Хэдэн жилийн ч өмнө билээ “Муухай монгол хүн” хэмээх нийтлэл гарч байж билээ. Ер нь л монгол хүн гэхээр л муу муухай, тамын тогооны үлгэр гээд үргэлж л ярьж бичдэг. Гэхдээ энэ яриаг бид өөрсдөө л гаргадаг. Өөрөө Монголд төрөөгүй, монгол эхээс мэндлээгүй юм шиг л “манай монголчууд хэрэг алга, арчаагүй, ажилгүй, эв нэгдэлгүй” гээд ярихыг монголчуудынхаа амнаас зөндөө л сонссон. Тэгвэл нэг удаа ч гэсэн өөрсдийнхөө сайн сайхныг ярьж, Монголоороо нэг бахархая л даа. Бид олж хардаггүй, харахыг хүсдэггүй болохоос монголчуудад маань өөр хэнд ч байхгүй авууштай чанар зөндөө бий. Монгол хүн, монгол морь хоёр нутаг амьтай Өнөөдөр чухам хэдэн мянган элэг нэгтнүүд маань хүний газар ажиллаж,амьдралын мөр хөөж явааг хэлэхэд хэцүү. Америкт л гэхэд бараг 20000 орчим монголчууд бий гэдэг юм билээ. Орон орны цагаачдын “диваажин” хэмээн хөл тавихыг мөрөөддөг, нэгэнт хөл тавьсан бол хэзээ ч эргэж харихгүйгээр шингэж үлдэхийг боддог “хүний хүмүүсээс” манайхан тэс ондоо. Бүрмөсөн суурьшаад үлдчих юмсан гэж боддог монгол хүн тун цөөхөн байхаа. Эх орноо, ижий, ааваа, элгэн саднаасаа хол байж чаддаггүй нь монголчуудын маань төрөлх зан юм даа. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг, нутагтаа л очиж ясаа тавина гээд зүтгэдэг нь монголчууд унасан газар, угаасан усандаа хүйн холбоотой байдгийн тодоос тод жишээ ажгуу. Морьд нь хүртэл хүний газар тогтохгүй нутгаа зорин гүйж ирээд, нулимс бөмбөрүүлэн зогсож байдаг тийм л сайхан эх оронтой ард түмээн, бид. Орчлонгийн сайхан бүсгүйчүүд Монгол бүсгүйчүүд шиг сайхан нь, сайн нь хаана байна. Нялх балчир үрээ төрсөн цагааснь эхлээд хаймран угж үлгүүлж, биеийн амраа бодон тусгай өрөөнд унтуулж, нас биед хүрмэгц нь “одоо яах нь чиний л хэрэг” гээд “түлхчихдэг дэгжин шаавай харь орны хүүхнүүдийг бяцхан үрээ эхийн цагаан сүүгээрээ амлуулан, бүүвэйн дуу аяланхан, энгэртээ нааж, элгэндээ тэврэн өсгөдөг, үхтэл үрийнхэээ төлөө гэдэг монгол эхтэй яаж ч зүйрлэх вэ дээ. Эр нөхрөө “Та” хэмээн хүндэлдэг, ирсэн зочин цайтай ундтай, үйлэнд уран, үг нь цэцэн, халамж хайраар хэнийг ч дагуулахгүй, хацар гоо монгол бүсгүй шиг хүний сайхан, сайн хань болдог хүүхнүүд тийм ч элбэг биш л болов уу. Алунгоо эхийн сургаальтай , Өүлэн ээжийн энэрэлтэй, Цэцэн Мандухай хатны зоригтой монголжингоо бүсгүйчүүд минь ээ. Жинхэнэ эр хүн Монгол эрчүүдээ “доошоо” хийдэг, ажилгүй арчаагүй гээд л муулахаа түрүүнд бодож, харийн худал инээсэн эрчүүдийг “баастай бурхан” лугаа санадаг, гадаадын л хүн бол хөгшин залуу, боловсрол мэдлэггүй ч хамаагүй суухыг хүсэж явдаг хүүхнүүд тийм олон биш ч бас цөөнгүй болж. Уужуу тайван, хал нь гаднаа ч хайр нь дотроо явдаг, хорвоогийн хар цагааныг сэтгэлдээ дэнсэлж явдаг, хатуу хэцүүг ган хийлгүй туулчих тэнхээтэй, хэнэггүйхэн бас гүндүүгүй жинхэнэ эр хүний хугархай бол монгол эрчүүд шүү гэж тэдэнд хэлэхсэн. Хийгээд өгсөн хоолыг чинь голж шилэлгүй идчихдэг, хэдэн бор төгрөгөө чи л зарцуул гээд тушаачихдаг, хайртай гээд тоть шиг давтаад байдаггүй ч, хань минь гээд дуудахдаа л харцандаа хайраа агуулсан, хүний хайлан шүү дээ монгол эрчүүд маань. Үр хүүхэддээ уул шиг бараатай, хань ижилдээ хангай шиг түшигтэй наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай билээ, тэд. Ачтайхан үрс Өтөл насалсан ээж, аавыгаа “одоо та нарын хэрэг дууссан” гэх шиг асрамжийн газар аваачаад “хаячихдаг”, сайндаа л гэрийн асрагч олж өгөөд сар жил тойроход ганц нэгхэн үзэгдэж, худлаа инээгээд хэдэн үг дуртай дургүй солиод гардаг америк хүүхдүүд, хөгшдийнхөө хөлийг алгаараа дулаацуулж, аманд нь бүлээн сүү хийж өгч, ачлал хайраар дутаалгүй тойлж, адаг сүүлд нь толгойг нь түшин байж хорвоогоос үддэг монгол үр хүүхдийн хооронд хэмжээд баршгүй их ялгаа бий. Эхийнхаа цагаан сүүг амлаж торнисон, ах зах хүмүүсээ “чи” биш “Та” хэмээн өссөн, айлын ахыг ч алгадаад авахад дааж сурсан, хөлд орохоосоо эхлэн хурга, ишиг, тугалын бэлчээрт явж өлчир суудаг, хурдан морины дэлэн дээр хийсч явдаг хөөрхөн бор монгол хүүхдүүд минь. Сүүн цагаан сэтгэлт Монгол зон олон Давхиад очиход цоожгүй айл малчин монголчуудаас өөр хаана байх билээ. Аян замын нэгэн цоожгүй тэр айлд өөрийн юм шиг тухлаад хоол цай хийж идээд явдаг гээд ярьвал гадаадынхан үнэмшихгүй л байх даа. Аль өнгөтэй өөдтэй гэснээ хүнд харамгүй барьдаг, ах дүү анд найз нартаа сэтгэл харамгүй туслаж чаддаг, зовсон цагт нөхрөө хаядаггүй зон олон шүү дээ, бид чинь. Бидэнд бахархах , бардамнах юм олоон. Дээд Хөх Тэнгэрээс заяатайгаараа, дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдсээрээ бардамналгүй яах юм бэ. Уужим цагаан сэтгэлт хүн ардаараа, ус цэнгэг, уул өндөр уудам сайхан тал нутгаараа, уяхан замбуулинг бишрүүлэх уртын дуугаараа, хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаах морин хуураараа, хосгүй гайхамшигт бичгийн өв “Нууц товчоогоороо” бахархахгүй яах юм бэ. Айргийн амт сэнгэнэсэн, аргамаг хүлэг нь тоосоо татуулсан, аралтай бөхчүүд нь бяраа үзсэн, эрхий мэргэчүүд цэц сорьсон, эрдэнэт хүлэг морьдоо мөнгөн хазаараар гоёсон энэ л наадмаараа ганц удаа ч гэсэн монгол хүн гэдгээрээ, Монгол эх орноороо бүгдээрээ нэг бардамная л даа. “ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч, сэтгүүлч Ц. Энхтүвшин
profile