байгууламжин дээр баригдсан учир хор хөнөөл ихтэй. Нутгийн иргэдийн ярьж буйгаар бол энэ Солонгосын компани дан ганц голфийн талбай ч биш мөн зочид буудал барихаар төлөвлөж байгаа гэсэн. Нутгийн ард иргэдийг Зөвшөөрөл авсан газар дээр нь байрлаж байгаа нэрийдлээр хөөж, туух зэргээр иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж байгаа юм байна лээ. Гачуурт тосгонд 800 гаруй айл, 2000 хүн амьдран суудаг. Эдгээр хүмүүс нь нийслэлчүүдийг сүүгээр хангадаг. Баянзүрх уул туул голын хажууд байдаг бөгөөд энэ уулыг Монголчууд маань Буяны уул гэж эртнээс шүтэж ирсэн учраас хөгшин настай хүмүүс эндхийн газрыг хамаагүй хөндөн, сэндийчиж байгаад нь дургүйцэн, ихэд сэжиглэж байгаа.
-Ухаж, сэндийчсэн таван га газар эргэж нөхөн сэргээлт хийгдэх үү?
-Ухсан энэ таван га газарт бид нөхөн сэргээлтийн төлбөрийн хэмжээг гаргуулан, нөхөн сэргээх ажлын хийлгэнэ.
-Та нар газар дээр очиж танилцахдаа зөвшөөрөл авсан компанийхантай уулзсан уу?
-Биднийг газар дээр нь очиход нэг ч Солонгос хүн байхгүй байсан. Барилга авах гэж байсан газар дээр нь зөвхөн хамгаалалтынхан нь байсан. Энэ хүмүүс нь үйл ажиллагаа явуулж байсан Солонгосчуудтай гэрээ хийж ажилладаг болохоор сайн мэдэхгүй гэж ярьж байсан. Голфийн талбай барих гэж байсан энэ газар бол яах аргагүй нийслэлийн ногоон бүсэд хамаарагдах газар нутаг байгаа. Баянзүрх уул, хойд талдаа Чингэлтэй уулын хойд хэсэгт хамаардаг. Хан хэнтийн дархан цаазат газар гэж үндсэндээ энэ газрыг хэлдэг.
А.Энхжаргал