Монгол
улсын Засгийн газраас “ Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа
билээ. Хилийн чанадад суралцаж, ажиллаж байгаа монголчуудыг эх нутагтаа
ирж, их бүтээн байгуулалт хөгжлийн гараан дээр өөрсдийн хүчин зүтгэлээ
оруулахыг уриалсан хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл дэлхийгээр тархан нисэж
бал цуглуулсан “Зөгий”-нүүдээ үүрэндээ ирэхийг уриалж байгаа юм. Энэ
удаа 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд ХБНГУ-ын
Берлин хотноо “ Зөгийн үүр” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Европт
суралцаж, ажиллаж байгаа 200 гаруй монголчууд тус чуулганд хүрэлцэн
иржээ. УИХ болон Засгийн газрын гишүүд, Яам агентлагынхан тэдэнд хандан
төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.
Энэхүү уулзалтанд Монголын үндэсний томоохон 20 гаруй компаний хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож өөрсдийн компаний танилцуулга, давуу тал мөн хэрэгцээтэй байгаа боловсон хүчний талаархи бодит мэдээллүүдийг өгч байсан нь “Зөгийнүүдэд” том боломж олгосон үр дүнтэй чуулга уулзалт боллоо. Түүнчлэн энэ уулзалт нь УИХ болон Засгийн газрын гишүүд, Яам агентлагынхан гээд шийдвэр гаргах түвшний олон төлөөлөгчид ирсэн гэдэг утгаараа анхных болж байгаа бөгөөд энэ үеэр “Зөгийнүүд” эх орондоо нэвтрүүлж ашиглаж болох шинэ санаа, төслүүдээ танилцуулж харилцан санал бодлоо солилцож байсан юм. Монголд ажилгүйдэл их байна, гэхдээ ажлын байр бий.
Харамсалтай нь нарийн мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна гэх мэдээллийг тэдэнд өгсөн бөгөөд улсын хэмжээнд ямар ямар ажлын байр эрэлттэй байгааг чуулганы үеэр танилцуулж байсан. Тухайлбал, ЗТБХБЯ 22900, ХХААХҮЯ 11300,ЭБЭХЯ 12600, БОАЖЯ 3154, БСШУЯ 1599 ажлын байр тус тус шаардлагатай байгааг мэдээлж байв. Харин тэнд суралцаж ажиллаж байгаа ихэнх залуус монголд очоод найдвартай ажлын байр бий эсэхийг лавлаж, мөн цалингийн хэмжээг хамгийн их сонирхож байв. Түүнчлэн хүүхдүүдийнхээ боловсролд анхаараад нутаг руугаа буцаж чадахгүй байна, монголын боловсролын тогтолцоо хурдан стандартын түвшинд очоосой гэх саналыг хэлэх нэг нь ч бас байлаа. Ихэнх Монголчууд Европт гэр бүлтэй болж, хөгжилтэй орны хэмнэлээс гарахааргүйгээр дасан зохицжээ. Гэхдээ хөгжилд хувь нэмрээ оруулах олон санал байгааг тэд онцолж байлаа.
Берлин
хотноо зохиогдсон “Зөгийн үүр” чуулга уулзалтын хоёр дахь өдөр
хөдөлмөрийн бирж ажиллалаа. Дублины их сургуульд докторантаар сурч
байгаа гээд өндөр боловсрол эзэмшиж байгаа тэднээр эх орон нь
бахархахгүй байхын аргагүй. “Зөгийн үүр” хөтөлбөрийнхөн ч тэдний авьяас
чадвар мэдлэгийг Монголдоо шингээхийг зорьж байна. Энд цугласан 200
гаруй монголчууд эх орондоо ирж ажиллавал бид гадаадаас нарийн
мэргэжилтнүүдийг гуйхгүй байх боломж ч энд харагдаж байлаа. Хөдөлмөрийн
биржийн үеэр монголын 10 гаруй компаний төлөөлөл монголд шаардлагатай
байгаа ажлын байраа танилцуулж байсан.