ОХУ,
Казахстан, БНХАУ, Монгол Улсын газар нутгийг хэсэгчлэн 862.000 ам
километр талбайг эзэлдэг Алтай Соёны бүсэд дэлхий дахинаа устах аюул
тулгараад буй ирвэс, аргаль угалзаас гадна янгир, чоно, хүрэн баавгай,
шилүүс зэрэг ховор амьтад идээшин байдаг өргөн уудам нутаг билээ. Далайн
төвшнөөс дээш 4000 метр өндөрт байрлах мөнх цаст уул, мөсөн гол, тайга,
тал хээр хосолсон Алтай Соёны үзэсгэлэнт бүс нутаг нь дэлхийн байгалийн
санд багтдаг. Харамсалтай нь уур амьсгалын дулаарлаас гадна хүмүүсийн
буруутай үйл ажиллагаанаас болж энд нутагладаг ховор амьтдын тоо улам
цөөрч, хууль бус мод бэлтгэлийн уршгаар ой мод нь шингэрч эхэлсэн.
Тухайлбал, 1975 онд 50 мянга байсан аргалийн тоо 2001 онд 14 мянгад
хүрсэн. Тэгвэл өнөөдөр Алтай Соёны ховор ан амьтны тоо толгой өсөж,
хууль бус ан, мод бэлтгэх явдал эрс багассан сайхан мэдээ байна. Үүнийг
өнгөрсөн зургаан жилийн турш хэрэгжсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
Монголын Алтай Соёны эко бүс нутгийн биологийн төрөл зүйлийг ард
иргэдийн оролцоотойгоор хамгаалах төслийн үр дүн гэж хэлж болно.
Учир нь
уг төслийн буянаар Ховд, Баян- Өлгий, Увс, Хөвсгөлийн 20 сумын иргэд
байгалиа хамгаалах ухамсартай, итгэл үнэмшилтэй болсон юм. Төслийн
хүрээнд дээрх аймгуудын 20 сум тус бүрт байгаль орчны тасаг байгуулж,
иргэд сайн дураараа 73 нөхөрлөл бий болгон нийт 20 сумын 527.120 га
газрыг харж хандаж ирсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ. “Манай аймаг саяхан
аргалиа тоолсон. Ингэхэд 2009 оны үед 34 байсан аргалийн тоо энэ жил 52
болж, жилээс жилд өсөж байна. Өвөл загас агнахыг
хуулиар хориглодог ч өмнө нь хүмүүс голын мөсөн дээр цооног гаргаад л загас барьдаг байсан. Манай байгаль хамгаалагч нар очоод торыг нь хурааж хөөдөг. Гэвч орой нь эргээд л хүмүүс овоорчихсон байдаг байсан. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Цагааннуур суманд тул загас хамгаалах нөх өрлөл олноор байгуулагдсан.
Өөр
өөрийн хариуцсан 200 метр газраа хамгаалах болсон тул сүүлийн хоёр жил
мөсөн дээр нэг ч цооног гаргаж, загас барьсан хүн байхгүй. Энэ бол том
амжилт” хэмээн Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын дарга Ч.Уртнасан ярьсан юм. Нэг
хэсэг 600 хүрэхгүй шахам болсон цааны тоо ч сүүлийн хоёр жилд
мэдэгдэхүйц өссөн гэнэ. Тус аймгийн Улаан-Уул сумын сургууль, эмнэлэг
түлшиндээ уулын нойтон мод огтолж ашигладаг байжээ. Харин төслийн
хүрээнд байгуулагдсан эко клубийн хүүхдүүд байгаль хамгаалах талаарх
сурталчилгааг уйгагүй хийсний дүнд мод огтлох явдал зогссон байна. Энэ
мэт иргэдийн амьдралд үр дүнгээ өгч буй Цөлжилтийг бууруулах, газрын
тогтвортой менежментийг хангах, Амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх
зэрэг хэд хэдэн төслийн хэрэгжилт, үр дүнтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
захирагч хатагтай Хелен Элизабет Кларк танилцсан юм.
Монгол
Улс НҮБ-ын гишүүн орноор элссэний 50 жилийн ой тохиож буй энэ үеэр
тэрбээр манай оронд айлчилж байна. Хатагтай Хелен Кларк өнгөрсөн лхагва
гаригт Хустайн байгалийн цогцолбор газарт саатаж, НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрөөс манай оронд хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцаж, иргэдтэй
уулзсан юм. Малчдын хувьд малаа зуданд алдах нь амиа хорлом гашуун
явдал. Харин тэднийг зөвхөн мал бус малынхаа түүхий эдийг боловсруулах,
газар тариалан эрхлэх, оёдол, гутал хувцас хийж амьжиргааны шинэ эх
үүсвэртэй болгосон Хөгжлийн хөтөлб өрийнхөнд иргэд талархаж байв.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Д.Төмөрчөдөр
“Баян төхмийн өгөөж” хэмээх 15 өрхийн хамтарсан хоршоо байгуулж, төсөлд
хамрагдсан гэнэ. Тэд малын хөлд талхлагдаж цөлжсөн 13.3 га газрыг авч
хашаалан, царгас хэмээх ургамал тарьжээ.
Царгас
нь мал идэхэд шим тэжээлтэйгээс гадна ус чийгийг өөртөө татаж, хөрсний
үржил шимийг сайжруулдаг гэнэ. Мөн хоёр га хэсэгт ойн зурвас байгуулж,
чацаргана, бургас, улиас, хайлаас зэрэг мод тарьсан байна. Үүний дүнд уг
талбайгаасаа тэд жилд 20 орчим тонн төмс, хүнсний ногоо, 100 орчим тонн
буудай, 10 тонн хадлан авдаг болж, амьжиргаа нь сайжирсан гэнэ. Ийнхүү
Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үр дүнтэй танилцсан
хатагтай Хелен Кларктай уулзаж, хэдэн хором ярилцлаа. Тэрбээр Шинэ
Зеландын Ерөнхий сайдаар гурван удаа тасралтгүй сонгогдон ажиллаж байсан
бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн анхны эмэгтэй захирал юм.
-Та Монголд анх удаа ирж байна. Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хэрэгжилттэй бас танилцлаа. Энэ талаарх сэтгэгдлээ хувалцахгүй юу?
-Монгол
Улс ашигт малтмалын баялгаа ашиглаж, хурдацтай хөгжих чухал үе дээрээ
ирээд байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хувьд бид хүний хөгжлийн
асуудлыг чухалчилдаг. Уул уурхайн хөгжилтэй холбоотойгоор эдийн засгийн
өсөлтийн үед хүний хөгжлийг яаж өндөр төвшинд байлгах вэ гэдэг туйлын
чухал. Тийм ч учраас Монгол Улсад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна.
Монголд ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих,
ирээдүйн хөгжлийг тодорхойлох гээд олон асуудал байгаа. Тэдгээрийг
шийдвэрлэхэд нь хувь нэмрээ оруулах зорилгоор тодорхой төслүүдийг
хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Ядуурлыг бууруулах, байгаль орчин, орон
нутгийн засаг захиргааны чадавхийг дэмжих зорилготой энэ ажлууд Монгол
Улсад тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа.
-Та
өчигдөр (мягмар гаригт) Ерөнхий сайдтай уулзаж, 2012-2016 онд
хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар ярилцсан. Дараагийн хөтөлбөрийн хүрээнд
ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Ерөнхий сайдтай уулзахдаа НҮБаас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөтөлб
өрүүдийн ерөнхий чиглэлүүдийн талаар санал бодлоо хуваалцаж ярилцсан.
Үүний нэг чиглэл бол Монгол Улсад уул уурхай давамгайлсан эдийн засагтай
болж байгаа нөхцөлд төсвийн тогтвортой байдлын тухай хууль, хүний
хөгжлийн сан болон нийгмийн бусад халамжийн үйл ажиллагааг хэрхэн
оновчтой зөв зохион байгуулж болох вэ гэдэг дээр санал солилцлоо.
Ядуурлыг бууруулахад чиглэсэн, ядуу хүмүүст хүрэх үйц тийм үйл ажиллагаа
төрийн зүгээс явуулах шаардлагатай талаар ярилцсан. Түүнчлэн жендерийн
асуудлыг хөндлөө. Харин дараагийн сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийн
асуудал байгаа. Удахгүй НҮБаас талуудын уулзалтыг зохион байгуулна. Энд
Монголын Засгийн газар оролцоно. Энэ үеэр ямар байр суурьтай байх талаар
зөвлөлдсөн.
-Манай
орны эдийн засаг эрчимтэй өсөж байгаа. Харин эдийн засгийн өсөлтийн үр
шимийг иргэддээ хүртээх тал дээр манай улс ямар байгаа талаар та бодлоо
хэлэхгүй юү?
-Монгол
Улсын эдийн засгийн өсөлт 18 болон түүнээс дээш хувьд хүрэх
магадлалтай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ асуудал дээр хүний хөгжлийг
чухалчлах ёстой гэсэн байр сууриа баримтлах болно. Тэгэхээр эдийн засаг
өссөн ч ядуу ард иргэдийн амьдрал бас сайжрах ёстой гэсэн утгаар
бодлогын чанартай өөрчлөлт, сайжруулах зүйлүүд бий гэж үзэж байгаа юм.
Ядуу хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхийн тулд гол нь боловсрол, эрүүл
мэндийн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт анхаарч, боломжуудыг
гаргаж өгөх хэрэгтэй. Маргааш (пүрэв гаригт) бид хоёр өдрийн хурал
зохион байгуулна. Энэ үеэр ашигт малтмалыг баялгийн хараал болохоос яаж
урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудлаар ярих юм.
Ер нь
олон орны туршлагаас харахад байгалийн баялгаа ашиглахад тэр нь тухайн
орны хүний хөгжилд улам сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол цөөнгүй байдаг.
Тэгэхээр энэ бүгдээс яаж зайлсхийх вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярих цаг
нь яг мөн. Яагаад гэвэл ашигт малтмалаас хараат байх үе одоо дөнгөж
эхэлж байгаа учраас асуудлыг зөв зохицуулаад явах бүрэн боломжтой гэлээ.
Тэрбээр ийнхүү төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаад Хустайн
нуруунд нутагшсан тахийн сүргийг үзэхээр явсан юм. Хустайн нурууны
байгалийн цогцолбор газарт 2000 онд 16 тахь авчирч нутагшуулснаас хойш
өдгөө тоо толгой нь 260 гаруй болжээ. Хатагтай Хелен Кларк энэ үеэр
тахийн охин унаганд Ароха хэмээх өгсөн юм. Энэ нь Шинэ Зеландын уугуул
үндэстэн мауричуудын хэлээр хайр гэсэн утгатай юм байна.
Дараа нь
тэрбээр Төв аймгийн Аргалант сумын малчин Ц.Санжмятавынд зочилж, малчны
амьдралтай танилцсан. Ц.Санжмятавынх 60 адуу, мөн 60 гаруй үхэр, 700
гаруй хонь, ямаа, хоёр тэмээтэй. Анх удаа Монголд хөл тавьсан хатагтай
Хелен Кларкт Монголын цагаан идээ, тэр дундаа хайлмаг ихэд таалагдав.
Түүнчлэн тэрбээр анх удаа хоёр бөхтэй тэмээ унаж үзсэн юм. “Өмнө нь
Африкт нэг бөхтэй тэмээ унаж байхад их догшин, эвгүй байсан. Харин
монгол тэмээ ааш сайтай, унахад тухтай юм. Малчин түмэн хэдэн зуун
жилээр хүнд хэцүү нөхцөлд хатуужилтайгаар амьдарч ирсэн нь гайхалтай.
Бас хүндэтгүүштэй санагдаж байна” хэмээн хатагтай Хелен Кларк хэлсэн.
Р.ОЮУН