ЭМШУИС-ийн
анагаахын ангийн нэгдмэл сургалтын хөтөлбөрт олон улсын шинжээчид
үнэлгээ хийлээ. Номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны
боловсролын холбооноос хийсэн уг үнэлгээний талаар тус сургуулийн
Боловсрол эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Д.Амарсайханаас
тодрууллаа.
-Олон улсын шинжээчдийн шалгалтад танай сургууль ямар дүн авав?
-Шинжээчид манай сургуульд ажиллаж, танилцаад бидний явуулдаг сургалтын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрснөө батламжиллаа. Ингэснээр ЭМШУИС-ийн анагаахын сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Олон улсын үнэлгээний нэгдүгээр шатанд сургууль өөрийн үнэлгээний тайлан гаргадаг. Харин хоёр дахь үнэлгээний тайланг бүсийн шинжээчид газар дээр нь ажиллаж баталгаажуулдаг юм.
-Номхон далайн баруун эргийн бүсээс хэчнээн шинжээч ирсэн бэ?
-Манай сургуулиас хүсэлт гаргасны дагуу үнэлгээний багийнхан ирсэн. Багт Америк, Австрали, Тайвань, Япон, Солонгос, Филиппин улс болон ДЭМБ-ын бүсийн төвөөс найман эрдэмтэн, профессор ирж долоо хоног ажиллалаа. Энэ ажлыг зохион байгуулахад БСШУЯ-наас анхаарал тавьсан. Анагаахын сургалтын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрнө гэдэг боловсролын шинэчлэл, сургалтын чанарт их дэвшил гарсныг харуулж байгаа хэрэг.
-“ЭМШУИС-ийн сургалтын чанар муудсан” гэх шүүмжлэл байдаг. Энэ шүүмжлэлд олон улсын шинжээчид хариулт өгчихөв үү?
-Энэ бол манай сургууль бүсдээ анагаахын сургалтыг чанартай явуулж байна гэсэн үнэлгээ. Шинжээчид бидний ажлыг шалгаад зөвлөмж өгсөн. Бид зөвлөмжийн дагуу ажиллах болно. Энэ бол манай багш, эрдэмтэн, профессоруудын хамтын ажиллагааны үр дүн юм.
-ЭМШУИС-д хэчнээн оюутан суралцаж байна вэ?
-11 мянган оюутан суралцдаг. Жилд 300 орчим оюутан төгсгөж байна гэв.
Э.ЭНХ