Монгол
Улсын анхны нефть боловсруулах үйлдвэрийг Дархан хотод барихаар болжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Бурхантын хөндийг
үйлдвэр барих газраар “онилжээ”. Учир нь нефть боловсруулах үйлдвэр ус,
цахилгааныг ихээр “залгидаг”, зам, тээврийн дэд бүтэц хөгжсөн байхыг
“шаарддаг”-аас тэр аж. Өдөрт 44 мянган баррель, жилд хоёр сая тонн
газрын тос боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрийн барилгын ажлыг
ирэх онд эхлүүлэн 2015 онд ашиглалтад оруулна гэж тооцжээ. Нефть
импортлогч “Жаст групп”, “Петровис”, “Магнай трейд”, “Монголсекию” зэрэг
компани хамтарч “Дархан-газрын тос” консорциумыг байгуулснаар энэхүү
төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн Японы “Марубени”, “Тоёо
инженеринг” болон тус улсын Олон улсын хамтын ажиллагааны банк энэ
төсөлд хамтрах гэнэ.
“Тоёо инженеринг” корпорацийнхан үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулаад байна. Тус үйлдвэрийн шав тавих ёслол өнгөрөгч 23-нд болж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, Засаг дарга Г.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, ЭБЭХЯны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, “Монголсэкию” компанийн захирал Т.Намжим нарын хүмүүс оролцлоо. Мөн “Марбуени” кор порацийн дэд ерөнхийлөгч Шинжи Кавай, “Тоёо инженеринг” корпорацийн ахлах зөвлөх, төслийн удирдагч Мицутоши Сүзүки нар хүрэлцэн ирж оролцсон юм.
Энэ үеэр Д.Дэмбэрэл “Монгол Улс газрын хэвлийн баялгаа зөвхөн түүхийгээр нь ашиглах бус, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгаа. УИХ-аас зэсийн концентрацыг боловсруулах, газрын тосны үйлдвэр байгуулах зэргээр дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангая гэвэл шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг байх шаардлагатай. Уг төслийг хэрэг жүүлэхэд дарханчуудын оролцоо, хувь нэмэр асар их” гэв. Харин Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат “Бид урд, хойд хөршийг холбосон төмөр зам, авто замын сүлжээ, эрчим хүчний найдвартай дэд бүтэц, мэргэжил сургалтын төвтэй. Эдгээрийг түшиглэж томоохон боловсруулах үйлдвэр баригдах гэж буйд дарханчууд баяртай байна” гэж хэлсэн юм.
Төслийг санаачлагч, академич Т.Намжимын хэлснээр шинээр баригдах түүхий нефть боловсруулах үйлдвэр нь манай улсын автобензин, дизелийн түлш, нисэх онгоцны керосины хэрэгцээг бүрэн хангаж чадах гэнэ. Японы шилдэг техник, технологийн дагуу баригдах тул хар тугалга гэх мэт хүнд металлын хольцгүй, хүхрийн агуулгагүй, хүний эрүүл мэнд, байгальд хор хөнөөлгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно гэдгийг тэрбээр ам бардам хэлж байв. “Марубени” корпорацийн дэд ерөнхийлөгч Шинжи Кавай ”Та бүхний дэмжлэгтэйгээр үйлдвэрийн барилгын ажлыг аль болох хурдан эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахыг хичээх болно” хэмээн амласан юм. Анх 2008 онд төслийн судалгааны багийн ахлагчаар Дарханд ирж байсан “Тоёо инженеринг”-ийн ахлах зөвлөх Мицүтоши Сузуки “Дэлхийн олон оронд нефть, химийн үйлдвэр барьсан туршлага бидэнд бий.
Дээд зэргийн чанартай бүтээгдэхүүний үйлдвэртэй болох нь монголчуудын хувьд маш чухал. Бид үйлдвэрийн ТЭЗҮ-г сайн боловсруулж чадсан. Дараа жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох үеэр барилгын ажлыг эхлүүлсэн байх болно” гэлээ. Нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Одоогоор тус станцын суурилагдсан хүчин чадлын ердөө 47 хувийг ашиглаж буй тул шинээр баригдах боловсруулах үйлдвэрийг эрчим хүчээр хангах нөөц бэлэн гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр дуулгасан. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлагуудын хэлснээр техник, технологийн олон ажил хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал, ХБНГУ-ын Засгийн газрын 10.5 сая еврогийн зээл, Монголын Засгийн газраас гаргах хоёр сая евро гээд нийт 12.5 сая еврогийн хөрөнгөөр шинэ турбин суурилуулах ажлыг хэрэгжүүлэх гэнэ. Уг ажлын гүйцэтгэгчээр ОХУ-ын компани шалгарч, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлээд байгаа аж. Ингэснээр 2013 оны зургадугаар сар гэхэд станцын суурилагдсан хүчин чадал одоогийнхоос 1.8 дахин өсөж 87 мВтд хүрэх боломжтой аж. Тэгэхээр стан цын нүүрсний хэрэглээ одоогийн 380 мянган тонноос даруй өсөж 680 мянган тоннд хүрэхээр байгаа гэнэ. Тиймээс ч конвейеруудын нүүрс дамжуулах хурдыг нэмэгдүүлэх тех ник шинэчлэлийн төслийг боловсруулаад байгаа гэсэн.
Дарханы дулаан цахилгаан станц Багануурын уурхайгаас 120, Шарын голын уурхайгаас 100, Улаан-Овоогийн уурхайгаас 140 мянга орчим тонн нүүрс авдаг аж. Тодруулбал, тонныг нь дунджаар 22- 26 мянган төгрөгөөр худалдан авдаг юм билээ. + 31 хэмийн халуунд, дуу чимээ “аймшигтай” орчинд ажиллах илч гэрлийг түгээгчид энэ жил 66 сая төгрөгийн ашигтай ажиллах тооцоотой гэнэ.
Дэлхийн
зах зээлд баррель түүхий газрын тосны үнэ 100 ам.доллар байх үед хийсэн
тооцоогоор бол шинээр баригдах үйлдвэрээс жилд улсын төсөвт 340 тэрбум
төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооц жээ. Энэ нь манай улсын
өнгөрсөн оны нийт татварын орлогын 18 хувьтай тэнцэх тоо юм. Харин
барилгын ажилд зарцуулах 600 сая ам.долларын 85 хувийг Японы Олон улсын
хамтын ажиллагааны банкны урт хугацаатай, бага хүүтэй зээлээр
санхүүжүүлэх юм байна.
Ц.БОЛОРМАА