Бичлэгийн тоо 2,391
ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ | |
Монголчууд ардчилсан үндсэн хууль ёсоороо төрийн эрх барьж, хууль тогтоох Их Хурлаа дөрвөн жил тутам шинэчлэн сонгож ирсэн уламжлалтай. Энэ удаагийн сонгууль улс төрийн их өрнөл, өрсөлдөөнтэй явагдаж ард олон өөрсдийн итгэл үнэмшлээрээ сонголтоо хийцгээсэн. Энэ талаар гадаад орнуудын зуу шахам ажиглагчид дүгнэлтээ хийн зохион байгуулалт сайтай, сонирхолтой, баялаг агуулгатай боллоо хэмээн сэтгэл ханамжтай буцацгаасан. Гагцхүү АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуульд намаа ялагдуулж хамт олныхоо итгэлийг хөсөрдүүлсэн хорслоо галдан шатааж, тонон дээрэмдэх гаж үйлдлээр тайлахыг оролдон дэлхий дахинд монгол түмний нэрийг бузарлав. ХАШИР ХҮН ГЭДЭГ ХАШИРСАН ХҮНИЙГ ХЭЛДЭГ Сонгуулийн маргааш үд дундын хэрд багын минь анд манайд ирлээ. Сонгуулийн урьдчилсан дүн гарч сонгогч олны дийлэнх МАХН-ын талд саналаа өгсөнд түүний санаа нь ихэд амарсан бололтой удахгүй болох баяр наадам, бөх морины тухай яриа өрнүүлж суутал телевизийн дэлгэцнээ АН-ын дарга Ц.Элбэгдорж туг дарцаг барьсан хэсэг хүмүүсийн хамт Сүхбаатарын талбай гатлан МАХН-ын байр чиглэн алхаж явахыг харснаа энэ Цахиагийн “хүзүүгүй хар” ингэж явна гэдэг нэг л муу юм ёрлож байна даа гэх нь тэр. Тэгээд тэр баримт ярьлаа. Элбэгдорж чинь Ерөнхий сайд байхдаа Дундговьд хөл хөөрцөг болон ан хийж яваад Адаацаг сумын даргыг автомашины осолд оруулж амь насыг нь сүйтгэсэн, 2007 онд Хархоринд бариулж байгаа орд харшаа эргэж явахдаа өөрийн жолоочоо мөн автын осолд оруулж алсан хүн.1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тэр нэгэн шөнийг ардчилсан хөдөлгөөний гол зүтгэлтэн С.Зориг агсан эсэн мэнд өнгөрөөсөн бол тэр хүн маргааш нь Ерөнхий сайд болж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын сэнтийгээс буух байсан. Чи бод доо. Энэ бүх эмгэнэлт явдал хорь хүрэхгүй жилийн дотор болсон байгаа юм. Манай монголчууд ийм хүнийг “хар мөртэй хүн” гэж нам толгойлуулж, төр бариулах нь хэрэггүй, айл саахалт, ойр дөт явахаасаа зэнзийлдэг хэмээн яриж суусансан. Ер нь тэгээд хашир хүн гэдэг хаширсан хүнийг хэлдэг нь үнэн агаад нээрээ ч Сүх жанжны талбай дээгүүр Ц.Элбэгдорж МАХН-ын байрны зүг ийнхүү алхаж явсан нь тэр өдөр болсон балмад хэрэг явдлын эхлэл болж тавын таван хүний алтан амь эрсдэж монголын соёл, урлагийн үлэмж их сан хөмрөг үнс нурам болон сүйдэхийг үнэхээр ёролсон явдал байсан хэрэг байж дээ. МУУ ХҮН, МОГОЙ ХОЁРЫГ БАСАЖ БОЛДОГГҮЙ 7 дугаар сарын нэгний өдөр болсон балмад гэмт явдлыг үйлдсэн хүмүүсийн дотроос дараахь хоёр хүний тухай товчхон дурьдахыг хүсэж байна. Ж.Батзандан, олон түмэн жижиг, шинэ хэмээн үзэж байдаг гурван нам хүчнийхэн иргэний холбоо байгуулан Их Хурлын сонгуульд хамтран оролцох гэрээ хэлцэл хийн улсынхаа төв талбайд үсэг зуралцан баримт, батламжаа солилцож энэ үйл явдлыг телевизээр орон даяар нэвтрүүлж байхад Ж.Батзандан төрийнхөө ордны зүг хилэнтэйгээр занган бид Засгийн эрх авч саарал ордныхныг Ганц худагийн шоронд хийнэ гэж андгайлж байсан нь ард түмний сэтгэлд нэг л таагүй явдлыг ёролсон мэт бууж байсан нь саяхан. Ер нь энэ залуу улс төр, эрх дарх ярих болгондоо ганц худгийн шорон гянданг дурьдахаа мартдаггүй нэгэн болохыг олон түмэн андахгүй. О.Магнай, энэ бэсрэгхэн биетэй бор залуу сонин хэвлэл, радио телевизээр санал бодлоо илэрхийлэх агшин бүрдээ МАХН-ыг устгаж газрын хөрснөөс арчина гэж андгай тавьдаг араншинтай хүн. МАХН-ын улс орныхоо өмнө байгуулсан түүхэн гавъяаг ярилгүйгээр хэлэхэд Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн улс төрийн байгууллага бөгөөд 180 мянган хүн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн тийм хүчин. Хэрэв Монгол орны нэг айл өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж үзвэл МАХН-ыг устгана гэдэг бол наад зах нь хагас сая хүний хувь заяаны тухай асуудал болж таарч байгаа юм. Мөн ч аймшигтай мөрөөдөл шүү! Ж.Батзандан, О.Магнай гэгч энэ хоёр залуу Их Хурлын гишүүн болохын төлөө өрсөлдсөн хагас мянга шахам хүмүүсийн дотроос ялгарах нэг л зүйл, тухайлбал бусдыг үзэн ядах үзэлд улангассан балмад маягийн авир араншингаар ижилхэн хүмүүс. Ийм авир араншинтай хүмүүст төрийн эрх мэдэл олговол тун ч аймшигт явдал үйлдэж мэдэх осолтойг хүн төрөлхтний түүх түмэнтээ гэрчлэх бөгөөд ул мөр нь арилж гүйцээгүй ганцхан жишээ дурьдахад Адольф Гитлер Германы засгийн эрхэнд гарснаар еврей үндэстнийг хүйс тэмтрэн улмаар 50 сая хүнийг дэлхийн дайны нурманд булсан явдал гэрчилнэ. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж 7-р сарын 1-нд болсон эмгэнэлт явдлын босгон дээр “коммунистуудаас бүр мөсөн салах цаг ирлээ” О.Магнай маргааш цөмөөрөө МАХН-ыг үнс болгоно гэж мэдэгдсэнийг “Өнөөдөр” сонины 153 дугаарт нийтэлсэн байна. Энэ бүгдээс үзэхэд эдгээр хүмүүс урьдаас хүсэж, зорилгоо болгосоор ирсэн үйлдэл МАХН-ыг устгах санаархлаа хэрэгжүүлэх явдлаа зориуд урьдаас бэлтгэж зохион байгуулсан бөгөөд энэ балмад гэмт явдлаа хэрэгжүүлэхэд сонгуулийг зөвхөн шалтаг болгон ашигласан агаад энэ тухайд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрынхан УИХ-ын онцгой чуулганд хийсэн мэдээлэлдээ “Энэхүү үймээн самуун, дээрэм тонуул нь эртнээс сайтар бэлтгэсэн зохион байгуулалттай ажиллагаа байжээ” гэж дүгнэсэн байна. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн толгойлон удирдсан энэ ялт явдал АН-ын хамтын удирдлагын шийдэл биш гэж бийвээр бодож байгаа бөгөөд Элбэгдорж МАХН-ын байрыг шатаах гээд өөрийгөө, бүр цаашилбал АН-ыг шатаачихав бололтой. Шатсан байшинг барилгын нэг компани босгочихно, Элбэгдоржийн шатаасан АН-ын нэр төрийг монголын ард түмний оюун санаанд эргүүлэн бий болгоно гэдэг маш хүнд асуудал. АН өөрийн толгой дээрээ залсан Элбэгдорж хэмээх энэ балмад эр “отго жинс”-ээ авч хаяхгүй бол ард түмний зэвүүцлийн бай болсоор байх болно. МОНГОЛ ТҮМЭН НИЙТЭЭР БУХИМДАЖ, ҮЙМЭЭН САМУУН НИЙТИЙНХ БАЙСАН ГЭЖ ҮҮ Ингэж АН-ын дарга Ц.Элбэгдорж олон түмэнд ойлгуулахыг оролдож улс төрийн энэ эгзэгтэй үед манай зарим нэг сэтгүүлч залуу нөхөд юу ярьж, бичиж байгаагаа төдий л сайн цэгнэж тунгаадаггүйгээс энэ болж өнгөрсөн Их Хурлын сонгууль монгол түмнийг бүхэлд нь бухимдуулж, үймээн самуун, зэрлэг балмад явдал бүх нийтийг хамарсан юм шиг ойлголтыг гадна дотногүй төрүүлж болзошгүй болчихов уу даа гэсэн эмзэглэл над төрөх юм. Үнэн бодит байдал ямар байна вэ гэвэл нар хур тэгширч нялх ногооны цэнхэр униарт уул тал мишээсэн найртай зуны энэ сайхан өдрүүдэд малчин түмэн мал сүргээ амар жимэр адуулан улсынхаа их баяр наадамд зориулж агтаа сойж, айргаа исгэж, тариаланч олон гар хумхилгүй ургацаа тордож, олон зуун мянган залуу үеийнхэн их, дээд сургуулийн хаалгаар багтаж ядан элсэж тэдний ах, эгч, оюутан залуус аав ээж, ар гэртээ очицгоон амрах нь амарч, аялах нь аялж, энд ер нь бухимдаж уур уцаар болсон зүйл байхгүй билээ.Гэхдээ урам хугарсан, бухимдсан хохирсон хүмүүс Монголд байна уу гэвэл байна аа. Хэний урам хугарч, хэн бухимдаж байна гэвэл сонгуульд ялагдсан намын удирдах хүмүүс өрсөлдөөнд ялж чадаагүй горилогчид ийм байдалд аргагүй орсон байх л даа. Ард олныг цочроосон балмад үймээн цаг хугацааны хувьд арав гаруйхан цаг, орон зайны хувьд ганцхан цэгт, хамрагдсан хүн хүчний хувьд мянга хүрэхгүй ийм л цар хэмжээтэй. Ийм л нэг эмгэнэлт үзэгдэл. Энэ үймээн самууныг сонгуульд ялагдсан хэдхэн хүн зохион байгуулан удирдаж уг балмад явдлыг гар биеэр үйлдсэн 500 орчим хүмүүсийн нэг хэсэг мөнгөнд хууртсан гэнэн томоогүй хүүхэд залуус, нөгөө хэсэг гол хүч нь урьд өмнө гэмт хэргийн улмаас шорон орон дамжиж эвдэрч зэрлэгшсэн тийм хүмүүс байсан нь хэн бүхэнд тодорхой. Анчдын тухай ийм нэгэн хошин яриа байдаг. Загас барьсан хүн барьсан загасныхаа том багыг алд дэлмээр багцаалдаг, чоно алсан хүн түүнээ арслангийн дайтай төсөөлдөг. Энэ лугаа дээрх турхирсан үймээнд оролцсон хагас мянгаадхан хүнийг бүх нийт хэмээн 2.6 сая хүн ардад нялзааж болохгүй л дээ. ХОЁР ЯНЗЫН НИЙГЭМ, ХОЁР ЯНЗЫН БҮТЭЭГДЭХҮҮН Галдан шатааж, тонон дээрэмдсэн энэ аймшигт хэргийг сэдэж, тухиралцсан зарим нэг хүн энэ хэрэг явдлыг онолын үндэстэй болгохыг оролдож байгаа бололтой. Онол бол аливаа зүйлд хэрэгтэй ч түүний хамгийн сайн шүүгч нь практик амьдрал. Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт, Дархан, атар эзэмших зэрэг агуу сайхан бүтээн байгуулалтын эзэн бол тэр үеийн Монголын залуучууд, тэд социалист нийгмийн бүтээгдэхүүн. Өнөөдөр МАХН-ын байр, Соёлын өргөөг галдан шатааж, түүх соёлын үлэмж их үнэлж баршгүй сан хөмрөгийг сүйтгэн устгаж, тонон дээрэмдсэн энэ аймшигт явдлыг залуу үеийн зарим улс төрчид сэдэн санаачилж, хэдэн зуун залуучууд, бүр хүүхэд багачууд хүртэл оролцож улаан цайм ард түмнийхээ нүдэн дээр нүгэл үйлдлээ. Ийм аймшигт хэрэг явдлыг гардан гүйцэтгэсэн дээрх залуучууд бол өнөөдрийн монголын нийгэмд бодит байдал болсон эрх чөлөөгөө хэтрүүлсэн “анархистууд”. Энэ балмад явдал монголчууд биднийг туулж ирсэн түүхэн замналаа үе үеэр нь тунгаан цэгнэж өвөг дээдсээсээ өртөөлөн авч өөрсдийн үе 20-р зуунд нэр төртэй эзэн болж ирсэн эх орноо ямар шүү залгамж үедээ хүлээлгэн өгөх гэж байгаадаа хэрсүү хандахын ухаарлыг өгөв бололтой. СУМАА ТАВИАД НУМАА НУУНАА ГЭЖ Хар хэрэг дэгдсэн 7-р сарын 1-нд Ж.Батзандан, О.Магнай нар манайд ирээд мөнгө өгнө шоунд оролцуулна гээд таван хүүгий минь дагуулаад гарсан гэсэн эцэг, миний 16-хан настай хүүгий минь Магнай, Батзандан хоёр мөнгө өгнө, юм үзүүлнэ гээд аваад явсан гэсэн эх түйвээн болж буй газар хүүхдүүдээ хайгаад явж байсан тухай сонинууд нийтэлсэн байсан. “Өнөөдөр” сонины 7-р сарын эхний нэгэн дугаарт дунд хэрийн насны нэгэн эр энэ өдөр маш гоё юм болно гэдгийг бид мэдэж байсан л даа. Харамсалтай нь би Нарантуул зах дээр “ажилтай” явж байгаад баахан хоцорч очсон юм. Гэхдээ гоё юм болсоон. Би гэдэг хүн наранд удаж чаддаггүй нарсанд иргэж орчихоод байдаг юм хэмээн хээв нэг ярьсаныг зураг хөрөгтэй нь нийтэлсэн байсныг хүмүүс уншсан байлгүй дээ. Эх, эжий хүн л болсон хойно хөөрхийдөө Дэнжийн мянгын урьдчилан хорих газар, Ганц худагийн шоронгийн гадна бие, сэтгэлээ борцлон үр хүүхдүүдээ сураглан өч төчнөөнөөрөө зогсож байгааг телевиз харуулсаар байна.Энэ хөөрхий эх, эцгүүдийн гэнэн нь арилж томоожоогүй үр садыг Ц.Элбэгдорж, О.Магнай, Ж.Батзандан зэрэг бусармаг хүмүүс өөрсдийн бузар булай үйлдэлдээ уруу татан шоронгийн хар ангал руу шидэж, “хүн араатны” сүрэгт нийлүүлсэн мөртлөө өнөөдөр би тэднийг байшин барилга шатаа, түүх соёлын санг устга гэж хэлээгүй хэмээн амиа хоохойлцгоож байгаа нь ёстой сумаа тавиад нумаа нуухын үлгэр болж байна. МЭДЭЖ БАЙНА ГЭДЭГ САЙН ХЭРЭГ Хар өдөр бууны суманд хэд хэдэн хүн өртөж амь насаа алдсан явдалд хүмүүс янз янзаар хандаж, өөр өөрийнхөө таамаг гаргаж байна.Тэр дундаас АН-ын дарга Ц.Элбэгдорж амь насаа алдсан тэдгээр хүмүүс хаана, хэдийд, хэрхэн алагдсаныг тун ч тодорхой ярьсаар байна. Энэ эрхэм 10 жилийн өмнө ардчилсан хөдөлгөөний гол хүн С.Зоригийн хэрхэн яаж алагдсан тухай тэртээ нэгэн орой яг л өнөөдрийнх шиг тун ч тодорхой ярьж байсныг олон түмэн энэ өдрүүдэд санаж байгаа нь мэдээж. Хүмүүсийн алтан амь сүйдсэн энэ ноцтой хэргүүдийг илрүүлэхэд Ц.Элбэгдоржийн нэгэн адилаар мэдэж байгаа зүйлээ ярьж хэлэх хүн олон байвал тун сайнсан. САЛАА ЗАМЫН БЭЛЧИР ДЭЭР Нэгэн зүйл, Ард түмэн ардчилсан эрх дархаа эдлэн шинэ Их Хурлын гишүүдээ сонгочихлоо. Одоо монголчууд бид Их Хурал, Засгийн газраа Үндсэн хуулийнхаа дагуу байгуулж хөгжил дэвшлийн үйлсдээ шамдацгаах уу, эс бөгөөс хар хэргийн гол эзэн улстөрийн скарпион Ц.Элбэгдорж, түүнд хамсагч улс төрийн хүчнүүд хар толгойгоо хаацайлан хариуцлагаас мултрах арга зам хайж нийгмээ эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанд хутгаж, хямралын утаа тортог дунд барьж байхыг оролдож байна. Энэ хоёр замын аль нь эх орон, ард түмэнд өлзийтэй болохыг түмэн олны гэгээн оюун тунгаагтун. Ж.СОДНОМДАРЖАА |
Ж.СОДНОМДАРЖАА gedeg huniig hench medehgui medehiig ch husdegui....baigaa onsongui ene niitlel...hohohohoho