Өнгөрсөн
бямба гаригт Монголын хөлбөмбөгийн супер цомын анхны тоглолт явагдлаа.
Анхдагчид нэрээ бичүүлэхийн төлөө лигийн шинэхэн аварга “FC
Ulaanbaatar”, “Боргио Кап”-ын түрүүт “Эрчим” багууд өрсөлдсөн юм. Тус
тоглолтод ялсан нь ирэх жилийн Азийн “President’s Cup” тэмцээнд эх орноо
төлөөлөн оролцох эрх авах болохоор хоёр баг тоглолтод өндөр ач
холбогдол өгч байлаа. Тухайлбал, “FC Ulaanbaatar”-чууд өөрсдийнх нь
түрүүнд чухал үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан Солонгосын хоёр легионерыг энэ
тоглолтод оролцуулахын тулд хугацааг нь сунган үлдээсэн юм. Мөн энэ
өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны 52 жилийн ой тохиосон.
Холбооныхон баярын өдрийг тохиолдуулан хөлбөмбөгийн спортын ахмад мастерууддаа энэхүү тоглолтыг үзүүллээ. “FC Ulaanbaatar” лигийн төгсгөлийг маш сайн хийж, анх удаа аварга болсон. Нэг ёсондоо сүүлийн үед сайн формтой байгаа. Тэгээд ч лигийн явцад тэд хоёр удаа уулзалдахад “FC Ulaanbaatar” хоёуланд нь хожсон болохоор тэдний ялах магадлал арай илүүд тооцогдож байв. Улмаар тоглолт эхлээд төдий л удалгүй төвийн хагас хамгаалагч А.Чинзориг гоол хийснээр “FC Ulaanbaatar” тэргүүлж эхэллээ. Гэсэн ч энэ гоолоос удалгүй “Эрчим”-ийн ахлагч Ц.Энхжаргал чөлөөт цохилтоос тооны харьцааг тэнцүүлэв.
Ийнхүү
нэгдүгээр үе 1:1-ээр тэнцэж өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн эхэнд
“Эрчим”-ийн хамгаалагч Б.Эрхэмбаяр булангаас дамжуулсан бөмбөгийг
оновчтой мөргөж, багтаа тэргүүллийг авчирлаа. Үүнээс хойш тооны харьцаа
өөрчлөгдсөнгүй. Лигийн аваргууд төгсгөл хэрд тоог тэнцүүлэх гэж хэрэндээ
оролдсон ч өрсөлдөгчийнхөө шигүү хамгаалалтыг сэтэлж чадаагүй. Уг нь
цаг дуусахаас өмнөхөн Ж.Цацрал гоол оруулсан ч түүнд дамжуулалт өгсөн
Серхат отон тоглолтод орсон тул тооцоогүй юм. Мөн “Эрчим”-ийн хаалгач
Б.Ариунболд айлын олон довтолгоон няцааж, үүргээ сайн биелүүлснийг
дурдах хэрэгтэй. Ийнхүү Монголын хамгийн арвин амжилттай “Эрчим” клуб
супер цомын анхны тэмцээнд ялалт байгуулж, улсаа төлөөлөн “President’s
Cup”-т оролцохоор боллоо.
Азийн хөлбөмбөгийн холбооноос тэдний тэмцээнд оролцох замын зардалд зориулж 15 мянган ам.доллар өгөх юм. Одоо “Эрчим” багаа “President’s Cup”-т амжилттай оролцоосой гэж хүлээх л үлдэж байна. Дашрамд сонирхуулахад 2012 оны “President’s Cup” тавдугаар сарын 3-нд эхлэх бөгөөд хэсгийн тоглолт 13-нд өндөрлөх юм. Нийт дөрвөн багтай гурван хэсгээс шалгарсан шилдэг зургаа нь дараагийн шатанд мөн хоёр группт хуваагдан өрсөлдөнө. Улмаар группээ тэргүүлсэн нь хоорондоо аваргын төлөө тоглох аж. Энэ тэмцээн өнгөрсөн жил Тайваньд явагдахад нутгийн “Taiwan Power Company” баг Камбожийн “Phnom Penh Crown”-ыг 3:2-оор хожин түрүүлж байв.
Б.Энхжин